Э. Мөнх-Оргил

АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен 4 дүгээр сарын 4-9-ний өдрүүдэд БНХАУ-д айлчилж Гуанжоу болон нийслэл Бээжин хотод зочилж Хятадын өндөр дээд албан тушаалтнууд, орон нутгийн удирдлага, эрдэмтэн судлаачид, оюутнууд болон Хятадад төвтэй Америкийн зарим компанийн удирдлагуудтай уулзав. Тэрээр айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн эдийн засгийн асуудал эрхэлсэн Шадар сайд Хэ Лифэн, Ерөнхий сайд Ли Чян, Хятадын Төв банкны ерөнхийлөгч Пан Гоншэн, Гуандун мужийн дарга Ван Вэйжун зэрэг албаны хүмүүстэй тус тус уулзсан байна.

Жанет Йеллен Даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ Байдены засаг захиргаа АНУ-ын ажлын байруудад заналхийлж буй Хятадын аж үйлдвэрийн бодлогыг өөрчлөхөд чиглэсэн уулзалтууд хийсэн, мөн аюулгүй байдлын асуудлаар, тэр дундаа Хятадын аж ахуйн нэгжүүд Украйны дайнд Оросын талд дэмжлэг үзүүлж буй асуудлыг хөндөж “хэцүү яриа өрнүүлсэн” хэмээн ярив.

Ж.Йеллен Хятадын аж ахуйн нэгжүүд Оросын талд дэмжлэг үзүүлж буй явдалд санаа зовниж буйгаа илэрхийлж “Хятадын компаниуд Оросын дайнд материаллаг дэмжлэг үзүүлэх ёсгүй, дэмжлэг үзүүлбэл хүндхэн үр дагавартай тулгарах болно гэдгийг онцолсон” гэв. Мөн тэрээр Оросын зэвсэгт хүчинд техник, бараа бүтээгдэхүүн дамжуулахад “их хэмжээний гүйлгээг хөнгөвчилж буй” банкнууд АНУ-ын хориг арга хэмжээнд орох эрсдэлтэйг анхааруулсан хэмээв.  

Гэвч түүний айлчлалын гол сэдэв Хятадын аж үйлдвэрийн бодлого буюу АНУ, Европын орнуудын санааг зовоож буй Хятадын цахилгаан автомашин, тэдгээрийн батарей, нарны хавтан зэрэг нарны эрчим хүчний тоног төхөөрөмжийн эрчимт үйлдвэрлэл байв. АНУ-ын засаг захиргаа тус салбарыг дотооддоо хөгжүүлэхийг оролдож буй үед Хятадын Засгийн газар их хэмжээгээр татаас, эргэн төлөх нөхцөлгүй санхүүжилт олгох байдлаар үйлдвэрлэлээ хурдацтай өргөжүүлж, энэ нь дотоодын эрэлтээсээ давж АНУ болон бусад орны зах зээл дэх ажлын байр, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна хэмээн Сангийн сайд Ж.Йеллен дурджээ. 

Тэрээр Бээжингийн эсрэг шинэ тариф тогтоох, бусад худалдааны арга хэмжээ авах талаар дурдаагүй бөгөөд ирэх долоо хоногт Хятадын талын мэргэжилтнүүдийг АНУ-д хүлээн авч Эдийн засаг, санхүүгийн ажлын хэсгийн дөрөв дэх уулзалтыг зохион байгуулж дээрх асуудлыг нарийвчлан авч хэлэлцэнэ хэмээн мэдэгдсэн болно.

“China hopes that the U.S. side will work with the Chinese side to adhere to the basic norms of market economy of fair competition and open cooperation, and refrain from politicizing and national-securitizing economic and trade issues,”

Хятадын Засгийн газраас гаргасан уулзалтын албан ёсны тоймд дурдсанаар Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян “Америкийн тал Хятадтай шударга өрсөлдөөн, нээлттэй хамтын ажиллагааны зах зээлийн эдийн засгийн үндсэн хэм хэмжээг баримталж, эдийн засаг, худалдааны асуудлыг улстөржүүлж, үндэсний аюулгүй байдалд оруулахгүй байхыг хүсэж байна” хэмээн ярьжээ. 

Барууны хөгжингүй орнууд Хятадын цахилгаан автомашин, нарны эрчим хүчний бүтээгдэхүүний хямд экспорт бусад орны дотоодын үйлдвэрлэлийг боомилох вий гэж эмээж байна. АНУ-аас гадна Европын холбооны албаны хүмүүс Хятадад айлчлахдаа уг асуудлыг удаа дараа хөндөж байсан боловч Хятадын талаас ямар нэгэн өөрчлөлт хийгээгүй, цаашид ч эдийн засгийн бодлогодоо өөрчлөлт хийхгүй болов уу. 

АНУ-ын Сангийн сайд Ж.Йеллений айлчлалын үр дүнд талуудын хооронд томоохон ахиц дэвшил гараагүй ч дэлхийн хамгийн том хоёр эдийн засагтай улс худалдаа, хөрөнгө оруулалт, үндэсний аюулгүй байдал зэрэг маргаантай асуудлуудаар үргэлжлүүлэн яриа хэлэлцээ хийхээр тохиролцжээ.

Эх сурвалж: New York Times, Axios, Foreign Policy, Reuters, Associated Press.

Leave a comment