Photo: NOORULLAH SHIRZADA/AFP/Getty Images

Э.Эрдэнэ-Очир

Өмнөд Ази, Төв Ази дахь террорист бүлэглэлүүдийн үйл ажиллагаа идэвхжиж, улмаар БНХАУ, ОХУ, тэдгээрийн хөрш зэргэлдээ улс орнууд халдлагад өртөх эрсдэл нэмэгдэв.

Одоогийн байдлаар олон улсад дараах 5 террорист бүлэглэл хамгийн хүчтэй, идэвхтэйд тооцогдож байна:

1.     Ирак, Сирийн Исламын Улс бүлэглэл – Төв Ази, Өмнөд Ази, Ойрхи Дорнод, Европ, Африк

2.     Аль Кайда – Ойрхи Дорнод, Өмнөд Ази, Африк

3.     Талибан – Афганистан, Төв Ази

4.     Боко Харам – Нигери, Африк

5.     Аль-Шабааб – Сомали, Зүүн Африк

Эдгээрээс Исламын Улс бүлэглэл нь хамгийн идэвхтэй, хүч нөлөөтэй, нэн ялангуяа тус бүлэглэлийн Афганистан дахь салбар (ISIS-K) нь Ирак, Сирийн дайны үед бэлтгэгдсэн хүмүүстэй, зэвсэглэл сайтай. Энэ бүлэглэлийн хамгийн том дайсан нь АНУ, харин Төв Ази болон Өмнөд Ази бол үйл ажиллагааны гол талбар нь, Европ, Азийн орнууд дахь исламын шашинтнууд, нэн ялангуяа Афганистан, Пакистан болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Төв Азийн улс орнуудын иргэдийг ашиглан халдлага үйлдэх зорилго, эрсдэлтэй аж. Одоогоор Афганистан, Иран, Орост томоохон хэмжээний террорист халдлага үйлдээд байгаагаа зарласан.

Москва хотын Крокуст 3-р сарын 22-нд болсон халдлага, Пакистанд 3-р сарын 21-ний өдөр хятад ажилчдын автомашины цуваанд халдсан амиа золиослогчийн дэлбэрэлт зэрэг нь Төв Ази дахь террорист бүлэглэлүүдийн үйл ажиллагаа идэвхэжсэний нэг илрэл.

Иймд АНУ, ОХУ, БНХАУ-ын зүгээс цаашид тус бүс нутагт дахин халдлага гарч болзошгүйг өөрийн иргэд, байгууллагуудад анхааруулж байна.

Эндээс үзэхэд Казахстан, Хятадын Шинжаан Уйгур зэрэг ойролцоо бүс нутаг дахь ард иргэд ISIS-K-ийн үйл ажиллагаанд өртөх эрсдэлтэй юм.

Эдгээр бүс нутаг, улс орнууд дахь манай улсын иргэд, зорчигчид ч халдлагад дам байдлаар өртөхийг үгүйсгэхгүй.

Эх сурвалж: Vision of Humanity 2023 Global Terrorism Index, Intelnews.org, Wilson Center.

Leave a comment