Ойрх дорнодын бүс нутагт үүссэн хурцадмал нөхцөл байдалтай холбогдуулан Америк-Израилын үл ойлголцол буюу далд тэмцэл олон нийтийн хэрэгслээр ихээр гарч эхэллээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Израил-Хамасын хурцадмал байдал эхэлснээс хойш бүс нутагт 6 дахь удаагийн айлчлалын үр дүнд Израилын талд цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах нь урт хугацаандаа дэлхийгээс тусгаарлагдах, аюулгүй байдалд нь ноцтой хохирол учрах эрсдэлтэйг анхааруулсан аж. Харин Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху дээрх анхааруулгыг эрс буруутгаж, шаардлагатай гэж үзвэл Рафа хот руу явуулах цэргийн ажиллагааг бие даан хийхээ мэдэгдэв.

Үүний хариуд АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харрис АНУ-ын анхааруулгыг 2 дахин бууруулж, Палестины сая гаруй иргэн амьдарч буй Рафа хот руу дайрах төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь хэтдээ “үр дагавар” авчирна гэдгийг онцлон дурдсан. АНУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль дөхөж буйтай холбогдуулан Газын зурвасын асуудалд эрх баригчдын дунд мэтгэлцээний гол асуудлын нэг байна.

6 сар гаруй үргэлжилж буй Израил-Хамасын хурцадмал байдалд Америк, Израил аль аль нь стратегийн асуудлуудад хариулт өгөхөөс татгалзсаар байгаа юм. Үүнд:

1. “Хамас” бүлэглэлийг хэрхэн ялснаа яаж тодорхойлох вэ? Сүүлийн саруудад Америк, Израилын улс төр энэхүү асуулт мэтгэлцээний гол сэдэв байсан. Талууд аюулгүй байдалд нь заналхийлж буй “Хамас” бүлэглэлийг устгах асуудалд санал нэгдсэн ч хэрхэн, яаж хүрэх тухайгаа аль ч тал нь албан ёсоор мэдэгдээгүй. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Хамас” бүлэглэлийн дайчдын тал орчим хувь нь амь үрэгдсэн, эсхүл шархадсан гэж үзэж байгаа ч өнөөг хүртэл зэр зэвсгийн хэмжээ, хэдэн зуун километр үргэлжлэх газар доорх туннел, түүний дэд бүтэц, сүлжээтэй хэрхэн тэмцэх нь тодорхойгүй байсаар байна.

2. Газын зурваст нэмэгдэж буй хүмүүнлэгийн хямралыг хэрхэн шийдвэрлэх вэ? Үүсээд буй хурцадмал байдал, цэргийн тусгай ажиллагааны хүрээнд иргэдийн дунд өлсгөлөн, эмх замбараагүй байдал нэмэгдэж байна. Байдены засаг захиргаанаас Израилын талыг шүүмжилж буй асуудлуудыг нэг бол Газын зурвас дахь хүмүүнлэгийн хямрал юм. Гэсэн хэдий ч сая гаруй иргэн амьдарч буй Рафа хот руу явуулахаар төлөвлөж буй цэргийн ажиллагаа нь олон улсын анхаарлын төвд орж, гуравдагч орнуудын (Катар, Египет, Франц) зуучлалаар талуудын хооронд гал зогсоох хэлэлцээр байгуулахад сөрөг үр дагаврыг авчирна.

3. Израил-Палестины хурцадмал байдал дуусахад гарах улс төрийн шийдэл юу вэ? Энэхүү асуултад Америк, Израил олон жилийн турш хариулт өгөхөөс татгалзсаар ирсэн. Саяхан Байдены засаг захиргаанаас дээрх асуудлыг шийдэхэд урт хугацааны улс төрийн шийдлийг дахин санал болгосон ч Израилын талаас үгүйсгээд байгаа билээ. Түүхэн талаасаа энэ мэтчилэн бодит, прагматик зорилгоо бүрэн тодорхойлж чадаагүй цэргийн ажиллагаа нь эцэстээ урт хугацааны, зардал ихтэй хямралт байдал хүргэдэг тул Израил-Хамасын хурцадмал байдал нь хэтдээ бүс нутгийн аюулгүй байдалд шууд нөлөөлөх эрсдэлтэй байна.

Эх сурвалж: BBC, Reuters, The Guardian, The Hill.

Leave a comment