БНХАУ-ын дарга Си Зиньпин 2019 оноос хойш анх удаа Европыг зорьж 5 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд Франц, Серби, Унгарт айлчилна.
Си Зиньпин Европт хийх айлчлалынхаа үеэр Европын холбоотой худалдааны хурцадмал байдлыг намжааж, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн шинэ төслүүдээр дамжуулан Төв болон Зүүн Европт Хятадын эдийн засгийн оролцоо, нөлөөг нэмэгдүүлэхийг зорино. Си Зиньпиний айлчлалын зорилго Европын холбоотой хийх худалдааг нэмэгдүүлэх, прагматик буюу ажил хэрэгч байдлаар Европтой харилцаагаа хөгжүүлэх хэмээн ажиглагчид үзэж байна.
Тэрээр Даваа гарагт Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дэр Лайен нартай уулзах бөгөөд уулзалтаар хэлэлцэх гол асуудлуудын нэг нь Хятадын Франц, Европын холбоотой хийх худалдааны асуудал байх аж.

БНХАУ-ын дарга Си Зиньпиний гарын үсэгтэй “Хятад, Франц хоёр дипломат харилцаа тогтооход чиглүүлсэн оюун санааг урагшлуулж, дэлхийн энхтайван, хөгжлийн төлөө хамтдаа зүтгэе” гэсэн гарчигтай Францын “Le Figaro” сонинд Ням гарагт гарсан нийтлэлд тэрээр Францад хийх айлчлалаараа үндсэн 3 мессежийг хүргэх зорилготой гэжээ. Үүнд:
- Хятад Улс Францтай дипломат харилцаа тогтооход чиглүүлж өгсөн үзэл санааг урагшлуулж, өнгөрсөн ололт амжилтаа ахиулж, Хятад-Францын харилцаанд шинэ үүд хаалгыг нээх. Энэ хүрээнд хоёр орны хооронд илүү бат бөх иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бий болгох санааг дурдсан байв.
- Хятад Улс дэлхий дахинд улам бүр нээлттэй болж, Франц болон бусад оронтой хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх. Энэ нь Бээжин Паристай эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх, тодруулбал гадаад худалдааг нэмэгдүүлэх, Франц Улсаас хөрөнгө оруулалт татах, мөн Хятадын компаниудыг Франц руу гаргах, үйл ажиллагаа явуулах боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм.
- Хятад Улс дэлхийн энхтайван, тогтвортой байдлыг хадгалахын тулд Франц Улстай харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх. Энэ хүрээнд Бээжин Франц болон олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран “Украины хямрал”-аас гарах арга замыг хайж олох, мөн Ойрх Дорнодод энхтайвныг сэргээхэд хувь нэмэр оруулах зорилгоор хоёр талын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна гэжээ.
Харин Э.Макроны хувьд айчлалаар Хятадын аж ахуйн нэгжүүд Оросын батлан хамгаалах аж үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлж буй асуудлыг хөндөж, хоёрдугаарт Хятадын Засгийн газрын татаас Европын компаниудын эсрэг Хятадын компаниудад давуу байдал олгож буйг онцолж, өрсөлдөөний таатай нөхцөл бүрдүүлэх чиглэлээр яриа хэлэлцээ хийнэ гэж албаны эх сурвалжууд дурджээ.
Си Зиньпин Францад хийсэн айлчлалынхаа дараа Хятад, Оростой ойр, Хятадаас их хэмжээний хөрөнгө оруулалт хүлээн авдаг Серби, Унгарыг зорино. Тэрээр Мягмар гарагт Серби Улсад айлчилж тус улсын Ерөнхийлөгч Александр Вучичтай уулзах ба дараа нь Лхагва гарагт Унгарт айлчилж Ерөнхий сайд Виктор Орбантай уулзах аж.
Бээжин Сербийн хувьд хамгийн том гадаадын хөрөнгө оруулагч бөгөөд ЕХ-ны дараа орох хоёр дахь том худалдааны түнш, нэн шаардлагатай дэд бүтцийн төслүүдийг хөгжүүлэхэд гол дэмжигч улс юм. Харин Унгарт Си Зиньпин В.Орбантай “Бус ба Зам” санаачилгын хүрээнд хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн явц байдал, шинэ төслүүдийн талаар тохиролцоонд хүрэх төлөвтэй байгаа бөгөөд Белград-Будапешт хооронд барих хурдны төмөр замын төслийг түргэтгэх асуудлыг хөндөх бололтой.
Өнгөрсөн 2 дугаар сард Хятадын тал Унгартай хууль сахиулах байгууллагуудын харилцааг гүнзгийрүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгуулах санал тавьсан. Үүнээс гадна Хятадын “BYD” компани Европ дахь анхны үйлдвэрээ Унгарт барихаар төлөвлөж буй бөгөөд Будапешт Huawei компанийн Европ дахь томоохон бааз болоод буй.
Европын холбооны 27 гишүүн орон Хятадыг “хамтын ажиллагааны түнш, эдийн засгийн өрсөлдөгч, системийн өрсөлдөгч” хэмээн тодорхойлсон байдаг бөгөөд Европын хувьд нэг талаас Хятадтай хийх худалдаа, эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх, нөгөө талаас дотоод болон кибер аюулгүй байдал, Хятадаас ирэх эдийн засгийн эрсдэлийг тэнцвэржүүлэх сорилттой тулгарч байна.
2023 онд Бээжинд болсон “Бүс ба Зам” дээд хэмжээний уулзалтад зөвхөн Серби, Унгарын удирдагчид Европоос оролцсон ба Си Зиньпин саяхан Бээжинд Германы канцлер Олаф Шольц, Голландын Ерөнхий сайд Марк Рютте нартай уулзсан билээ. Үүнээс үзэхэд Хятадын эрх баригчид Европын орнуудтай харилцаагаа бэхжүүлж Америкийн нөлөөг тэнцвэржүүлэх, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх замаар Европтой эдийн засгийн таатай нөхцөлийг бүрдүүлэхийг эрмэлзэж байна.
Эх сурвалж: Nikkei Asia, New York Times, Xinhua, Atlantic Council, the Guardian.


Leave a comment