Ройтерс агентлагийн мэдээлснээр Йемений Хути босогчдын удирдагч Абдул Малик Аль-Хоути 3 дугаар сарын 14-ний өдөр телевизээр хэлсэн үгэндээ Хути босогчид цаашид Энэтхэгийн далайгаар дамжин Өмнөд Африкийн Сайн Итгэлт хошуу руу явах Израилтай холбоотой хөлөг онгоцнууд руу чиглэсэн цэргийн ажиллагаа явуулж эхлэхээ мэдэгджээ.

Үүнээс гадна, Хути босогчид шинэ хэт авианы пуужин туршсан тухай Оросын төрийн мэдээллийн РИА Новости агентлаг мэдээлсэн. Энэ нь үнэн бол Хути босогчид сүүлийн үеийн агаарын довтолгооноос хамгаалах системийг нэвтлэх чадавхаа эрс сайжруулах юм. Тус бүлэглэl нь Иран Улсаас баллистик пуужингууд авсан гэх мэдээлэл байгаа болов ч Ираны зүгээс зэвсэг нийлүүлсэн гэдгээ үгүйсгэж буй. АНУ-ын цэргийн хүчин Йемен рүү чиглэсэн Ираны пуужингийн эд ангийн тээвэрлэлтийг удаа дараа таслан зогсоож байсан болно. Олон улсын стратеги судалгааны хүрээлэнгийн пуужингийн мэргэжилтэн, судлаач Фабиан Хинз Иран Хути босогчдод хэт авианы пуужин нийлүүлсэн байхыг үгүйсгэхгүй хэмээн мэдэгдсэн. Гэсэн хэдий ч Хути босогчид эргээс хол явж байгаа хүлэг онгоц руу халдлага хийх чадавхтай эсэх нь эргэлзээтэй юм.

Йемений Хути босогчид 3 дугаар сарын 17-ны өдрийн үүрээр Адены буланд усан онгоцны дэргэд тэсрэх бөмбөг дэлбэлсэн халдлага үйлдсэн. Хути бүлэглэл тус халдлагыг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч мэдэгдэл хараахан хийгээгүй байна. Их Британийн Далайн худалдааны үйл ажиллагааны төвөөс хөлөг онгоцны багийнхан Аден хотын эргийн ойролцоо хөлөг онгоц явж байх үед дэлбэрэлт болохыг харсан, хөлөг онгоцонд ямар нэгэн гэмтэл, хохирол гараагүй хэмээн мэдэгдсэн байна.

Йемений Хути босогчид 11 дүгээр сараас хойш Улаан тэнгис болон Адены булан дахь худалдааны хөлөг онгоцнууд руу 40 гаруй халдлага үйлдээд буй бөгөөд үүнээс үүдэн Улаан тэнгис – Суэцийн сувгийг чиглэлийн хөлөг онгоцны хөдөлгөөний бараг тал хувь нь халдлагад өртөхөөс зайлсхийж Африкийн өмнөд хязгаарыг тойрч тээвэрлэлт хийж байна.

Leave a comment