АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен 4 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд БНХАУ-д айлчилж Шанхай, Бээжин хотод Хятадын өндөр дээд албан тушаалтнуудтай уулзаж Орос-Украины дайн, Ойрх Дорнодын хямрал, хоёр эргийн асуудал, Умард Солонгос, Өмнөд Хятадын тэнгис дэх нөхцөл байдал, хүний эрх зэрэг бүс нутгийн болон олон улсын анхаарал татаж буй олон асуудлуудаар ярилцах аж.
Э.Блинкен БНХАУ-д хийх айлчлалаараа “Бээжингийн зүгээс ОХУ-ын армид дэмжлэг үзүүлж буй асуудлыг хөндөж Хятадад анхааруулга өгнө. Блинкений Хятадад хийх айлчлал үндсэн гурван зорилготой. Нэгдүгээрт, хоёр улсын хоорондын гол асуудлуудаар ахиц дэвшил гаргах; Хоёрдугаарт, бүс нутгийн хийгээд олон улсын асуудлаарх байр сууриа тодорхой илэрхийлэх; Гуравдугаарт, Бээжин Вашингтон хоорондын өрсөлдөөнийг хариуцлагатай удирдан зохицуулах шаардлагатайг онцлон тэмдэглэх” гэж АНУ-ын Төрийн департаментын өндөр албан тушаалтан мэдэгджээ. Э.Блинкен айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзалт хийх төлөвтэй байгаа бол дарга Си Зиньпинтэй уулзах эсэх нь тодорхойгүй байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй 2023 оны 6-р сарын 19-ний өдөр Бээжинд хийсэн уулзалтаар.
Зураг: the Associated Press
Жо Байдены засаг захиргаа болон Европ дахь АНУ-ын холбоотнууд Бээжин Оросын батлан хамгаалахын аж үйлдвэрийн баазыг дэмжиж буйд улам санаа зовниж буй бөгөөд Украиныг эзлэн түрэмгийлсний дараа тавьсан барууны хориг арга хэмжээг Москва Хятадын тусламжтайгаар тойрон гарч байна хэмээн үзэж буй. Энэ нь Блинкений айлчлалын гол сэдэв байх болно гэж АНУ-ын албаны хүмүүс дурджээ.
Мөн дээрх айлчлалаар Э.Блинкен Хятадын талтай хар тамхины эсрэг хамтын ажиллагааг сэргээх, цэрэг арми хоорондын харилцаа холбооны асуудал, хиймэл оюун ухаан зэрэг чиглэлээр яриа хэлэлцээ хийх аж. Тэрээр айлчлалынхаа өмнөхөн Даваа гарагт Хятадын эрх баригчид Шинжаан Уйгурт уйгур болон бусад лалын шашинт цөөнхийн эсрэг геноцид, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсээр байна хэмээн мэдэгдсэн.
Э.Блинкений айлчлалын үндсэн зорилго Америк-Хятадын харилцаа сүүлийн үед харьцангуй тогтворжиж байгаа байдлыг цаашид хадгалах, хоёр талын харилцааны шугамыг нээлттэй байлгах хэмээн олон улсын ажиглагчид үзэж байна. Гэсэн хэдий ч түүний айлчлалаар хоёр улсын маргаантай гол асуудлуудаар томоохон ахиц дэвшил гарахгүй болов уу. Вашингтоны хувьд Хятад-Оросын харилцаа, Хятадын аж үйлдвэрийн хүчин чадалд түлхүү анхаарлаа хандуулж байгаа бол Бээжин Тайванийн хоолой, Өмнөд Хятадын тэнгисийн эргэн тойрон дахь асуудалд хамгийн их санаа зовж байгаа бололтой.
Эх сурвалж: US Department of State, Reuters, New York Times, The Diplomat, Japan Times.


Leave a comment