Л.Батбаяр
Иран Улс нь геополитик болон геостратегийн орон зайн тоглогчийн хувиар Израил-Палестины хурцадмал байдалд гол оролцогч орны нэг билээ. Ираны хувьд Газын зурвас дахь мөргөлдөөний нөхцөл байдал, үр дүнг шийдвэрлэх боломжгүй ч угтаа мөргөлдөөний цаашдын чиг хандлагыг тодорхойлох бүрэн хүчин чадалтай. Өөрөөр хэлбэл Ираны талаас мөргөлдөөнд оролцогч “Хамас” бүлэглэлийг дипломат болон бусад арга замаар (зэвсэглэлээр хангах, батлан хамгаалах салбар дахь ноу-хау хуваалцах) дэмжсээр байгаа юм.
Израил-Палестины хурцадмал байдлыг зогсооход Иран дараах үндсэн 2 байр суурийг баримталж буй. Үүнд:
1. 1979 оны “Исламын хувьсгал”-ын дараа улс төрийн тогтолцоондоо өөрчлөлт оруулсан Исламын Бүгд Найрамдах Иран Улсын улс төрийн гол үзэл суртлын нэг бол Израилын тусгаар тогтнолыг няцаадаг бодлого юм. Хэрэв Израил-Палестины харилцаанд томоохон (эерэг) өөрчлөлт гарахгүй бол Ираны дээрх байр суурь хэвээр байх болно. Тухайлбал, 1979 оны “Исламын хувьсгал”-ын дараа тус улсад Палестины чөлөөлөх байгууллагын тэргүүн Ясир Арафат байсан. Тэрээр энэхүү айлчлалынхаа хүрээнд Ираны төр, засгийн тэргүүнүүдтэй уулзаж, “Палестин Улс” байгуулах асуудалд Израилыг хэрхэн лоббидох стратегийг тодорхойлох зорилготой очсон ч тухайн үеийн Аятолла Рухолла Хомейни эсэргүүцсэнээр харилцаа тасарсан байдаг. Шашнаас ангид, үндсэрхэг үзэлтэй Палестины чөлөөлөх байгууллагын тэргүүн Ясир Арафатын талаас “Палестин Улс” байгуулахыг асуудлыг гол асуудлаа болгож байсан бол Аятолла Хомейни-гийн хувьд эсрэгээрээ пан-исламын кампанит ажлын далбаан дор Израилыг устгахыг оролдож байжээ. Тэрээр Арафатыг “урвагч, тэнэг” хэмээн тодорхойлж, Палестины нутаг дэвсгэрт хөл тавьж үзээгүй билээ.
2. Иран Улсын бүс нутаг дахь өөрсдийн прокси бүлэг буюу арабын зэвсэгт дайчдын сүлжээгээр дамжуулан өөрсдийн байр суурь, нөлөөгөө бэхжүүлэх бодлого юм. Энэ нь өнөөгийн бүс нутагт нийтлэг дайсан буюу Израилыг эсэргүүцэх үзэл сурталтай нийцдэг. Үүний тод жишээ нь Йемений “Хути” зэвсэгт бүлэглэлийн зүгээс Улаан тэнгист явуулж буй цэргийн ажиллагаа билээ.
Ираны бүс нутаг дахь мөргөлдөөнд баримталж буй байр суурийг өөрчлөхийн тулд юуны түрүүнд үндэсний эрх ашиг, сонирхлыг бүрдүүлж буй бүтцийг өөрчлөх шаардлагатай боловч өнөөгийн нөхцөл байдал, тэр дундаа Дээд удирдагч Аятолла Али Хамени болон Исламын Хувьсгалт гвардын корпусын удирдах албан тушаалтнуудын хүрээнд “Израил”-ын эсрэг уриалга гаргаж байгаа энэ үед хэрэгжих нь бараг боломжгүй. Харин нөгөө талдаа хувьсан өөрчлөгдөж буй олон улсын харилцаа, геополитикийн орон зайд хөрш зэргэлдээх араб орнууд Израилтай харилцаагаа хэвийн болгох улс төрийн шийдэлд хүрэх нь дээрх бодлогуудыг нь өөрчлөхөд томоохон түлхэц өгөх нь гарцаагүй.
Ираны Дээд удирдагч Аятолла Хомейни-гийн залгамжлагч Аятолла Хамени нь пан-исламын бодлогыг өнөөг хүртэл хэрэгжүүлсээр байна. Гэсэн ч сүүлийн 45 жилийн хугацаанд Израил-Араб орнуудын яриа хэлэлцээр, тэр дундаа 1978 оны Кэмп Дэвидийн хэлэлцээр, 1993, 1995 оны Ослогийн хэлэлцээр, 1994 оны Израил-Йорданы Энхийн хэлэлцээр, 2020 оны Абрахамын хэлэлцээр зэрэгт нөлөөлж чадаагүй. Аятолла Хамени-гийн талаас өнгөрсөн оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс хойш үргэлжилж буй мөргөлдөөний эсрэг Израилыг бүхэлд бойкотлох уриалгыг үл тоож байгаа хэдий боловч бусад араб орнуудын Израилын оршин тогтнохыг эрхийг үгүйсгэж буй байдал нь эцэс төгсгөлгүй дайныг үргэлжлүүлнэ гэж үзсээр байна. Гэсэн ч бүс нутагтаа зэвсэг нийлүүлэгчийн үүргийг амжилттай гүйцэтгэж байгаа явдал нь аливаа зөрчил, мөргөлдөөнийг улс төр, дипломатын аргаас илүүтэйгээр хурцадмал байдалд илүү их нөлөө үзүүлсэн явдал болсон. Тухайлбал, “Хамас”, Палестины “Исламын Жихад”, Хезболла, Йемений “Хути” болон арабын бусад хөдөлгөөнүүдийн цэргийн ажиллагаануудаас харж болно.
Үүнээс нэгтгэн үзвэл Хомейни Арафатыг удирдаж чадахгүй, Арафат Хомейни-г удирдаж чадахгүйтэй адил Иран нь Палестиныг дэмжигч орон гэхээс илүүтэйгээр тусламжийн эх үүсвэр гэж үзэх талтай. Өөрөөр хэлбэл, Израил-Палестины хурцадмал байдалд оролцогч талуудын ашиг сонирхол нь зөрчилдөж буй юм. Ираны төр, засгийн удирдлага болон зэвсэгт хүчний удирдах албан тушаалтнуудын (Эсэргүүцлийн тэнхлэг) хувьд Израилын туйлын дайсан гэж хүлээн зөвшөөрөөгүй байгаа бол “Хамас” бүлэглэлийн хувьд “Израил” байдлыг хүлээн зөвшөөрч, Газын зурваст гал зогсоох хэлэлцээр байгуулахад бэлэн байгаагаа мэдэгдээд буй. 35 жилийн хугацаанд Иран Улсын Дээд удирдагчаар ажиллаж буй Хамени төрийн эрх барьж байх хугацаандаа Иран Улсын Израил Улсыг НҮБ-ын гишүүн орон, Ойрх дорнод бүс нутгийн эд эс гэдгийг хүлээн зөвшөөрөхөд юу шаардлагатайг нэг ч удаа хэлж байгаагүй. Тиймээс Ираны удирдлагын тогтолцоо хэвээр байгаа цагт “стратеги”-ийн бодлогоо баримталж, аливаа зөрчил, мөргөлдөөнд шууд оролцохоос зайлсхийх болно. Иран Израилыг бүс нутгийн дайсан гэдгээ шашны номлолоор биш геополитикийн өрсөлдөөн гэж үзсэн цагт Израил-Палестины хурцадмал байдалд арай өөрөөр орох болов уу.
Эх сурвалж: Middle East Institute.


Leave a comment