Э. Мөнх-Оргил

БНСУ AUKUS батлан хамгаалахын гэрээний хүрээнд АНУ, Австрали, Их Британитай цэргийн технологи хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар хэлэлцээ хийж эхэлсэн тухай Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Шин Вон Сик 5 дугаар сарын 1-ний өдөр мэдэгдэв. 

БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Шин Вон Сик “Солонгосын батлан хамгаалах шинжлэх ухаан, технологийн хүчин чадал АUKUS-н хоёрдугаар үе шат болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад хувь нэмэр оруулна” хэмээн Австралийн Мельбурн хотноо болсон Австрали, Өмнөд Солонгосын Батлан хамгаалах, Гадаад хэргийн сайд нарын “2+2” уулзалтын дараа хийсэн мэдэгдэлдээ дурдав.

AUKUS аюулгүй байдлын гэрээний эхний үе шат Австрали Улсыг цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоцоор хангахад түлхүү чиглэж байгаа бол гэрээний хоёр дахь багц хиймэл оюун ухаан, шумбагч дрон, хэт авианы систем, квант технологи зэрэг батлан хамгаалах дэвшилтэт технологийн чиглэлээр хамтран судалгаа хийх, оролцогч талуудын чадавхыг хөгжүүлэх зорилготой юм.

Өнгөрсөн сард АНУ, Их Британи, Австрали улс AUKUS-н хоёрдугаар үе шатны төслүүд дээр Япон Улстай хамтрах талаар хэлэлцэж байгаагаа мэдэгдсэн бөгөөд Шинэ Зеланд нэгдэх сонирхолтой гэдгээ илэрхийлээд буй. Бээжингийн зүгээс АUKUS аюулгүй байдлын эвсэлд шинээр гишүүд нэмэх нь бүс нутгийг тогтворгүй болгоно гэсэн хариу мэдэгдэл 4 дүгээр сард хийсэн.

Өмнөд Солонгос, Австрали хоёр AUKUS-аас гадна цэргийн хамтарсан сургуулилтаа нэмэгдүүлж зэвсэгт хүчнийхээ хамтын ажиллагааны түвшинг ахиулах, Умард Солонгосын аюул заналхийллийн эсрэг хамтран ажиллах зэрэг талаар ярилцсан байна.

Эдгээрээс харахад Канберра АНУ-тай ойртож Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар илүү том үүрэг гүйцэтгэх эрмэлзэлтэй байгаа бол Сөүл Токиогийн араас AUKUS гэрээнд түншээр орж тус эвсэлд өөрсдийн байр сууриа бий болгож авахыг зорьж байна. Энэтхэг-Номхон далайд Бээжингийн нөлөө өсөхийн хэрээр Вашингтон ийнхүү бүс нутаг дахь холбоотнуудтайгаа харилцаагаа гүнзгийрүүлж Япон, Австралийн араас Өмнөд Солонгосыг Хятадыг тойрсон аюулгүй байдлын тогтолцоондоо татан оруулахаар идэвхтэй ажиллаж байна. 

Эх сурвалж: Nikkei Asia, Korea Times.

Leave a comment