ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчоо 2024 оны 4-р сарын 26-ны өдөр хуралдаж, ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпин хурлыг даргалан, хурлаар улс орны эдийн засгийн байдал, төлөв, ялангуяа цар тахлын дараах эдийн засгийн хүндрэлийг даван туулж эргэн хэвийн байдалд орсон ч гадаад орчны үйл явдлын нөлөөгөөр хөгжил, аюулгүй байдлын хувьд шинэ соргог сорилт бэрхшээл тулгарч буйг онцлон, үүнтэй холбогдуулан эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, бодлого зарчмыг шинэчлэн тодорхойлох шаардлагатай талаар хэлэлцжээ.
Хурлаар тус улсын нийгэм, эдийн засгийн хөгжил болон нам, төрийн “амьдрал”-д нөлөө бүхий бодлого, шийдвэр гаргадаг намын Төв хорооны бүх гишүүдийн Гуравдугаар хурлыг ирэх 7 дугаар сард хийхээр товлолоо. Энэ хурал нь өнгөрсөн оны сүүлээр болох байсан боловч ийнхүү 8 сар хойшилсны эцэст товлогдож байна.

Тус хурал ийнхүү 8 сар хойшилсныг зарим судлаачид Си Зиньпин гурав дахь удаагаа улиран тус улсын нам, төрийн дээд удирдлагаар сонгогдсонтой холбоотой, Хятадын “улс төрийн амьдрал” нь өрнөл, тэмцэл ихтэйн зэрэгцээ олон улсад тодорхой дайн байлдаан, сөргөлдөөн шатлан өргөжиж буйтай холбон тайлбарлаж байна.
Ялангуяа Улс төрийн товчооны хурлаар “…олон улсын нөхцөл байдалтай холбогдуулан эдийн засгийн шинэчлэлийг урагшлуулж, гадаадын өрсөлдөгчдийн эсрэг стратегийн давуу талыг олж авах…” асуудлыг хөндөн хэлэлцсэнийг судлаачид ажиглаж байна.
Үүнээс үзэхэд өнгөрсөн онд тус улсын улс төр, нийгэм, эдийн засгийн гол бодлого, шийдвэрүүдэд Дэн Сяопины онол шинэчлэлийн 45 жилийн ой, Си Зиньпиний шинэчлэл, үзэл санааны 10 жилийн ой, эдгээрийн үр дүнг шигтгэн онцолж байсан бол энэ оны хувьд өнөөгийн олон улсын нөхцөл байдал дахь БНХАУ, Си Зиньпин төвтэй ХКН-ын удирдагчдын тэнцвэртэй бодлого, шийдвэр болон БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ойг онцлох өвөрмөц агуулгатай байхаар байна.
Ийнхүү удаан хүлээгдсэн ХКН-ын Төв хорооны бүгд хурал ирэх 7-р сард товлогдсоноор тус улсын улс төр, нийгэм, эдийн засгийн амьдрал энэ оны сүүлийн хагас жилд өрнөл ихтэй байх төлөвтэй.
Эх сурвалж: Xinhua news, The Diplomat, South China Morning Post, Financial Times.


Leave a comment