Э.Эрдэнэ-Очир

БНХАУ-д 2015 оноос хойш жил бүрийн 4-р сарын 15-ны өдрийг “Үндэсний аюулгүй байдлыг хангах талаарх боловсролыг дэмжих өдөр” болгон тодорхой ажил хэрэгжүүлэн тэмдэглэж ирсэн. Энэ жилийн хувьд 4-р сарын 14-ний өдөр Хятадын CCTV төв телевизээр тагнуулын хэрэгт холбогдсон зарим иргэд болон гадаад орнуудын зүгээс Хятадын байгууллага, иргэдийн эсрэг явуулж буй тагнуулын үйл ажиллагааны талаарх мэдээлэл, нэвтрүүлгийг онцлов.

БНХАУ-ын гол тагнуулын байгууллага болох Улсыг аюулаас хамгаалах яам (УАХЯ)-ны мэдээлж буйгаар 2023 онд гадаад улсын байгууллага, төлөөний этгээдүүд, ялангуяа гадаад орнуудын тагнуулын албадын зүгээс Хятадын газрын ховор элементийн олборлолт, үйлдвэрлэлийн чиглэлээр хамгийн идэвхтэй ажиллажээ. 

Тухайлбал, газрын ховор элементийн чиглэлийн компанид ажилладаг Чэн гэгч нь 2023 онд гадаадын байгууллага, компанид төрийн нууцад хамаарах мэдээллийг хууль бусаар дамжуулсан, авлига авсан хэрэгт холбогдон, 11 жил хорих ялаар шийтгэгдсэн аж. Мөн иргэн “И” гэгч нь төрийн нууц мэдээллийг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан хэргээр мөн 11 жил хорих ялаар шийтгэгджээ.

УАХЯ-ны зүгээс дээрх тохиолдол, үйл явдлыг мэдээлж, иргэддээ гадаад орны байгууллага, төлөөний этгээдийн тагнуулын үйл ажиллагаанд өртөхгүй байхыг сануулан мэдээлж буй. Гэвч Хятадын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдыг татахыг зорьж буй энэ үед эдгээр сануулга, мэдээлэл гарч буй нь гадаадын хөрөнгө оруулагчдын дунд болгоомжлол, шүүмжлэл дагуулж байгааг улс орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслээр онцолж байна.

Үүний зэрэгцээ өнгөрөгч онд Хятадын холбогдох хуульд өөрчлөлт орж, төрийн нууц мэдээлэл гэдэгт “бизнесийн байгууллага, компанийн дотоод баримт бичиг, судалгааны дата”-г ерөнхий тусган оруулснаар Хятадын компаниудтай шууд харилцан мэдээлэл, дата солилцдог гадаад улсын байгууллага, иргэдийн консалтинг, зөвлөх үйлчилгээг дээрх хуулийг үндэслэн “тагнуул хийсэн гэмт хэрэг” гэж үзэх эрх зүйн боломж, эрсдэл үүссэн нь мөн шүүмжлэл дагуулж байгаа юм. 

Эх сурвалж: South China Morning Post, New York Times.

Leave a comment