Японы Ерөнхий сайд Фүмио Кишида АНУ-д айлчилж 4 дүгээр сарын 10-ны өдөр Цагаан ордонд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай 85 минут орчим үргэлжилсэн ганцаарчилсан уулзалт хийж, дараа нь хамтарсан хэвлэлийн бага хурал хийв. Уулзалтын дараа гаргасан хамтын мэдэгдлээс үзэхэд талуудын яриа хэлэлцээ геополитик, аж үйлдвэр, батлан хамгаалах гэсэн өргөн сэдвүүдийн хүрээнд болжээ.

Геополитикийн тал дээр хоёр удирдагч Орос-Украйны дайн, Газын зурвас дахь нөхцөл байдлаас гадна Тайвань болон Өмнөд Хятадын тэнгис орчмын нөхцөл байдал, Хятадын түрэмгийлэл, мөн Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаар санал солилцжээ. Аж үйлдвэрийн салбарын хүрээнд дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаан, ногоон эрчим хүчний салбар дахь хангамж нийлүүлэлтийн сүлжээг хангах хамтын ажиллагаагаа сайжруулах талаар ярилцаж, Америкийн сансар судлалын “Артемис” хөтөлбөрийн хүрээнд Японы хоёр сансрын нисэгчийг сар руу илгээхээр тохиролцов. Харин батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудлаар хоёр тал илүү бодитой, тодорхой геополитикийн нөлөө бүхий ажлуудыг хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. Үүнд:
- Хоёр тал дайны болон энх тайвны үеийн гэнэтийн нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах цэргийн нэгдсэн удирдлагын бүтэц бий болгох, хамтран ажиллах хүрээгээ өргөжүүлэхээ амлав. Үүний хүрээнд АНУ 2025 он гэхэд Японы Хамтарсан ажиллагааны шинэ командлалтай уялдаа холбоотой хамтран ажиллах дөрвөн одтой генерал томилохоор судалж байгаа аж.
- АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцнууд болон тус улсын Агаарын цэргийн хүчний нисэх онгоцнуудыг засварлах, засвар үйлчилгээ хийхэд Японы талд дэмжлэг үзүүлэх боломжийг судалж, энэ оны 6 дугаар сард багтаан “Япон дахь хөлөг онгоцны засварын ажлын хэсэг”-ийг хуралдуулна гэв.
- Японд ‘Tomahawk’ далавчит пуужин нийлүүлэх зорилгоор сургалт хийх, хөлөг онгоцонд өөрчлөлт оруулах ажлуудыг хийхээр төлөвлөж буйгаа мэдэгдэж, хоёр тал агаарын довтолгооноос хамгаалах системд зориулсан тусгай пуужин хөгжүүлж үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллахаа амлав.
- Австрали, Их Британи, АНУ-ын хооронд байгуулсан “AUKUS” аюулгүй байдлын эвслийн хүрээнд далай доогуур явах чадвартай дрон, хиймэл оюун ухаан зэрэг дэвшилтэт технологи хөгжүүлэх хөтөлбөрт Токиог оролцуулах талаар авч үзэх болно гэв.
- АНУ, Япон хоёр 2025 оноос эхлэн Их Британитай хамтран жил бүр гурван талт цэргийн сургуулилт хийх аж. Мөн дээрх орнууд Австрали Улстай байлдааны нисэх онгоц хөгжүүлэх, агаарын довтолгооноос хамгаалах өргөтгөсөн системийн сүлжээ бий болгох зэрэг чиглэлд хамтран ажиллахаар төлөвлөж буйгаа зарлав.
Байден, Кишида хоёрын уулзалтын хүрээнд талууд 70 гаруй гэрээ хэлцэл байгуулсан бөгөөд Америк-Японы батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны цөм нь Япон дахь АНУ-ын цэргийн командлалын удирдлага, бүтцийг шинэчлэн нэгтгэх, Японы Өөрийгөө хамгаалах хүчин, АНУ-ын Энэтхэг-Номхон далайн командлалд харьяалагддаг Япон дахь цэргийн хүчин хоёрын уялдаа холбоо, төлөвлөлтийг сайжруулах явдал байлаа. Энэхүү өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд багагүй хугацаа шаардагдах бөгөөд хоёр тал дотооддоо улс төрийн дэмжлэг авч байж дээрх ажлууд урагшилна хэмээн олон улсын ажиглагчид үзэж байна.

Тагнуулын чиглэлийн хамтын ажиллагааны хувьд АНУ-ын албаны хүмүүс Япон Улс тагнуулын мэдээлэл харилцан солилцох АНУ, Их Британи, Австрали, Канад, Шинэ Зеландын “Таван нүд” эвсэлд нэгдэхийн тулд мэдээллийн аюулгүй байдал хангах шаардлагатай түвшинд хүрэхэд “хийх ажил их байна” хэмээн мэдэгдсэн байна.
Олон улсын шинжээч, мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Токио, Вашингтон хоёр нэг талаас АНУ-ын цэрэг армийн хүчин чадал, нөгөө талаас Японы газарзүйн байршил гэсэн өөр өөрсдийн давуу талаа ашиглан ойрын хугацааны геополитикийн зорилгоо хэрэгжүүлэхийг эрмэлзэж байна. Вашингтоны хувьд Токиогийн цэрэг армиа бэхжүүлэх хүчин чармайлтыг дэмжих замаар Хятадын түрэмгийлэл, мөн тодорхой хэмжээнд Умард Солонгос, Оросын эсрэг тогтоон барих хүчээ бэхжүүлж буй юм. Харин Токио энэ боломжийг ашиглан бүс нутаг дахь түншүүдтэйгээ цэргийн сургуулилт хийх замаар дотоодын зэвсгийн үйлдвэрлэл, цэргийн сургуулиа эрчимжүүлж ирээдүйд гарч болзошгүй мөргөлдөөнд бэлдэж байна. Өнөөдөр Японд Америкийн 53,000 гаруй цэрэг байрлаж буй бөгөөд Японы Засгийн газар батлан хамгаалах салбарын зардлаа ирэх таван жилийн дотор ДНБ-ний 2 хувьд хүргэж АНУ, БНХАУ-ын дараа дэлхийд гуравт орохоор байна.
Том зургаар нь харвал АНУ-Японы түншлэл Хятадын түрэмгийллийн эсрэг бүс нутаг дахь Америкийн цэргийн оролцоог нэмэгдүүлэх бааз суурь болж өгч буй бөгөөд Вашингтон бүс нутгийн орнуудтай гурван талт бүлэг, эвсэл бий болгох, Энэтхэг-Номхон далайн түншүүдийнхээ дунд гүүр болох замаар эдийн засаг, цэрэг-стратегийн хувьд Хятадыг тойрсон “тор” татах бодлого хэрэгжүүлж байна гэж харна. Кишидагийн айлчлал нь Байдены засаг захиргааны үед хийсэн тав дахь удаагийн төрийн айлчлал байв, эдгээрээс дөрөв нь Австрали, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос буюу Энэтхэг-Номхон далайн орнуудаас байв.
Умард Солонгосын заналхийллийн эсрэг АНУ, Өмнөд Солонгос, Японы гурван талт батлан хамгаалах хамтын ажиллагаанаас гадна Вашингтон, Токио, Филиппинтэй тэнгисийн цэргийн шинэ гурван талт хамтын ажиллагаа өрнүүлж буй бөгөөд энэ нь Өмнөд Хятадын тэнгист Хятадын цэргийн дарамт шахалтыг эсэргүүцэх зорилготой юм. Байден, Кишидагийн хамтарсан мэдэгдэлдээ АНУ, Их Британи, Японы хамтарсан цэргийн сургуулилт тогтмол явагдаж буйг онцлон тэмдэглэж, Австралитай гурван талт цэргийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх эрмэлзэлтэй буй талаар дурджээ. Эдгээр бүлгүүдийн цөм нь Япон, өөрөөр хэлбэл Америкийн Номхон далай дахь аюулгүй байдлын оролцоог бататгах гол зангилаа буюу “hub” нь Япон болж байгаа юм.
Ийнхүү Зүүн Ази, Номхон далайн орнууд батлан хамгаалах чиглэлээр идэвхтэй харилцаагаа хөгжүүлж, ирээдүйд ирэх магадлалтай зэвсэгт мөргөлдөөнд бэлдэж цэрэг, батлан хамгаалахын чадавхаа сайжруулахад анхаарч буй үед манай улс яаж зохицож, ямар бодлого, байр суурь баримтлах ёстой вэ?
Америкийн зүгээс Энэтхэг-Номхон далайн бүс нутагт хэрэгжүүлэх бодлогынхоо хүрээнд тус бүсэд орших улс орнууд руу анхаарлаа хандуулна хэмээн анх мэдэгдэж байсан бөгөөд манай улс ч үүнд багтсан. Монгол Улс бүс нутаг дахь батлан хамгаалах олон талт хамтын ажиллагаа, эвсэлд нэгдэх боломжгүй ч дэлхийд чухал ашигт малтмалын эрэлт хурдацтай нэмэгдэж буй үед холбогдуулан дээр дурдсан орнууд нэн шаардлагатай эрдэс баялгийн чиглэлээр манайхтай хамтран ажиллах сонирхолтой байна. Япон, Монгол, АНУ хооронд 2015 оноос хойш хэд хэдэн удаа гурван талт уулзалт хийсэн бөгөөд 2023 оны 6 дугаар сард Улаанбаатарт чухал ашигт малтмалын тухай АНУ, Монгол Улс, БНСУ-ын гурван талт уулзалтыг зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улс цэрэг-батлан хамгаалахаас бусад чиглэлээр өдрөөс өдөрт өргөжиж буй бус нутгийн олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох боломжтой юм.
Эх сурвалж: The White House, Stratfor, CSIS, New York Times, Japan Times, CBS News.


Leave a comment