Б.Болд

2023 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Хамас бүлэглэл Израил Улсад гэнэтийн дайралт хийснээр Газын зурвас дахь нөхцөл байдал өдгөө 6 сарыг үзээд байгаа бөгөөд олон улсын харилцаа, тэр дундаа Ойрх Дорнодын бүс нутаг дахь геополитикийн өрнөлийг улам бүр эрчимжүүлсээр байна.

Газын зурвас дахь нөхцөл байдлаас үүдэн Йемен дэх Хути бүлэглэл Хамас бүлэглэлийг дэмжиж Израил Улстай дайн зарлаж байгаагаа 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мэдэгдэж, Израил Улс руу хэд хэдэн дрон хөөргөсөн бөгөөд Улаан тэнгисийн усан тээвэрт хяналтаа тогтоохоор хичээж байна. Мөн 2023 оны 11 дүгээр сараас эхлэн Ливан дахь Хезболла бүлэглэл Израил Улс хоорондын хил дамнасан мөргөлдөөн улам бүр нэмэгдлээ. Талибанчуудын хувьд Хамас бүлэглэлийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд Иран, Иракийн Засгийн газраас Талибаны дайчдыг газар нутгаараа дамжин өнгөрүүлэх тохиолдолд Хамас бүлэглэлтэй нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн зэрэг нь бүс нутгийн исламист, радикал бүлэглэлүүд хямралд татагдан оролцож, бүс нутгийн томоохон хэмжээний хямрал болгох эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байна. 

Харин Саудын Арабын Хаант Улс болон бусад Булангийн орнууд мөн Йордан, Египет зэрэг улс орнууд 1967 оны хилийн дагуу тусгаар тогтносон Палестин Улс байгуулах замаар “хоёр улс шийдэл”-ийг дэмжиж, Палестины тусгаар тогтносон улс байгуулагдахаас нааш энэхүү нөхцөл байдал шийдэгдэхгүй хэмээн үзэж, түүнд чиглэсэн дипломат ажиллагаагаа улам бүр эрчимжүүлж байна. Гэсэн хэдий ч асуудлыг бүс нутгийн хямрал болгохоос сэргийлж экстремист, радикал үзэлтэй бүлэглэлүүд Арабын улс орнууд дахь нийгмийн бухимдалд тулгуурлан үйл ажиллагаагаа идэвхжүүлж, дотоод хямралыг бий болгож шинэ “Арабын хавар”-ыг давтах эрсдэлээс урьдчилан сэргийлж байна.

Өнгөрөгч долоо хоногоос эхлэн Йордан дахь Израил Улсын ЭСЯ-ны гадна олон мянган Йордан иргэд Израилийн эсрэг шийдвэртэй хариу авахгүй байгаа Засгийн газраа шүүмжилж өдөр бүр эсэргүүцлийн жагсаал өрнүүлж, Йордан-Израилийн 1994 оны энхийн гэрээг цуцалж, Израилийн эсрэг фронт нээхийг шаардаж байна. Энэхүү үйл явдлыг Йорданы аюулгүй байдлын албаныхан хийгээд бусад Арабын орнууд Муслим ахан дүүс (Muslim Brotherhood) болон Ираны дэмжлэгтэйгээр Хамас бүлэглэл Йорданы иргэдийг энэхүү хямралд татан оролцуулах суртал ухуулга хийж, тус улсад дотоод хямрал бий болгохыг оролдож байгааг онцлов. Түүнчлэн эсэргүүцлийн жагсаалын үеэр Муслим ахан дүүс хөдөлгөөний Йордан дахь салбарын Исламын үйл ажиллагааны фронтын зарим удирдагчдыг баривчилсан гэдгээ холбогдох албаныхан мэдээлэв. 

Дээрх үйл явдалтай холбогдуулан Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъян, Саудын Арабын Хаант Улсын Угсаа Залгамжлах Ханхүү бөгөөд Ерөнхий сайд, Эрхэм дээд Ханхүү Мухаммад бин Салман бин Абдулазиз Аль-Сауд, Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас нар Йорданы Хаан II Абдуллатай утсаар ярьж Йорданы удирдлага, ард түмэнтэй эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлж, өөрийн орны болон бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг сахин хамгаалахын тулд тус улстай хамт гэдгээ онцлон тэмдэглэв.

Саудын Арабын Хаант Улс болон АНЭУ-ын зүгээс Йорданд болж энэхүү эсэргүүцлийн жагсаалыг Муслим ахан дүүс болон Хамас бүлэглэл Ираны дэмжлэгтэйгээр хийж байгаа хэмээн мэдэгдэж байгаа бөгөөд тус улсад дотоод хямралыг бий болгож бүс нутагт шинэ “Арабын хавар”-ыг бий болгохоор санаархаж байгааг онцлов. 

Ийнхүү газын зурвасын нөхцөл байдлаас үүдэн бүс нутгийн исламист, радикал бүлэглэлүүд хямралд татагдан оролцож, бүс нутгийн томоохон хэмжээний хямрал болгох эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж буй бөгөөд Булангийн орнууд болон Йордан, Палестин зэрэг орны зүгээс “Арабын хавар”-ын салхи дэгдэхээс сэргийлж байна. 

Эх сурвалж: the National, MEMRI, Al Arabiya, Arab News. 

Leave a comment