Л.Батбаяр
Иран, Израил Улсын хооронд үүссэн хурцадмал байдлаас шалтгаалан олон улсын харилцаа, геополитикийн шинэ эринд шилжиж байна. Энэ нь хоёр улсын хооронд үүссэн зөрчилдөөн бус Иран Улс нь өөрийн прокси бүлэглэлээр дамжуулан Ирак, Йеменээр дамжуулан хийж буй явдал билээ. Ираны “Исламын Хувьсгалт Гвардын корпус”-ын удирдах албан тушаалтан, хошууч генерал Кассем Солеймани алагдсаны дараагаар Ирак дахь АНУ-ын цэргийн баазууд руу прокси бүлэглэлүүдийг гол төлөв ашиглаж байсан бол 4 дүгээр сарын 14-ний өдөр болсон үйл явдал нь өөрийн газар нутгаасаа цэргийн ажиллагаа явуулсан анхны тохиолдол юм. Энэ нь нэг талдаа Ираны талаас Ливан, Газын зурвас, Сири, Ирак, Йемен дэх прокси бүлэглэлээр дамжуулан өөрийн эрх ашгийг хамгаалж буй. Өөрөөр хэлбэл, Иран Улс нь өөрийн газар нутгаа мөргөлдөөний талбар болгохоос илүүтэйгээр “сүүдрийн дайн”-ыг сонгож, далд тоглогчийн хэлбэрээр оролцож байна. Харин өргөн утгаараа Иран Улсыг бүс нутгийн зөрчил, мөргөлдөөнд шууд оролцуулах нь хэтдээ дипломат ажиллагааг нэмэгдүүлж, шаардлагатай яриа, хэлэлцээр рүү хөтлөх болно.
Хоёр орны хооронд үүсээд буй энэхүү хурцадмал байдал нь Сири дэх Ираны Консулын газар руу хийсэн Израилын агаарын цохилтоос эхлэлтэй. Энэ утгаараа Ираны талаас НҮБ-ын дүрмийн дагуу хариу арга хэмжээг авснаа мэдэгдэхийн зэрэгцээ Израилын цэргийн байгууламжуудыг онилсныг онцлон тэмдэглэсэн. Энэхүү алхам нь Израилын талд стратегийн хохирол учруулаагүй ч урт хугацааны туршид аюул заналхийлэл, түгшүүрийг нэмэгдүүлэх нь гарцаагүй бөгөөд Израилтай тулалдахад боломжтой, бэлэн гэдгээ харуулсан үйл явдал болсон. Мөн Иран Улс цөмийн зэвсгийн хүчин чадал руу хурдацтай шилжиж байгаа нь Израилуудын санааг зовоосон асуудал байсаар байна.
Ойрын хугацаандаа Израилын талаас албан ёсоор хариу арга хэмжээ авах эсэх нь эргэлзээтэй, тодорхойгүй байна. Энэ нь Израил Улс нь олон улсын эрх зүйн баримт бичиг, зарчмыг зөрчиж, ДТГ руу халдсан, нөгөө талдаа Израил дахь хатуу үзэлтнүүдийн хувьд “томоохон хурцадмал байдал” үүсэх эхлэл гэж үзэн хэзээ нэгэн цагт Иранд хариу арга хэмжээ авахаар шийдвэрлэж магадгүй. Улс төрийн тавцанд үүсээд буй нөхцөл байдал нь Ерөнхий сайд Биньямин Нетаньяху-д улс төр хийх, “туг тойрсон жагсаал”-ыг нэмэгдүүлж, “дайн бүхий үед Ерөнхий сайдыг огцруулахгүй” гэх сурталчилгааг ашиглах нь тодорхой. Мөн гол түнш болох АНУ-тай Газын зурвас дахь нөхцөл байдлын асуудлаар санал нийлэхгүй байгаа ч Ираны “аюул, заналхийлэл” гэдэгтэй илүү санал нэгдэж буй. Мөн Газын зурваст төлөвлөж буй Рафах руу хийх цэргийн тусгай ажиллагааг эрчимжүүлж, үүсээд буй дайн бүхий байдлыг дуусгах боломжийг ч олгох боломжтой болоод байна.
Израилын төр, засагт илүү ухаалаг, системийн удирдлага гарах юм бол Ираны энэхүү халдлагаас томоохон сургамж авч, аюулын цар хүрээг тодорхойлон үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, стратегиа дахин шинэчлэх магадлал өндөр. Учир нь Палестинтай хийж буй урт хугацааны зөрчил, мөргөлдөөн нь хэтдээ Израилын тогтвортой, аюулгүй байдалд хор хохирол учруулах, Иран болон бусад сөргөлдөгч талуудаа хүчирхэгжүүлсээр ирсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, бүс нутгийн тогтвортой байдлыг бий болгоход бусад орон, тэр дундаа Арабын орнуудтай хамтран “ХОЁР УЛСЫН ШИЙДЭЛ”-д хүрэх нь илүү үр дүнтэй байх талтай ч өнөөгийн түвшинд хэрэгжих магадлал маш бага харагдаж байна.
АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж буйтай холбогдуулан Жо Байдены засаг захиргаанаас хурцадмал байдлаас зайлсхийхэд анхаарлаа хандуулж, Израилын талд галаа зогсоохыг эрчимтэй уриалж, Ираны эсрэг хориг арга хэмжээгээ нэмэгдүүлэх төлөвтэй байна. Урт хугацаандаа Ираны өсөн нэмэгдэж буй байр суурь нь АНУ-д ч гэсэн томоохон сорилт болох тул Ойрх дорнодын бүс нутагт хэрэгжүүлж буй гадаад бодлогын анхаарал хандуулах чиглэл байсаар байна. Сүүлийн 6 сарын хугацаанд л гэхэд АНУ-ын цэргийн хүч Ливан, Сири, Ирак, Йемен дэх Ираны прокси бүлэглэлүүдийн халдлагад өртсөөр байгаа билээ. Мөн Иран Улс өөрийн нутгаас баллистик пуужин, дрон харвасан явдал нь хэтдээ цөмийн байгууламжууддаа аюул дуудсан үйлдэл болох эрсдэлтэй. Арабын орнуудын хувьд Израил, Ираны хооронд үүсээд буй энэхүү тэмцэлд шууд оролцолгүй аль аль талтай найрсаг харилцааг хадгалахыг хичээх боловч АНУ-ын шахалтаас үүдэн цаашид хэрхэн өрнөх нь тодорхойгүй байна. Тухайлбал, Ираны талаас Израил руу харвасан дунд тусгалын пуужин, дронуудыг Йордан Улс өөрийн агаарын зайд нэвтэрсэн гэх шалтгаанаар буудан унагасан нь цаашид Ираны бай болох эрсдэлийг нэмэгдүүлж, бусад араб орнуудын гол анхаарал хандуулах сэдэв болно гэж судлаачид дүгнэж байна. Эцэст нь дүгнэхэд олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн орнууд бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, тэр дундаа Израил-Ираны хооронд дайн бүхий байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, Газын зурваст гал зогсоох, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, барьцаалагдсан иргэдийг суллах зэрэг хэлэлцээрүүдийг байгуулахад хамтран ажиллах, талуудад лоббидох шаардлагатай байна. Ойрх дорнодын бүс нутаг дахь хурцадмал байдал нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа тул бүс нутгийн аливаа зөрчил, мөргөлдөөний цар хүрээг нэмэгдэх тусам бидний өдөр тутмын амьдралд дам хэлбэрээр нөлөөлсөөр байгааг ойлгох хэрэгтэй.
Эх сурвалж: Middle East Institute.


Leave a comment