Уиллям Лай 2024 оны 5-р сарын 20-ны өдөр тангараг өргөснөөр Тайванийн 6 дахь Ерөнхийлөгч болж, түүний Ардчилсан дэвшилт нам 3 дахь удаагаа дараалж төрийн эрх барихаар боллоо. Түүний Засгийн газар өмнөх засгийн буюу Цай Инвэний бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хоёр эргийн харилцааг тогтвортой байлгах, гадаад харилцаа болон худалдааг тэлэх, эдийн засгийн шинэчлэл хийх, нийгмийн халамжийг нэмэгдүүлэх, хүний эрх, ардчиллыг дэмжих, хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг зорилтууд тавьж байна. Эдгээрийн зэрэгцээ Тайванийн батлан хамгаалах хүчин чадлыг нэмэгдүүлэх, ардчилсан холбоотнуудтайгаа харилцаагаа гүнзгийрүүлэх хоёр тэргүүлэх чиглэлээр ажиллах аж.
Энэ утгаараа Уиллям Лай өмнөх Засгийн газрын ихэнх сайдуудыг хэвээр үлдээж, дараах анхаарал татах халаа сэлгээ хийсэн байна:
- Ерөнхий сайдаар Чо Жунтай томилогдож, дотоод бодлого, улс төрийн асуудлыг хариуцан, парламентын олон сөрөг хүчинтэй “хэл амаа ололцох” үүргийг хүлээж байна.
- Батлан хамгаалахын сайд Чю Куочэнь-ийг сольж, түүний оронд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, АНУ-тай хийж буй зэвсгийн худалдааны чиглэлээр туршлагатай Веллингтон Ко-г томилов.
- Гадаад хэргийн сайд Жозеф У-г Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнээр томилов.
- Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Лин Чялунь-ийг Гадаад хэргийн сайдаар томилов.
- Цай Инвэний бодлогыг дэмжигч, өмнө нь АНУ-д Тайванийн топ дипломатаар ажиллаж байсан дипломат Сяо Биким Дэд Ерөнхийлөгчөөр ажиллана.
- Эх газартай харилцах зөвлөлийн дэд дарга байсан Чю Чуйчэнь тус зөвлөлийг даргалан ажиллахаар болов.
- Тайванийн “Topco Scientific” компанийг үүсгэн байгуулагч, электроник, хагас дамжуулагчийн салбарт нөлөө бүхий туршлагатай бизнесмен Гуо Чихуй эдийн засгийн асуудал хариуцсан сайдаар ажиллана.

Photo Credit: CNA, TaiwanNews
Үүнээс үзэхэд Тайванийн шинэ Засгийн газар АНУ-тай улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын салбарт харилцах харилцаанд, ялангуяа хоёр талын батлан хамгаалах салбарын харилцааг гүнзгийрүүлэх, энэ хүрээнд сөнөөгч онгоц, шинэ үеийн шумбагч хөгжүүлэхэд Америкийн талаас дэмжлэг туслалцаа авахыг зорино.
Мөн Японтой харилцаагаа бэхжүүлж, Номхон далайн иж бүрэн, дэвшилтэт түншлэлд оролцох, аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь хоёр дахь зорилт байх бололтой.
Эдгээр нь бүхэлдээ БНХАУ-ын эдийн засгийн нөлөөг бууруулах, сөргөлдөөнд Тайванийн одоогийн тусгаар тогтнол, статус квог хамгаалах, батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилготой.
Гэвч Тайванийн шинэ газрын хувьд дотоодод нь парламентад олонх болоод буй БНХАУ-ыг дэмжигч сөрөг хүчин болох Ардын нам (Гуо Мин Дан)-ын зүгээс ирэх улс төрийн шахалт, эсэргүүцэл, гадаад орчинд энэ оны сүүлээр болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор тулгарах асуудлууд сорилт бэрхшээл болох төлөвтэй.
Уиллям Лай өмнө нь Тайванийн Тайнань хотын дарга, мөн цар тахлын дараах эдийн засгийн хүнд үед болон БНХАУ-тай харилцаа муудсан үед Тайванийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан, Тайванийн өмнөд нутгаас гаралтай, нийгмийн эрүүл мэнд, халамжийн тогтолцоог сайжруулах чиглэлээр амжилттай ажилласан туршлагатай улс төрч юм. Харин БНХАУ-ын зүгээс улс төрийн бодлого, байр суурьтай нь холбоотойгоор түүнийг “салан тусгаарлагч” хэмээн үздэг.
Иймд хоёр эргийн харилцаа ирэх жилүүдэд эрс сайжрахгүй, одоогийн сөргөлдөөн хэвээр үргэлжлэх, цаашид улам даамжрах магадлалтай гэж судлаачид үзэж байна.
Эх сурвалж: South China Morning Post, Taiwan News, Al Jazeera, ASPI Strategist.


Leave a comment