ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины БНХАУ-д хийх төрийн айлчлал өнөөдөр эхэлж 5 дугаар сарын 17-ны өдөр өндөрлөнө. Тэрээр хамгийн сүүлд 2023 оны 10 дугаар сард “Бүс ба Зам” дээд түвшний чуулга уулзалтад оролцохоор Бээжинд айлчилсан бөгөөд анх 2000 онд Ерөнхийлөгч болсноосоо хойш 19 дэх удаагаа БНХАУ-д айлчилж байна.
2022 оны 2 дугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украин руу цэргээ илгээхээс хэдхэн хоногийн өмнө Бээжинд айлчлахдаа Хятад, Орос хоёр харилцаагаа “хязгааргүй” түншлэлийн хүрээнд хөгжүүлж байгаагаа зарласан. В.Путин Хятадад хийх айлчлалынхаа үеэр Бээжинтэй эдийн засаг, цэрэг, аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн зэрэгцээ эрчим хүчний шинэ хэлэлцээр байгуулахыг эрмэлзэнэ. Гэвч Украины дайнаас хойш Орос Хятадаас улам хараат болж байгаа энэ үед Бээжин яриа хэлэлцээнд аль болох таатай нөхцөл бүрдүүлж өөрт ашигтай үр дүнд хүрэхийг хичээх болно гэж олон улсын ажиглагчид таамаглаж байна.

В.Путины айлчлал Орос-Хятадын эдийн засгийн харилцаа өмнө байгаагүйгээр өсөн нэмэгдэж байгаа үед болж байгаагаараа онцлготой бөгөөд түүний айлчлалын гол зорилгын нэг энэхүү харилцааг хадгалж илүү гүнзгийрүүлэх явдал байх болно. Хоёр талын худалдаа 2020-2023 онд хоёр дахин нэмэгдэж 108 тэрбум ам.доллароос 240 тэрбум ам.доллар болтлоо өссөн. ОХУ-ын хувьд Украйны дайнд шаардлагатай машин хэрэгсэл, дэвшилтэт технологи, тэсэрч дэлбэрэх бодис, бусад сэлбэг, мөн дотооддоо амьжиргааны түвшин буурч инфляц өсөхөөс сэргийлэх хямд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг Хятадаас импортолж буй. Үүнээс гадна, Хятад Оросын газрын тос, байгалийн хийн экспортын гол зах зээл болсон бөгөөд ойрын ирээдүйд өөр худалдан авагч олоход хүндрэлтэй байх байна. Цаашид хоёр талын худалдаа улам өсөх бөгөөд Орос барууны орнуудаас импортлох боломжгүй бараа бүтээгдэхүүнээ Хятадаас улам ихээр авах шаардлагатай болно.
Хоёрдугаарт, В.Путины айлчлалаар Оросын тал эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг эрмэлзэх боловч Хятадын зүгээс тавих нөхцөлийг хүлээж авахгүй бол тодорхой ахиц дэвшил гарахгүй хэмээн шинжээчид үзэж байна. Гадаад худалдаагаа нэмэгдүүлэхээс гадна Орос Хятад руу эрчим хүчний экспортоо өргөжүүлэх, эрчим хүч, дамжин өнгөрөх дэд бүтэц рүү Хятадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг чухалчилна.
Оросын байгалийн хийн “Газпром” компанийн санхүүгийн хүнд байдал цаашид үргэлжлэх бөгөөд Оросын газрын тос, шингэрүүлсэн байгалийн хий үйлдвэрлэгчид Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг эрэлхийлж, үйлдвэрлэлээ дэмжих санхүүгийн болон техникийн туслалцааг Хятадаас хайх болно. Айлчлалын хүрээнд “Сибирийн хүч 2” Орос-Хятадын хоолой барих төсөл хамгийн их анхаарал татаж байгаа боловч одоогоор Бээжин хийн хоолойн үнийн хэлэлцээрийг хурдасгах, гэрээ байгуулах гэж яарахгүй байна. Хятадын хувьд Оростой хийх импорт, экспорт Москвагийн эдийн засгийн тогтвортой байдалд чухал ач холбогдолтой бөгөөд цаашид энэ байдал улам нэмэгдэнэ гэдгийг сайтар мэдэж байгаа. Иймд Бээжин зөвхөн өөрт ашигтай үед, өөрийн нөхцөлөөр дээрх төслийг хэрэгжүүлэх болов уу.
Үүнээс гадна, Бээжин, Москва хоёр Вашингтоны эсрэг харилцан ашигтай байдлаар батлан хамгаалах, техник технологи хийгээд дипломат хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг зорино. Ялангуяа Оросын Алс Дорнод, Арктик зэрэг Хятадын сонирхсон салбарт цэргийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлээр талууд гэрээ хэлэлцээр хийх магадлалтай. Хоёр улс Алс Дорнодод илүү өргөн хүрээнд ойр ойрхон хамтарсан цэргийн сургуулилт хийхээр тохиролцож магадгүй бөгөөд энэ нь АНУ, Япон, Өмнөд Солонгост шинэ аюул занал учруулж, тэдний анхаарал, нөөцийг Тайвань, Солонгосын хойгоос холдуулж болзошгүй юм.
Товчхондоо Бээжин хоёр талын худалдаа, дипломат харилцаагаа чухалчилж цаашид харилцаагаа хөгжүүлэх таатай нөхцөл бүрдүүлэхийг зорино гэж олон улсын ажиглагчид үзэж байна. Харин В.Путин дайны үед эдийн засгийн дэмжлэг Бээжингээс хүсэхээс өөр сонголтгүй бөгөөд Вашингтон, барууны орнуудын эсрэг Бээжинтэй хүчээ нэгтгэж байгаагаа дэлхий нийтэд харуулахыг эрмэлзэнэ.
Хоёр удирдагч айлчлалын хүрээнд хийх хэлэлцээрийн төгсгөлд хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, Хятад, ЗХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн арга хэмжээнд оролцоно.
Эх сурвалж: The Economist, Stratfor, Axios, Financial Times, New York Times.


Leave a comment