Европын холбооны гишүүн орнууд 5 дугаар сарын 8-ны өдөр ОХУ-аас битүүмжилсэн хөрөнгийг Украины талд дэмжлэг үзүүлэхэд ашиглах талаар тохиролцоонд хүрэв. Европын холбооны зөвлөлийг даргалж буй Бельги Улс олон нийтийн сүлжээнд ЕХ-нд суугаа дипломатууд ОХУ-ын Төв банкнаас битүүмжилсэн хөрөнгөөс олж буй орлогыг Украины сэргээн босголт, цэргийн хэрэгцээнд зарцуулахаар “үндсэндээ” тохиролцсон хэмээн мэдэгдэв.
Мөнгөний 90 хувь нь Европын энх тайвны сангаар дамжин Украинд зэвсэг худалдан авахад зарцуулагдах бол үлдсэн хэсгийг Украины сэргээн босголт, эдийн засгийг сэргээхэд зориулагдах аж. 2022 оны 2 дугаар сард ОХУ Украины руу довтолсноос хойш барууны орнууд Оросын 300 орчим тэрбум ам.долларын үнэ бүхий хөрөнгийг битүүмжилсэн боловч саяхныг хүртэл Украинд туслах зорилгоор эдгээр хөрөнгийг хэрхэн ашиглах талаар Европын холбооны гишүүн орнууд тодорхой нэгдсэн шийдэлд хүрээгүй байв.
Энэ талаар Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен твиттер хуудсандаа: “Украин болон бүх Европыг амьдрахад аюулгүй газар болгохоос илүү хүчтэй бэлэг тэмдэг, илүү их ашиг тус энэ мөнгөнд байхгүй” хэмээн жиргэжээ.
Ройтерс агентлаг мэдээлснээр битүүмжилсэн хөрөнгийн хүүгээс жил бүр Украинд 2.7-3.3 тэрбум ам.доллар (2.5-3 тэрбум евро) илгээх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд дээрх шийдвэрийг ирэх Мягмар гарагт болох ЕХ-ны Сангийн сайд нарын хурлаар баталж, ирэх зун буюу 7 дугаар сар гэхэд Украины талд шилжүүлж өгөх төлөвтэй байна.
Эх сурвалж: Axios, the Guardian, Reuters.


Leave a comment