Э.Эрдэнэ-Очир

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчоо энэ оны 3-р сарын 29-ний өдөр хуралдаж, хурлыг тус намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпин даргалав. Хурлаар 2022 оны 10-р сараас хойш төрийн өмчит компаниуд (ТӨК)-ад хийсэн сахилга бат, авлига, албан тушаалын хэрэг, зөрчлийг хянан шалгасан цуврал шалгалтын үр дүнг хэлэлцсэн байна. 

Ийнхүү Хятадын нам, төрийн удирдлага төрийн өмчит компаниудад анхаарч, холбогдох асуудлыг онцгойлон хэлэлцсэнтэй холбогдуулан ойрын хугацаанд төрийн өмчид тавих хяналтыг сайжруулах, энэ зорилгоор бодлого стратеги гаргах, мөн ТӨК-иудын удирдлагад өөрчлөлт, халаа сэлгээ хийгдэх төлөвтэй гэж ажиглагчид таамаглаж байна.

Учир нь Хятадын ТӨК-иуд эрчим хүч, дэд бүтэц зэрэг эдийн засгийн голлох салбаруудад зах зээлийн 70-аас дээш хувийг эзэлж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийт ТӨК-иудын хөрөнгө, орлого нь тус улсын ДНБ-ий 60-70 хувьтай тэнцдэг аж. Иймд ТӨК-иудын үйл ажиллагаанд гарч буй өөрчлөлт, тэдгээрт буй авлигын асуудал зэрэг нь тус улсын эдийн засагт нөлөөлөх чухал хүчин зүйлүүдийн нэг юм.  

Дэн Сяопины Нээлттэй хаалганы бодлого хэрэгжиж эхэлснээс хойш ТӨК-иуд байгуулагдаж, өнөөгийн бүтэц тогтолцоо, хяналтын механизм бүрджээ. 1978-1998 онд ТӨК-иудын бүтэц, тогтолцоог шинэчилж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, инновац, менежмент нэвтрүүлэхийг түлхүү зорьж байсан, 1999-2012 онд Төрийн зөвлөлийн бүтцэд Төрийн өмчийн хяналт, удирдлагын хороог байгуулж, төрийн өмчид тавих хяналтыг сайжруулахад анхаарч байсан бол 2012 оноос хойш ТӨК-иудын менежмент, ашигт ажиллагааг сайжруулах, үйлдвэрлэлд өндөр технологи нэвтрүүлэх, үйл ажиллагааг цахимжуулах, байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор ногоон шилжилт хийхийг зорьж байгаа юм. Эдгээрийн зэрэгцээ ТӨК-иуд дахь сахилга бат, авлигын асуудалд анхаарч, хяналт, шалгалт явуулж буй нь харагдаж байна.

Эх сурвалж: Xinhua news, China Daily, Fidelity International.

Leave a comment