Б.Ариун

Америк-Хятадын харилцаанд онцгой нөхцөл байдал үүсээд байгаа өнөө үед АНУ-н Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Хятадад айлчлал хийлээ. Түүний Шанхай, Бээжин зэрэг хотуудад хийсэн гурав хоногийн энэхүү айлчлал нь тулгамдсан асуудалд тодорхой шийдэлд хүрэх гэхээсээ илүү, хоёр орны хооронд үүсээд буй таагүй нөхцөл байдлыг дипломат шугамаар намжаах, санал солилцох, итгэлцэл олж авах, Хятадын байр суурийг тандах зорилготой байлаа. 

БНХАУ-ын хувьд гадаад бодлогын томоохон хэсэг нь Америкийн үндэсний аюулгүй байдал, улс төр, эдийн засгийн чадавхыг сулруулах, технологийн хүчин чадлыг бууруулах, гадаад худалдааны давуу байдлыг алдагдуулах зэрэг болно. Энэхүү бодлогын хүрээнд Хятад Улс дэд бүтэц, цахилгаан холбоо, хүнд үйлдвэрлэл, гадаад худалдаа, технологийн салбаруудын үйл ажиллагааг дээрх чиглэлд хандуулан ажиллаж байгаа нь нууц биш юм. Жишээ нь, АНУ болон түүний холбоотнуудын технологийн чадавхыг тандах зорилгоор үйл ажиллагаа явуулж байсан Хятадын иргэдийг тагнуулын хэрэгт сэжиглэн баривчилсан тохиолдлууд Франц, Герман улсуудад илэрлээ. Үүнээс гадна, Европын Кибер судалгааны хүрээлэнгийн мэдээгээр 2005-2023 оны байдлаар БНХАУ 255 удаа зохион байгуулалттай цахим халдлагыг АНУ болон түүний холбоотон орнуудын тодорхой салбаруудад хийсэн нь тогтоогджээ. АНУ-ын Олон улсын стратеги судалгааны хүрээлэнгийн гаргасан мэдээгээр тус улсын бизнесийн салбарт ажиллаж буй 5 компани тус бүрийн 1 буюу салбарын хүрээнд 25% хүртэлх хэмжээний оюуны өмчөө Хятад Улсад алдсан. Уг мэдээнд Хятад Улс шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэл гэх мэт салбаруудад голчлон анхаарч төрийн дэмжлэгээр зохион байгуулалтайгаар одоогийн байдлаар 600 тэрбум гаруй ам.долларын үнэлгээ бүхий оюуны өмчийг хулгайлсан тухай дурджээ. Энэ нь тус улсын сансрын, агаарын болон цэргийн технологийн дэвшилд хүрэхэд нөлөөлж байна. Францийн Олон нийтийн телевизийн мэдээгээр Хятадын тагнуулын болон кибер довтолгоонд барууны хөгжингүй орнууд өртөх тохиолдол сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн, тухайлбал Герман Улсад гэхэд 2022 оны байдлаар хувийн хэвшлийн салбарын нийт 43% нь Хятадын халдлагад өртсөн байна. 

Мөн Орос-Украйны дайны нөхцөл байдлыг ашиглан Хятад Улс ОХУ-д гадаад худалдааны шугамаар дайнд хэрэглэж болох машин механизм, дрон (зэвсэгжүүлээгүй), дуран харааны материал, цэргийн зэвсэглэлд хэрэглэж болох эд ангиуд, сум болон тэсрэх бөмбөгт ашигладаг нитроцеллюлоз зэрэг химийн бодисууд, танк болон хуягт тээвэрлэгчид хэрэглэдэг дэвшилтэд технологи, пуужингийн хөдөлгүүр зэргийг худалдаалж буй нь АНУ болон түүний холбоотон улсуудын улс төрийн эрх ашигт сөрөг нөлөө үзүүлж байна. Дэлхий нийтийн улс төрийн цаг уур таагүй байгаа өнөө үед Бээжин гадаад бодлогын чиглэлээ зөв тодорхойлж, үйл ажиллагаагаа амжилттай явуулснаар өөрт ашигтай байр суурийг алхам бүрд хийж буйн жишээ энэ юм. 

Харин АНУ-ын гадаад бодлогын салшгүй нэг хэсэг бол Хятад болон Зүүн өмнөд Азийн асуудал юм. Тус улс Обамаг засаг барих үеэс буюу 2009 оноос эхлэн Зүүн Азийн болон Өмнөд Азид цэргийн ба стратегийн ач холбогдол өгч эхэлсэн нь Хятадтай шууд холбоотой юм. 

Энэхүү стратегийн чиглэлийн хүрээнд Вашингтон Зүүн болон Зүүн өмнөд Азийн орнууд дахь үйл ажиллагаагаа идэвхжүүлсээр 2023 оны 2 дугаар сар гэхэд Филиппин Улсад 4 шинэ цэргийн бааз байршуулах тохиролцоонд хүрчээ. Үүнээс гадна, Өмнөд Солонгос, Япон, Сингапур улсуудад байрлах өөрийн цэргийн баазуудын хүн хүчийг сайжруулах, байлдааны бэлэн байдалд анхаарах, зэвсэг технологийг сайжруулах арга хэмжээ авсан байна. Нөгөө талаар, АНУ Хятадын Төв Ази, Ойрх дорнод болон Африкт явуулж буй бодлогыг анхааралдаа авч зохих стратегийн арга хэмжээг авсаар байна. Жишээ нь, Вашингтон Иракт хийсэн дайны дараа тус улсад байрлах цэргийн хүчний тоог 98.53% буюу 170 гаруй мянгаас ойролцоогоор 2,500 цэрэг болгож бууруулсан нь Иракт төдийгүй тухайн бүс нутагт улс төрийн аюултай нөхцөл байдал үүсгэж БНХАУ-ын эрчим хүчний бүтээгдэхүүний худалдан авалт, тухайн бүс нутгийн логистикт нөлөөлсөөр байна. Мөн 2021 оны 8 дугаар сарын 31-нд АНУ Афганистанд хийж байсан дайнаа зогсоон цэргээ татсан, ингэхдээ зэвсэглэл, цэргийн техникүүдээ үйл ажиллагааны хэвийн нөхцөлд үлдээн гарсан байдал нь Хятадын хил орчмын бүс нутагт аюулгүй байдлын асуудал үүсэх, Хятадын холбоотон улсуудад улс төрийн тогтворгүй байдал бий болох, алан хядах ажиллагааг дэмжигч жижиг улс төрийн бүлгүүдийг орогнуулах гэх мэт таагүй нөхцөл байдал үүсэхэд хүргээд байна. 

Дипломат харилцааны хувьд АНУ Хятадтай харилцах харилцаандаа иргэж буцалтгүй сэв суулгасаар байна. 2023 оны 6 дугаар сард, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений БНХАУ-д хийсэн айлчлалаас хоёр өдрийн дараа тус улсын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын төрийн тэргүүн Си Зиньпинийг “дарангуйлагч… Хятад Улс бол эдийн засгийн хямралтай улс” гэх зэргээр олон нийтэд хэлсэн явдал нь дипломат ёсонд харш, ёс алдсан үйлдлүүдийн нэг жишээ байлаа. Үүний дараа 2024 оны 4 дүгээр сарын 28-нд АНУ-ын Сангийн яамны тэргүүн Жанет Йеллен БНХАУ-д айлчлал хийж тодорхой асуудлуудаар тус улсын Дэд Ерөнхий Сайд Хэ Лифэнтэй хэд хэдэн удаа уулзаж ярилцсан. Гэсэн хэдий ч тодорхой үр дүнд хүрээгүйгээр үл барам Ж.Йеллен уулзалтын дараах хэвлэлийн бага хурал дээр Хятадын гадаад худалдааны бодлогыг шүүмжилсэн сөрөг мэдээлэл хийсэн. Энэ мэт дипломат алдаануудыг АНУ-ын төр баригчид хийсээр байгаа нь зориуд гэхэд үнэмшмээргүй ч юм шиг. 

Ямартай ч 2022 онд цэргийн зохих харилцааны шугамаа хүртэл түр таслаад байсан Хятад Улсын хувьд АНУ-ын төрийн айлчлалд өгч буй хандлага, хүлээн авч буй хэв маяг, Хятадын дотоодын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй мэдээ сэлтийг үзэхэд энэхүү айлчлал нь БНХАУ-ын хувьд ач холбогдол, хүлээлт багатай үйл ажиллагаа болж байна уу гэмээр. Хэдийгээр дипломат шугамаар хоёр улсын харилцаа зохих хэмжээнд явагдаж эхэлсэн ч эдийн засаг, гадаад худалдаа, технологийн салбаруудад эрх ашгийн зөрчилтэй, стратегийн түвшинд олон улсын нөлөөллийн далд дайнд улайрсан хэвээр байна. 

Эх сурвалж: Mercator Institute for China Studies, BBC, Center for Strategic and International Studies, The Diplomat, Al Jazeera, Associated Press, US Department of Treasury.

Leave a comment