Японы Засгийн газар батлан хамгаалахын экспортын удирдамждаа өөрчлөлт оруулан хязгаарлалтаа сулруулж, Их Британи, Итали Улстай хамтран хөгжүүлж буй шинэ үеийн тийрэлтэт сөнөөгч онгоцнуудаа бусад оронд худалдахаар болов.

Ийнхүү Токио Дэлхийн II дайнаас хойших энх тайвныг эрхэмлэгч өөрийгөө хамгаалах аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зарчмаасаа хазайж Лондон, Ромтой хамтран АНУ-ын зохион бүтээсэн F-2 сөнөөгч онгоцнууд болон Их Британи, Италийн цэргийнхэн ашигладаг ‘Eurofighter typhoons’ хуучин онгоцнуудыг сольж дэвшилтэт тийрэлтэт сөнөөгч онгоц бүтээх хамтарсан “Глобал байлдааны агаарын хөтөлбөр” (GCAP)-ийг ямар нэгэн саад бэрхшээлгүй хэрэгжүүлэх боломжтой боллоо.

Японы Засгийн газрын 3 дугаар сарын 26-ны хуралдаанаар гаргасан энэхүү шийдвэр нь зөвхөн GCAP хөтөлбөрийн хүрээнд хөгжүүлж буй тийрэлтэт сөнөөгч онгоцны экспортод хамаарах бөгөөд Токиотой батлан хамгаалахын түншлэл, тоног төхөөрөмж шилжүүлэх гэрээтэй 15 улс руу экспортлох боломжтой, ингэхдээ зэвсэгт мөргөлдөөнд оролцож буй улс орнууд руу экспортлохыг хориглоно гэжээ. Шинэ үеийн тийрэлтэт сөнөөгч онгоц нь 11 жилийн дараа буюу 2035 онд ашиглалтад орно.

Батлан хамгаалахын экспортод тавьсан хязгаарлалтаа сулруулснаар шинэ тийрэлтэт сөнөөгч онгоц бүтээх хөтөлбөр дэх үүрэг оролцоогоо нэмэгдүүлэхийн сацуу дотоодын зэвсгийн үйлдвэрлэлээ өргөжүүлнэ хэмээн Японы эрх баригчид үзэж байна. Цаашлаад бүс нутгийн хурцадмал байдал нэмэгдэж байгаа энэ үед дэвшилтэт сөнөөгч онгоц нь тус улсын батлан хамгаалах чадавхыг бэхжүүлж, Хятад, Оросын эсрэг технологийн давуу тал олгоно гэж тооцоолж буй бололтой.

Японы Ерөнхий сайд Фүмио Кишида парламентад энэ шийдвэрээ танилцуулахдаа сөнөөгч онгоцны экспортыг зөвшөөрөх нь Японд аюулгүй байдлын таатай орчин бүрдүүлэхийн зэрэгцээ Токиогийн батлан хамгаалах экспортын үйлдвэрлэлийн нэр хүндийг өсгөнө хэмээн мэдэгдсэн. Сүүлийн үеийн олон нийтийн санал асуулгаар сөнөөгч онгоц экспортлох асуудал дээр Японы ард иргэд хоёр хуваагдсан байдалтай байна.

Үүнээс гадна, Японы Ерөнхий сайд Фүмио Кишида 4 дүгээр сарын 10-нд АНУ-д төрийн айлчлал хийж Ерөнхийлөгч Жо Байдентай дээд хэмжээний уулзалт хийх ба уулзалтаар талууд Япон дахь АНУ-ын цэргийн командлалын бүтцийг өөрчлөх төлөвлөгөөг танилцуулах төлөвтэй байна. Хоёр улс Хятадын өсөн нэмэгдэж буй түрэмгийлэл, аюул заналын эсрэг аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг хүсэж буй бөгөөд уг төлөвлөгөөний дагуу Хавайд байрлах Америкийн Энэтхэг – Номхон далайн цэргийн командлалаар дамжих шаардлагагүй болгож оронд нь Японд байнгын ажиллагаатай Америк – Японы хамтарсан багийг байгуулж магадгүй байна.

Америкийн батлан хамгаалахын мэргэжилтнүүд цэргийн командлалын бүтэц, үйл ажиллагаанд өөрчлөлт оруулахад дэд бүтэц, зохион байгуулалт, удирдлага, нөөц зэрэгтэй холбоотой олон асуудлууд тулгарна хэмээжээ. Мөн ирэх онд Японы Өөрийгөө хамгаалах хүчин салбар хоорондын уялдаа холбоогоо сайжруулах зорилгоор “Хамтарсан ажиллагааны командлал”-ыг байгуулахаа зарласан.

Наха нисэх онгоцны буудал
Наха нисэх онгоцны буудал

Эцэст нь, Токио өөрсдийн батлан хамгаалахын чадавхыг бэхжүүлэхийн тулд 5 нисэх онгоцны буудал, 11 далайн боомтын дэд бүтцийг цэргийн хүчин, эргийн хамгаалалтын албанд ашиглуулах зорилгоор шинэчлэн сайжруулахаар төлөвлөж байгаагаа 3 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдсэн. Тодруулбал, уг ажлын хүрээнд нисэх онгоцны буудлуудын онгоц хөөрөх буух зурвасыг уртасгаж сөнөөгч онгоц, тээврийн нисэх онгоц буух боломжтой болгох, боомтуудад пуужин устгагч хөлөг онгоц болон бусад том хөлөг онгоцнуудыг байрлуулах боломжтой усан онгоцны зогсоол барих аж. Дээрх төлөвлөгөөг ойрын хугацаанд Японы холбогдох сайд нарын хурлаар батлуулж ирэх жилийн санхүүгийн жилийн төсөвт тусгахаар төлөвлөж байгаа ба эхний жилдээ 35 тэрбум иен буюу 230 сая ам.доллар төсөвлөх төлөвтэй байна.

Хятадын өсөн нэмэгдэж буй батлан хамгаалах хүчин чадал, Японы ойролцоо хийх болсон Хятад, Оросын хамтарсан цэргийн сургуулилт, Зүүн болон Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаантай байдал зэрэг сорилтуудын эсрэг Токио зэвсгийн экспортод тавьсан хязгаарлалтуудаа сулруулж, Өөрийгөө хамгаалах хүчний чадавхыг нэмэгдүүлэхэд анхаарч байна.

Японы зүгээс авч хэрэгжүүлж буй дээрх арга хэмжээнүүд нь Хятадын Ази, Номхон далайн бүс нутагт дахь цэрэг, улс төрийн нөлөөг тогтоон барихад чиглэсэн арга хэмжээ бөгөөд Токио батлан хамгаалах бодлогоо стратегийн хувьд дахин тохируулж Австрали, АНУ, Их Британийн AUKUS зэрэг холбоотон, бүс нутгийн түншлэлд үүрэг оролцоогоо нэмэгдүүлэх, илүү нягт түншлэл бий болгох бодлого явуулж байна гэж үзнэ.

Токио Зүүн Ази, тус улсын эргэн тойронд зэвсэгт мөргөлдөөн гарах эрсдэл бага гэж санаа амар суулгүйгээр өөрсдийн эрх ашиг, аюулгүй байдлаа хангаж шаардлагатай арга хэмжээнүүдийг авч байна. Удахгүй Японыг дагаад Ази, Номхон далайн бусад орнууд дор бүрнээ арга хэмжээ авч эхлэх нь ойлгомжтой, энэ нь Вашингтоны бүс нутаг дахь стратегийн ашиг сонирхолд бүрэн нийцэж байгаа юм.

Эх сурвалж: Financial Times, The Diplomat, Associated Press, Japan Times.

One response to “Токио геополитикийн нөхцөл байдлыг мэдэрч батлан хамгаалах бодлогоо шинэчилж байна”

  1. Төмөр Avatar
    Төмөр

    Сайн байна уу? Холбоотон, түншлэл, хамтын ажиллагаатай орон энээ тэрээ юугаараа ялгаатай юм болоо. Эдгээрийн ялгааг хэлж өгч туслана уу? (Alliance, partner, friendship, partnership) Баярлалаа

    Like

Leave a comment