АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Японы Ерөнхий сайд Фумио Кишида, Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Маркос нарыг ирэх сард Вашингтонд хүлээн авч гурван талт дээд хэмжээний уулзалт хийх тухай Цагаан ордон мэдэгдэв.
Япон, Филиппин Улстай хийх анхны гурван талт дээд хэмжээний уулзалтыг 4 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулах бөгөөд уулзалтаар талууд эдийн засгийн хүртээмжтэй өсөлт, шинээр гарч ирж буй технологи, цэвэр эрчим хүч ханган нийлүүлэх сүлжээ болон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг асуудалд анхаарлаа хандуулах аж. Мөн Энэтхэг – Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын асуудал хэлэлцэх асуудлын тэргүүнд тавигдах төлөвтэй байна.
Энэхүү дээд хэмжээний уулзалт Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай бүсэд Хятад, Филиппиний хөлөг онгоцнууд мөргөлдсөн явдал гарч, хоёр улс газар нутгийн маргаантай байгаа үед зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Зөвхөн Өмнөд Хятадын тэнгис гэлтгүй Тайвань руу ойртож буй Бээжингийн цэргийн ажиллагаанд санаа зовниж буй Токио, Вашингтон хоёр Манилатай батлан хамгаалахын салбарт илүү нягт харилцаа тогтоох, аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг эрмэлзэж байна.
Вашингтон улам бүр түрэмгийлэх бодлого явуулж байгаа Хятадыг тэнцвэржүүлэхийн тулд Токио, Манила зэрэг бүс нутгийн холбоотнуудтайгаа харилцаагаа сайжруулах хүчин чармайлтаа нэмэгдүүлсээр байна. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден Хятадын эсрэг эвслээ бэхжүүлэх зорилгоор гурван талт дээд хэмжээний уулзалтын форматыг илүү ашиглах байдал ажиглагдаж буй бөгөөд тэрбээр 2023 оны 8 дугаар сард Японы Ерөнхий сайд Ф.Кишида, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль нарыг Кэмп-Дэвид дэх өргөөндөө хүлээн авч, хоёр холбоотноо ойртуулах зорилготой уулзалт зохион байгуулсан.
АНУ, Япон, Филиппин гурав Өмнөд Хятадын тэнгист хамтарсан эргүүл хийсэн нь гурван талын аюулгүй байдлын тогтолцоог албан ёсоор бий болгох алхам гэж харж болно. Япон, Филиппин хоёр улс 2023 оны 11 дүгээр сард Кишидагийн айлчлалын үеэр бие биеийнхээ нутаг дэвсгэрт цэргээ байршуулах боломжийг нээх батлан хамгаалах гэрээ байгуулах хэлэлцээрийг эхлүүлэх тухай дурдаж байсан бөгөөд талууд энэ ондоо багтаан хэлэлцээрийг эцэслэн байгуулна гэсэн хүлээлттэй байна.
Гурван талт уулзалтын өмнө Ерөнхий сайд Фумио Кишида 4 дүгээр сарын 10-ны өдөр Вашингтонд төрийн айлчлал хийнэ. Кишида, Байден нар энэ үеэр Японы усан онгоцны үйлдвэрүүдэд АНУ-ын Тэнгисийн цэргийн флотын байлдааны хөлөг онгоцнуудыг засварлах, засвар үйлчилгээ хийх хэлэлцээрийг урагшлуулж магадгүй. Үүнээс гадна, Дональд Трамп дахин АНУ-ын Ерөнхийлөгч болох магадлал Токиог сандаргах нь ойлгомжтой.


Leave a comment