Б.Ариун
Хятадын Коммунист Нам (цаашид ХКН) нь БНХАУ-ын цорын ганц эрх барих улс төрийн хүчин бөгөөд тус улсын нийгэм, засаглал, батлан хамгаалах, эдийн засаг, соёл, эрүүл мэнд, технологи, боловсрол гэх мэт бүхий л салбарт нөлөөллөө оруулж чадсан байгууллага юм. ХКН нь 1921 онд байгуулагдсан цагаас хойш эдүгээ 96 сая гишүүнтэй, 3.8 сая намын жижиг бүлгүүдтэй, дэлхийн хамгийн том улс төрийн нам, Хятадын өдөр тутмын амьдралд ил болон далд нөлөөллөө үзүүлэх хүчин болоод зогсохгүй бүс нутгийн болон дэлхийн улс төрийн томоохон тоглогч болоод байна. БНХАУ эрх барих дээд байгууллага буюу Хятадын Коммунист намын бүтэц, засаглалын арга барилыг ойлгосноор Монгол Улсын хувьд улс төр, эдийн засгийн багагүй ач холбогдолтой.
ХКН нь байгууллагын хувьд дээрээс шаталсан бүтэцтэй, төв цэгийн удирдлага буюу нэг удирдагчид төвлөрсөн байдлаар үйл ажиллагаа явуулдаг. Тус байгууллагын үйл ажиллагааны чиглэл, хандлага, алсын хараа зэрэг нь тухайн цаг үеийн удирдлагаас хамааран өөрчлөгдөнө. Мао Зэдуны удирдлагад байсан ХКН, Си Зиньпиний удирдаж буй ХКН-ын алсын хараа, арга барил, засаглалын үнэт зүйл зэрэг нь стратегийн болон тактикийн түвшинд хүртэл ялгаатай. Орчин үеийн ХКН нь оршихуйн утга учир нь нийгмийн тайван байдлыг болон газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангахад чиглэгдэнэ. Үүнд тулгуурлан, тус байгууллагын үндсэн зорилгo, зорилтууд, авах арга хэмжээнүүд явагдсаар байна.
ХКН-ын байгууллагын хувьд доорх ерөнхий бүтэцтэй:
- Ардын их хурал буюу таван жил тутам нэг удаа болдог, Намын Төв хорооны гишүүд болон Намын Нарийн бичгийн даргыг сонгох үйл ажиллагаа.
- Намын Төв хороо нь тус байгууллагын дотоод үйл ажиллагаа, засаглалыг хянах, ХКН-ын Улс төрийн төв хороог үүсгэж, улс орныг хамарсан томоохон шийдвэр гаргах гол зорилготой.
- Улс төрийн төв хороо – байнгын хороо нь долоон хүний бүрэлдэхүүнтэй, (Намын Ерөнхий нарийн бичгийн дарга ордог) намын эрх барих дээд зөвлөл.
- Намын Ерөнхий нарийн бичгийн дарга нь Хятадын хамгийн гол удирдагч, Цэргийн төв комисс болон ХКН-ыг удирдлагаар хангадаг эрх мэдэл бүхий томоохон орон тоо.
- Цэргийн төв комисс нь Хятадын Ардын чөлөөлөх армийн дээд командлал.
- Орон нутгийн намын хороод нь тус байгууллагын чиглэл, үйл ажиллагааны бүтцийг орон нутагт түгээх, хуулбарлах, хянах үйл ажиллагаа явуулдаг.

ХКН тус улсын төрийн арга барил:
- Удирдах албан тушаал: Нийгэмд үйлчилгээ үзүүлэх бүх байгууллагын удирдлагад намын гишүүд байдаг төдийгүй намын гишүүн биш тохиолдолд албан тушаал ахих боломж хаагдмал нөхцөл байдал үүсгэж, аливаа байгууллагын удирдлагыг намыг чиг үүргээр хангах, заавар зөвлөгөө өгөх, хянах байдлаар төрийн болон зарим томоохон хувийн хэвшлийн байгууллагад ХКН шууд болон шууд бус нөлөө үзүүлдэг.
- Бодлого боловсруулах: Засгийн газраас хэрэгжүүлэх үндэсний бодлогын тэргүүлэх чиглэлүүдийг ХКН-с тогтоодог.
- Цэргийн Хяналт: Намын Ерөнхий нарийн бичгийн дарга болон Цэргийн төв комисс зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд намын үйл ажиллагааг хянаж, хариуцлагатай орон тоонд намын гишүүдийг бүрдүүлэх, намын нөлөөг баталгаажуулах үйл ажиллагааг хянадаг.
- Суртал ухуулга ба нийгмийн хяналт: ХКН нь хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээнд болон иргэдийн дотор хяналтын механизмыг бий болгож, олон нийтэд намын үзэл санааг сурталчлах, нөлөөлөх үйл ажиллагаа явуулдаг.
Хамгийн бага нэгж буюу гишүүнчлэлийн түвшинд намын үзэл санаанд үнэнч, чадварлаг иргэдээс шилж намын гишүүнд элсүүлдэг журамтайгаас гадна, алдаа гаргасан тохиолдол өөрийгөө шүүмжлэх, гэм буруугаа нийтэд хүлээх, бусдаас шүүмжлэлийг хүлээн авах, алдаагаа засаж залруулах, үүнийгээ тайлагнах гэх мэт ёс зүйн шийтгэл хүлээлгэдэг үзэгдэл байдаг. Нам дотроо ардчилсан мэтгэлцээнийг тодорхой хэмжээнд зөвшөөрдөг боловч, шийдвэрийн түвшинд нэгдмэл байр суурьтай байх зарчимтай энэхүү байгууллага аливаа зүйлийн адил өөрийн гэсэн сул талтай.
Тус намын баримталдаг элитист, хаалттай байдал нь байгууллага болон институтийн хувьд сул тал болдог. Жишээ нь, намын гишүүдэд болон тэдний гэр бүлд давуу тал олгох явдал нь нийгэмд шударга бус байдлыг үүсгэж тогтолцооны гажуудал бий болгодог явдал бий. Үүнээс гадна, уг байгууллага хэт олон гишүүнтэйн улмаас энэхүү тогтолцооны гажуудал илрэхгүй, бугширсаар эмгэг шинжтэй болох тохиолдлууд байдаг. Жишээ нь, чадвар сайтай ажилтан намын гишүүн болж чадаагүйн улмаас албан тушаал ахихгүй байх, гадуурхагдах, үүнээс үүдэн ажлын бүтээмж муудах тохиолдол их байхад, мэдлэг чадвар муутай ажилтан хариуцлагатай ажилд намын шугамаар томилогдсоноор тус байгууллагын үйл ажиллагаанд сөрөг үр дагаврууд үүсэж, өрсөлдөх чадварт нөлөөлөх зэрэг үзэгдэл Хятадын төрийн болон нийгэмд үйлчлэх байгууллагуудад тогтмол харагддаг. Мөн, нийгэмд хэт намчирхах, туйлшрах, шинэ санааг хүлээн авах чадвараа алдах, бутархай үзэл үүсэх, ёс суртахууны гажуудал дэлгэрэх гэх мэт сөрөг нөлөөллийг олж харж болно.
ХКН нь БНХАУ-д төдийгүй дэлхий дахинд нөлөө үзүүлдэг томоохон байгууллага болон өргөжсөөр байна. Манай орны хувьд ХКН-ын бүтэц, төр болон нийгэмд үзүүлэх нөлөөг ойлгох нь тус улсын бодлогын өөрчлөлтийн урьдчилан таамаглах, ашигтай боломжуудыг олж тогтоох, болзошгүй эрсдэлийг удирдах, сөрөг үр дагавраас зайлсхийх, хоёр орны харилцааг сайжруулах, үндэсний ашиг сонирхлыг хамгаалах зэрэг стратегийн ач холбогдолтой. Цаашид энэ чиглэлийн нарийн судалгаа нь Монгол Улсын хувьд улс төр, эдийн засгийн үр өгөөжтэй юм.
Эх сурвалж: ТАСС, the Economic Times, БНХАУ-ын Казахстан, Египет Улс дахь ЭСЯ-ны цахим хуудас.


Leave a comment