БНАСАУ-ын Солонгосын хөдөлмөрийн намын Төв хорооны Олон улстай харилцах газрын дарга Ким Сун Нам тэргүүтэй төлөөлөгчид 2024 оны 3-р сарын 21-ний өдөр Бээжин хотод айлчлав. БНАСАУ-ын төлөөлөгчид БХУТЗЗ-ийн дарга Ван Хунин, ХКН-ын Нарийн бичгийн дарга нарын газрын дарга Цай Чи зэрэг Хятадын дөрөв, тавдугаарт эрэмбэлэгдэх өндөр албан тушаалтнуудтай уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр хэлэлцээ хийжээ.
Энэ жил БНАСАУ, БНХАУ-ын дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож буй тул талууд энэ жилийг Хятад-Умард Солонгосын найрамдлын жил болгон зарлан, стратегийн харилцааг гүнзгийрүүлэхээр тохиролцсон байна.
БНАСАУ-ын төлөөлөгчид үргэлжлүүлэн Вьетнам, Лаос улсуудад айлчилж байна. БНАСАУ дахь цар тахлын хязгаарлалт буурч, сүүлийн үед гадаад улсын зарим дипломатуудыг хилээр нэвтрүүлэх, БНХАУ, ОХУ-тай хийх худалдаа, барааны эргэлтийг хэвийн байдалд оруулах чиглэлээр шат дараалсан арга хэмжээ авч эхлээд байгаа юм. Энэ хүрээнд БНАСАУ-ын гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа хэвийн байдалд оруулах хүчин чармайлт идэвхжиж эхэллээ.
Түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен БНСУ-д айлчилж Ардчиллын дээд хэмжээний гуравдугаар уулзалтад оролцон Ерөнхийлөгч Юн Сок Ёл-той уулзсан, БНСУ-АНУ-ын жил бүрийн цэргийн сургуулилалт хийгдсэн зэрэг сүүлийн өдрүүдэд өрнөсөн үйл явдлуудтай холбоотойгоор Умард Солонгос 3-р сарын 18-ны өдөр баллистик пуужин харвасан.
Эдгээрийн зэрэгцээ өнгөрөгч 2-р сарын 14-ний өдөр Бүгд Найрамдах Куб Улс Өмнөд Солонгостой 1959 онд тасалсан дипломат харилцаагаа сэргээх болсноо зарласан юм.
Ийнхүү бүс нутгийн цэрэг, улс төрийн нөхцөл байдал, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор Умард Солонгосын зэвсгийн туршилт, үүнд чиглэсэн гадаад бодлого, үйл ажиллагаа нь эрчимжих төлөвтэй байна. Ялангуяа Лаост энэ жил АСЕАН-ы Бүс нутгийн форум (ARF) болох тул Умард Солонгосын тал тус форумд төлөөлөгчөө илгээж магадгүй бөгөөд цаашид АСЕАН-аар дамжуулан улс орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлэхийг зорьж байх магадлалтай.


Leave a comment