Б.Ариун
2024 онд ирэх онуудын чиг хандлагыг тодорхойлох томоохон сонгууль манай улсад болох гэж байна. Ардчилал Монголд ирснээс хойш гучин жилийн дараах энэхүү сонгууль нь өмнө болж байсан сонгуулиудаас олон талаараа онцлогтой:
- Сонгуулийн бүтэц, арга барил 1990 оны ардчилсан сонгуулиас илүү нарийн боловсронгуй болсон.
- Эрх барих байгууллагын бүтцэд мажоритар ба пропорциональ буюу 78+48 гэсэн томоохон өөрчлөлт хийсэн.
- Хойд хөрш ОХУ нь өөрийн хөрш зэргэлдээх Украйн улстай дайн эхлүүлсэн.
- Урд хөрш БНХАУ-ын эдийн засаг байдал хүндрэлтэй байгаа.
- АНУ болон барууны орнуудын улс төр, эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдсөн.
Дээрх хүчин зүйлүүд Монголын 2024 оны сонгуульд голлох нөлөө үзүүлэхээр байна. Олон улсын тулгамдсан асуудлуудад хандаж буй Монгол Улсын байр суурь, дотоодын улс төрийн байдал болон нийгмийн хандлагыг авч үзвэл манай оронд барууны улс төрийн нөлөө мэдэгдэхүйц багассан мэт. Харамсалтай нь улс төрийн соёл, төлөвшилт тогтож амжаагүй байсан Монголын нийгмийн орон зайд барууны нөлөө багасмагц, урд болон хойд хөршийн нөлөөлөл түлхүү орж ирэх нь лавтай.
Мэдээж гаднын ил ба далд нөлөөлөл Монголд байсан, цаашид байсаар ч байх болно. Зарим мэдээллийн их сурвалжууд Оросын тагнуулын болон төрийн тусгай байгууллагууд Балгар, Македони, Чех, Украйн, АНУ болон Африкийн зарим улсуудын сонгуулийн үйл явцад нөлөөлж улмаар өөрсдийн эрх ашгийн төлөөлөл, эсхүл шууд нөлөөлөл бүхий эрх баригчдыг ялуулах, зарим тохиолдол төрийн эрх барих байгууллагуудын чиг хандлага, хуул тогтоомжид хүртэл нөлөөлдөг гэжээ.
Харин БНХАУ-ын хувьд хойд хөрштэй харьцуулахад зөөлөн нөлөөллийн аргаар хөрш орнуудынхаа болон стратегийн чухал газруудын улс төрд оролцдог ажээ. Жишээ нь, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Хятадын байгууллагууд Африкийн болон Зүүн өмнөд Азийн орнуудын мэдээллийн сувгуудад нөлөөлж буйг дурдаад, Хятадын талаас зохион байгуулалттай худал мэдээлэл цацах, олон нийтийн сүлжээнд нийгмийг талцуулсан маргаан үүсгэх гэх мэтээр дэлхийн сонгуулийн үйл явцад нөлөөлж болохыг анхааруулжээ.
Үүнээс гадна, нийгмийн сүлжээний томоохон байгууллага болох Facebook – Мета БНХАУ болон ОХУ-с зохион байгуулалттай нийгмийг хамарсан үйл ажиллагаа 2024 онд хийх хандлагатай байгааг анхааруулж байна. Тус компанийн мэдээлснээр Хятадын олон талт ухуулгын хуудаснууд үнэлэхүйц хэмжээний дагагчидтай болсон төдийгүй 2020 онтой харьцуулахад хуурамч хаяг болон мэдээллийн сэдвийн тоо, арга барил мэдэгдэхүйц өссөн байна. ОХУ-ын хувьд нийгмийн сүлжээгээр дамжуулан Англи, Герман, Франц, Итали, Украйн зэрэг орнуудыг чиглэсэн мэдээллийн компанит ажлыг 60 гаруй байгууллагаар дамжуулан хийж байсан нь тогтоогджээ. Эдгээр нь зөвхөн олон нийтэд ил болсон баримтууд бөгөөд үүнээс бусад илрээгүй, илүү нарийн зохион байгуулалттай төлөвлөгөөт ажлууд явагдаж байгааг үгүйсгэх аргагүй.
Жишээ нь, энэ сард гэхэд БНХАУ-ын “iSoon” компанийн 570 гаруй баримт цахим орчинд задарсан ба Хятадын аюулаас хамгаалах, кибер тагнуулын ажиллагаа нь цахим хэлбэрт үр дүнтэй явагдаж буйг харуулсан. Хятадын хакерууд Төв болон Зүүн өмнөд Ази, Европын орнуудын хууль хяналтын байгууллага, аж ахуйн нэгж, дэд бүтцүүд рүү довтолж хэрэглэгчийн мэдээлэл, системийн нууц үг, тухайлсан компьютерын файлуудыг бүрэн хуулдаг байсан нь ил болсон баримтуудаас харагдсан. Уг довтолгоо нь Монгол Улсын хэд хэдэн яам, мөн Цагдаагийн ерөнхий газар, УИХ болон “Скайтел” компанийн дотоод сүлжээнд халдсан байсан тухай бид өмнө нь мэдээлж байсан.
Дээрх мэдээллүүдээс үзэхэд Монгол Улсын хувьд сонгуулийн жил ойртсонтой холбоотой гаднаас хөндлөнгийн оролцоо тасрахгүй байх төлөвтэй байна. Гаднын орнууд дипломат шугамаар эсвэл эдийн засгийн дарамт шахалт үзүүлэх гэхээсээ илүү хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд нөлөөллийн үйл ажиллагаа явуулах, кибер халдлага хийх илүү магадлалтай юм. Манай хоёр хөрш сонгуулийн үр дүнг өөртөө ашигтайгаар эргүүлэхээр оролдох нь ойлгомжтой бөгөөд тус хоёр улсын суртал ухуулгын арга техник, чадавх жилээр жилд өргөжин хөгжсөөр байна.


Leave a comment