Б.Ариун
БНХАУ-ын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, бодлого ба хэрэгжилтийг судлан ойлгох, хэтийн чиг хандлагыг тодорхойлох нь Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд чухал ач холбогдолтой.
Сүүлийн жилүүдэд эрчээ алдаад буй Хятадын эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдэх, даван туулах зорилгоор тус улсын эрх баригчид доорх үндсэн чиглэлүүдийг бодлогын хүрээнд чухалчилж байна.
- Хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих. Үүнд уул уурхайн салбар, нэмүү өртөгт үйлдвэрлэлийн салбар, ус, цахилгаан эрчим хүч, байгалийн хийн салбар, 3D хэвлэх төхөөрөмжүүд, техникийн салбарын бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэрэг багтах бөгөөд тухайн салбаруудад Засгийн газраас оруулсан хөрөнгө оруулалтуудыг дэмжих бодлого баримталж байна. Мөн ирэх жилүүдэд дэвшилтэд технологид тулгуурласан үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх зорилго чухлаар тавигдана.
- Үйлчилгээний салбарын чанарыг сайжруулах, хөгжүүлэх, орчин үеийн мэргэжлийн болон технологийн чадварыг нутагшуулах бодлогын хүрээнд хүнсний болон нийтэд үйлчлэх салбарын логистикийн бүх үе шатуудад мэдээллийн систем нэвтрүүлэх, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт болон хадгалалтын үйлчилгээг сайжруулах, нийтийн тээвэр, усан болон агаарын тээвэр, банк санхүү, соёл урлагийн салбарыг эдийн засгийн хувьд дэмжих зэрэг багтана.
- Дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх ажлын хүрээнд том болон жижиг хотуудын иргэдийн хэрэглээг дэмжих, жижиглэнгийн худалдаа эрхлэлтийг дэмжих, хурдан зарагдах бараа бүтээгдэхүүнд (архи, тамхи, хувцас, өдөр тутмын хэрэглээ) анхаарах, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, спорт ба соёл урлагийн салбарын тасалбарын үнэ, эмнэлгийн үйлчилгээний үнэд анхаарах, автомашин болон харилцаа холбооны бүтээгдэхүүний худалдан авалтыг дэмжих, цахим болон дэлгүүрийн худалдааг дэмжих бодлого баримтална.
- Хөрөнгө оруулалтын салбарыг дэмжих бодлогын хүрээнд бодит хөрөнгө (үл хөдлөх хөрөнгө, газар, барилга болон үйлдвэрийн төхөөрөмжүүд, түүнтэй холбоотой машин техникүүд) оруулалтыг дэмжих, үл хөдлөхийн салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих, бизнесүүдийг дэвшилтэд технологид хөрөнгө оруулахад дөхөм болгох, био хими болон сансрын технологийн салбарт хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэгт улсаас анхаарна.
- Гадаад худалдааг хөгжүүлэх бодлогын хүрээнд, экспортыг дэмжих, худалдааны бүтцийг сайжруулах, хувийн салбарын экспортын төрлийг өргөжүүлэх, цахилгаан болон механик, хүнд ба хөнгөн машин техникийн экспортын төрлийг олшруулах зэрэгт анхаарна.
- Ажилгүйдлийг бууруулах бодлогын хүрээнд залуучуудын дунд ажил эрхлэлтийг дэмжих, хүн амын төвлөрөл ихтэй хотуудын залуусын ажил эрхлэлтийн нөхцөлийг сайжруулах, хөдөө орон нутгаас шилжин ирэгсдийг хянах, хөдөө орон нутагт ажлын байр бий болгоход дэмжлэг үзүүлэх зэрэг багтана.
Хятад Улсын хувьд олон талт эдийн засгийн хүндрэлүүдтэй нүүр тулаад буй өнөө цагт дээрх үндсэн чиглэлүүд нь эдийн засгийн хөгжлийг өрнүүлэх, шинэ шатанд хүргэх гэхээсээ илүү тогтвортой байдлыг хангах, зөөлөн газардуулах зорилготой мэт ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл, гадаад хүчин зүйлүүдээс илүү дотоодын эдийн засгийн байдлыг сайжруулах зорилготой бодлогууд, тухайлбал залуучуудын ажил эрхлэлт муу, хөдөө болон хотын иргэдийн амьдралын бололцоо, нөхцөл байдал эрс ялгаатай, иргэдийн худалдан авах чадвар мэдэгдэхүйц буурсан, иргэд болон бизнесийн байгууллагууд ирээдүйн хөрөнгө оруулалтад итгэх итгэл муу, үл хөдлөхийн салбарын уналт, банк санхүүгийн салбарын үйл ажиллагааны чанар муудсан гэх мэтэдийн засгийн гол асуудлуудыг Хятадын эрх баригчид бодлогын хүрээнд чухалчилж байна.
Манай улсын хувьд экспортын 80-90 хувийг Хятад руу гаргадаг, нийт бараа бүтээгдэхүүний 60 орчим хувийг Хятадаас худалдаж авдаг. Урд хөрштэй хийдэг гадаад худалдаа хийгээд хөрөнгө оруулалт манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 40 орчим хувийг эзэлдэг. Иймд БНХАУ-ын эдийн засгийн бодлого, чиглэл, түүний хэрэгжилт зэргийг ойлгож болзошгүй эрсдэлээс хамгаалах нь Монгол Улсын хувьд стратегийн болон тактикийн түвшинд чухал ач холбогдолтой юм.
Эх сурвалж: Al Jazeera, China’s National Bureau of Statistics.


Leave a comment