Б.Ариун
Саяхан болсон АНУ-ын Конгрессын Хуралдаанаар ТИКТОК апп-ийг тус улсад хориглох талаар хэлэлцлээ. Дэлхий нийтэд хамгийн олон хэрэглэгчтэй утасны апп-уудын нэг болох ТИКТОК (TikTok) нь БНХАУ-ын Байтданс (Bytedance) компанийн гадаадын зах зээлд зориулан гаргасан бүтээгдэхүүн – үйлчилгээ бөгөөд 2024 оны байдлаар нийт хэрэглэгчдийн тоо багадаа 2 тэрбумд хүрсэн гэсэн албан бус мэдээлэл байдаг. Хэрэглэгчийн нууцлалыг БНХАУ-ын тагнуулын болон цагдаагийн байгууллагад тараадаг гэсэн үндэслэлээр АНУ-ын эрх баригчид уг апп-ийг хаах, АНУ-д ашиглахыг хориглох, эсхүл тус компанийг АНУ-д харьяалалтай болгох зэрэг эрх зүйн арга хэмжээ авахаар хэлэлцэж байна. ТИКТОК нь АНУ-д 170 сая хэрэглэгчтэй бөгөөд, хэрэглэгчдийн дийлэнх нь залуучууд байгаа нь БНХАУ-ын тагнуулын болон төрийн тусгай байгууллагаас тус улсын сонгуульд нөлөө үзүүлэх боломж бүрдүүлсэн тухай CNN мэдээлжээ.
Насны хязгааргүйгээр нэвтрэн хэрэглэх боломжтой энэхүү АПП нь дэлхийн 160 оронд ашиглагдаж байгаа хэдий ч БНХАУ-ын дотоодод ашиглах боломжгүй байна. Уг аппийн үндсэн эзэмшигч болох Байтданс компани Хятадын дотоодын хэрэглэгчдэд зориулсан ДоүИн /Douyin/ гэх апп-аар үйлчилгээ үзүүлдэг бөгөөд дэлхийн бусад улсад үйл ажиллагаа явуулдаг ТИКТОК апп-с олон талаар ялгаатай төдийгүй зарим үйлчилгээний нөхцөл нь дотооддоо хаалттай байдаг. Тус компани нь Бээжин Хотын, Хайдан Дүүргийн Данлин Гудамжны №1 гэсэн хаягтай тусгай хамгаалалт бүхий барилгад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тухайн компанийн сервер, орон тоо, үйл ажиллагаа явуулдаг барилгын бүтэц зохион байгуулалт, хэмжээ гэх мэт мэдээллийг БНХАУ-ын хуулийн дагуу хатуу нууцлалдаг. Үүнтэй харьцуулахад олон улсад үйл ажиллагаа явуулдаг ижил төстэй АПП-уудыг гаргадаг толгой компанийн тухай тодорхой мэдээллийг нээлтэй олж болдог билээ.
ТИКТОК-ийн АНУ-д хэрэглэхийг хориглох тухай хуулийн хэлэлцүүлэгтэй холбоотой Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдэгдэл гаргасан нь сонирхол татаж байна. Гадаад хэргийн яамны төлөөлөгч Ван Вэнбин АНУ-ыг чөлөөт зах зээлийн хэвийн хэв хэмжээг зөрчсөн, “дээрэлхсэн” хэв маягтай үйлдэл гаргаж байна хэмээн буруутгаж байна. Гэсэн хэдий ч БНХАУ-ын дотооддоо гаднын нийгмийн сүлжээний болон барууны олон нийтийн мэдээллийн Facebook, Google, Twitter, Instagram, Spoty гэх мэт цахим үйлчилгээг 2009 оноос хойш одоог хүртэл хаасаар байгаа билээ. 2022 оны байдлаар Хятадын Засгийн газар багадаа 561 түгээмэл апп-ууд УЛС ТӨР, НИЙГМИЙН ШАЛТГААНААР тус улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулахыг бүрэн хориглосон. Үүгээр БНХАУ-ын хувьд цахим орчин өндөр хяналттай байгаа нь харагдана.
Монгол Улсын хувьд цахим орчны хэрэглээнд хатуу хяналт тавьдаггүй нь гаднын зохион байгуулалттай улс төр, нийгмийн шинжтэй нөлөөлд автах эрсдэлийг бий болгоод буй. Үүнээс гадна, сүүлийн таван жилд буюу 2019 – 2024 онд цахим гэмт хэргийн тоо 34% өссөн үзүүлэлт харагдаж байгаа. Хуулийн хүрээнд олон нийтийн сүлжээг ашиглах, үүнтэй холбоотой эрх зүйн зохицуулалт Монгол Улсад байдаг хэдий ч нийгмийн сүлжээг ашиглан нөлөөлөл явуулах үйл ажиллагаанд хяналт тавих, зохион байгуулж санхүүгийн дэмжлэг үзүүлэгчдийн цаад эзэд нь Монгол Улсын эрх ашиг, аюулгүй байдал хэрхэн уршиг тарьж болох эрсдэлийг судлах цаг ирээд байна.


Leave a comment