Л.Батбаяр

Ойрх Дорнодын бүс нутагт өөрийн байр суурийг бэхжүүлж, тогтвортой, аюулгүй байдалд шууд нөлөөлөл үзүүлэгч Иран Улсын Ерөнхийлөгч Эбрахим Райси 5 дугаар сарын 19-ний өдөр нисдэг тэрэгний ослоор амь үрэгдэв. Энэхүү үйл явдал нь бүс нутгийн орнууд, тэр дундаа Иран даяар исламист дэглэм бэхжиж байгаа үед болсон нь анхаарал татна. Үүний хариуд тус улсын Дээд удирдагч Аятоллах Али Хамейни эрх мэдлийн орон зайг сул байлгахгүй байх тал дээр онцгойлон анхаарал хандуулж байна. 

Өдгөө 85 насыг зооглож буй Дээд удирдагч Али Хамейнигийн хувьд өөрийн залгамжлагчийг тодруулах чухал бөгөөд хүндхэн шийдвэрийг гаргах шаардлагатай тулгамдаж байсан ба Ерөнхийлөгч Эбрахим Райси нь түүний үйл хэргийг үргэлжлүүлэх хүнээр албан бусаар тодорсон гэж үздэг. Иймд, Ираны Ерөнхийлөгчийн гэнэтийн үхэл нь дараагийн Дээд удирдагчийг сонгох үйл ажиллагааг төвөгтэй болгож горилогчдын дунд ширүүн өрсөлдөөнийг бий болгоно. 

1979 онд “Исламын хувьсгал”-ын үр дүнд Исламын Бүгд Найрамдах Улс байгуулагдсанаас хойш Ерөнхийлөгчийн албан тушаалыг 8 хүн хашсан байдаг. Тухайлбал, 1981 онд Ерөнхийлөгч Мохаммад Али Ражай Шахын засаглалын дараах улс төрийн хүчирхийллийн үеэр бөмбөгдөлтөд өртөж амь насаа алдаж байсан. Үүнтэй адилаар бүс нутагт исламист үзэл суртал дахин дэлгэрч, Ойрх Дорнодын асуудал нь олон улсын харилцааны гол сэдэв болсон энэ үед Ираны Ерөнхийлөгч Эбрахим Райси, Гадаад хэргийн сайд Хоссейн Амир Абдоллахиан зэрэг чадварлагч тоглогчид амь үрэгдсэн явдал нь бүс нутгийн хурцадмал байдлыг эрчимжүүлэх, аль эсхүл мөргөлдөөний цар хүрээг нэмэгдүүлэх магадлалтай юм. Өнөөгийн байдлаар Дээд удирдагч, Исламын хувьсгалт гвард зэрэг онцгой субъектүүд Ираны гадаад, дотоод бодлогын үндсэн чиглэл, хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ба ойрын хугацаанд Эбрахим Райсиг ард түмнээсээ сонгогдсон Ерөнхийлөгч хэмээн сурталчилж, түүн шиг хувирч чадах өөр албан тушаалтныг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх болов уу. Тус улсын үндсэн хуулийн дагуу тэргүүн Дэд ерөнхийлөгч Мохаммад Мохбер Ерөнхийлөгчийн, Али Багери Гадаад хэргийн сайдын үүргийг тус тус гүйцэтгэж, Дээд удирдагчид хэрхэн үнэнч гэдгээ харуулах л үлдсэн.

Талийгаач Эбрахим Райсигийн улс төр замнал нь Дээд удирдагч Али Хамейнитай нягт холбоотой байсан ба өнгөрсөн 10 жилийн хугацаанд олон нийтийн өмнө нэр дэвшүүлж, өдгөө 2021 оны сонгуулиар түүнийг Ерөнхийлөгч болоход нь тусалж, дараагийн Дээд удирдагчид бэлтгэж байсан гэх. Гэхдээ өдрөөс өдөрт эрүүл мэнд, улс төрийн байр суурь нь эргэлзээ төрүүлж буй Дээд удирдагч Али Хамейнигийн дараагийн алхам юу байх вэ гэдэг нь анхаарал татна. Түүнээс биш Эбрахим Райсигийн халааг хэн авч, Ерөнхийлөгч болох нь хөшигний цаадах асуудал. Иймд, цаашид Дээд удирдагч Аятоллах Али Хамейнигийн шатрын хөлөг дэх хожлын нүүдэл, аль эсхүл буланд шахагдаж, мадлуулах эсэхийг харах л үлдэж байна.

Эх сурвалж: Middle East Institute.

Leave a comment