Б.Зул

Сүүлийн жилүүдэд Бээжин – Астанагийн харилцаа олон талаар ахицтай байгаа нь 2023 онд хоёр улсын худалдаа 31.5 тэрбум ам.долларт хүрсэн (өмнөх жилүүдээс 30% өссөн) байдлаас харж болно. ОХУ-тай худалдаа эдийн засгийн нягт холбоотой Казакстан Хятадыг түших болсон шалтгаан нь Украйны дайнтай холбоотой стратегийн чиглэл байж болзошгүй ч Хятад Улс Казакстаны хамгийн том эдийн засгийн түнш болоод байна. Газарзүйн хувьд манай улстай хөрш зэргэлдээ оршдог Казакстан болон Хятадын харилцааг энэхүү нийтлэлдээ тоймлон тусгалаа.

Түүхэн Харилцаа: МЭӨ 2-р зууны Хан үндэстэн, Усун (Казакстаны эрт үеийнхэн) аймгийнхантай анх харилцаа үүсэж ураг садан барилдсан тухай түүхэн эх сурвалж байдаг. Үүнээс гадна, Хан гүрний цэрэг Казакстаны зүүн хэсэгт байрлах Талас голын сав нутагт хүрч байсан тухай түүхэн эх сурвалж үлджээ. Монгол Их Гүрний үед Чингис Хаан хоёр орныг нэгтгэж байсан. Үүнээс хойш, 1522-1566 онуудад Хятадын Мин Улс Казахын Хант Улстай харилцаа тогтоож байсан гэж түүхэнд тэмдэглэжээ. Үүнээс болон бусад эх сурвалжаас үзэхэд хоёр орны хооронд үндэсний өс хонзон, түүхэн үйл явдалтай холбоотой нийгмийн зэвүүцэл нийтлэг тархаагүй, найрсаг харилцаатай байна. 

Орчин үеийн харилцаа: 1992 оноос хоёр улс дипломат харилцаа үүсгэн хөгжүүлж улс төр, соёл, эдийн засгийн хамтын ажиллагаа явуулсаар иржээ. Хятадын хувьд хөрш зэргэлдээ улсууд, ялангуяа цэрэг зэвсэглэлийн тодорхой хүчин чадалтай Казахстан зэрэг орнуудтай тайван замын ашигтай харилцаатай байхыг стратегийн чиглэл болгодог бол Казахстаны хувьд ОХУ-с хараат бус байх, эдийн засгийн чадвараа сайжруулах, гадаад худалдаагаа төрөлжүүлэхэд Хятад Улс гол үүрэг гүйцэтгэж байна. Бээжин Казакстанд харилцаа холбооны тоног төхөөрөмж, компьютер ба цахилгаан бараа, бэлэн хувцас, нийлэг материал гэх мэт олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдаалж, 2023 оны байдлаар 16.8 тэрбум ам.долларын ашигтай ажилласан байхад, Казакстан мөн онд газрын тос, зэс, байгалийн хий зэрэг голлох бүтээгдэхүүн Хятад руу гаргаж 14.7 тэрбум ам.долларын ашиг олсон байна. Үүнээс гадна дэлхийн хамгийн том далайд гарцгүй орон болох Казакстаны хувьд Хятадын “Бүс ба Зам” санаачилга, түүний дэд бүтцийн төслүүд стратегийн ач холбогдолтой юм.

“Бүс ба Зам”: Оросын хараанд шахуу байсаар ирсэн Казахстан Улс “Бус ба  Зам” төсөлд нэгдсэнээр Европ, Иран зэрэг улсууд руу гарах эдийн засгийн гарц нээгдэнэ. Хятадын хувьд өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг Европ ба Евроази руу худалдаалах эдийн засгийн зам гаргаж АНУ-аас гадаад худалдааны хамаарлаа багасахаас гадна БНХАУ-д томоохон асуудал болоод буй эрчим хүчний бүтээгдэхүүний татан авалтын чухал замуудыг тус төслөөр дамжуулан бий болгоно. Иймд Хятад Улс Казакстанд галт тэрэгний зам, нисэх онгоцны буудал, цахилгаан станц, байгалийн хий болон газрын тосны хоолой, газрын тос боловсруулах үйлдвэр барих чиглэлээр хөрөнгө оруулж байна. Үүнтэй холбоотой Хоргос-Зүүн Гарцын боомт, Шалка-Бэйниү Галт тэрэгний зам, Жэзкасган-Саксаулийн гал тэрэгний зам, Курикийн Усан боомт, Каспийн тэнгисийн Дамжин өнгөрөх усан боомт, нэгдсэн мэдээллийн НОМАД нэртэй дата төв, Алмати-Шу галт тэрэгний шугам зэрэг томоохон төслүүд хэрэгжүүлж байна. Мөн Хятадын төрийн өмчит Хятадын Цөмийн цахилгаан эрчим хүчний групп (China General Nuclear Power Group), Казахстаны цөмийн эрчим хүчний агентлаг болох “Казатомпром”-той урт хугацааны гэрээ байгуулж Улбагийн Цөмийн эрчим хүчний түлшний үйлдвэрийн 49% эзэмшиж байна. Үүнээс үзэхэд Бээжин-Астанагийн хамтын ажиллагаа нь стратегийн болон тактикийн түвшинд өргөн хүрээтэй явагдаж байгааг харж болно.

Улс төр, Нийгмийн Харилцаа: 2022 онд Хятадын Батлан хамгаалах яамны сайд Вэй Фэнхэ, Казахстаны Ерөнхийлөгчтэй уулзаж Байнгын стратегийн түншлэлийн гэрээ байгуулжээ. Энэ нь хоёр орны хувьд Шинжаан Уйгарын асуудалд нэгдсэн байр сууриа баталгаажуулах алхам байгаад зогсохгүй батлан хамгаалахын салбарт хамтын ажиллагааг зузаатгах, Украйн болон Афганистаны асуудалд санал солилцох зэрэг чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болжээ. Казахстан Улс Хятад-ОХУ-ын бий болгосон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ууган хийгээд албан ёсны гишүүн орны хувьд улс төр, батлан хамгаалахын салбар, үндэстэн дамнасан гэмт хэрэг, алан хядахтай тэмцэх зэрэг олон үйл ажиллагаанд бүрэн хэмжээгээр хамтран ажилладаг. Английн томоохон хэвлэл болох “The Guardian” 2014 онд олон сая уйгар болон казах ястан Хятадын Шинжаан мужид хоригдон саатуулагдаж, тус улсын албадан хөдөлмөр эрхлэлтийн хорих лагериудад тодорхой бус хугацаагаар хоригдож буй тухай мэдээлсэн байдаг. Энэхүү мэдээнд Хятадын Шинжаан орчмын казах ястнууд Казахстан руу зугтан гарсан байх тухай дурдсан байна. Гэсэн хэдий  ч хүний эрхийн тухай, үндэсний цөөнхийн тухай асуудлууд Казахстан-Хятадын харилцаанд ач холбогдолгүй аж. Тэр ч бүү хэл 2014 оноос хойш Хятадад суралцагч Казахстаны оюутнуудын тоо тав дахин өсөж, багадаа 12 мянга хүрсэн тухай мэдээ байна. Казахстаны талаас гаднын орнуудад сурч буй нийт 85 мянган оюутнуудын 18%-19% нь Хятадыг чиглэдэг нь БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөртэй шууд холбоотой. Энэ нь Бээжингээс явуулдаг зөөлөн буюу далд нөлөөллийн хэлбэрүүдийн нэг бөгөөд хоёр орны ирээдүйн харилцааны томоохон бааз суурь болж өгдөг Хятадад ээлтэй нийгмийн нөлөөлөл бүхий анги давхарга бий болгодог ач холбогдолтой. Казахстаны талаас ч Хятадын иргэдэд зориулсан сургалтын хөтөлбөрийг Болошакийн сургалтын тэтгэлэгт программын хүрээнд олгодог байна. Үүнээс үзэхэд талууд нийгэм улс төрийн харилцаандаа анхаарал хандуулсаар байна.

Евроазийн бүс нутгийг хамарсан томоохон улс төрийн нэгдэл үүсэхэд Хятад-Казахстаны харилцаа томоохон нөлөө үзүүлнэ. Бээжингийн хувьд хөрш орнуудтайгаа найрсаг, тайван замын дипломат харилцааг хөгжүүлэх сонирхолтойгоо бөгөөд улс төр, эдийн засгийн эрх ашгаа далд буюу зөөлөн замаар хамгаалах үйл ажиллагаа хэрэгжүүлдэг туршлагыг Казахстан-Хятадын харилцаанаас харж болохоор байна. 

Эх сурвалж: Astana Times, the Diplomat, China Daily, the Guardian, Financial Times, Eurasian Research Institute, CDR Magazine.

Leave a comment