Э. Мөнх-Оргил

БНСУ, БНХАУ, Япон Улсын удирдагчид гурван талт дээд хэмжээний уулзалт 5 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Сөүл хотноо зохион байгуулна гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Пүрэв гарагт мэдэгдэв. Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн орлогч Ким Тэ Хё мэдэгдсэнээр тус улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёль гурван талт уулзалтын өмнө Ням гарагт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, Японы Ерөнхий сайд Кишида Фүмио нартай хоёр талын уулзалт хийх аж.

Сөүл, Бээжин, Токио бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор 2008 оноос эхлэн жил бүр дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар тохиролцсон ч хоёр талын харилцааны асуудлуул, “COVID-19” цар тахлын улмаас дээрх санаачилга 2019 оноос хойш тасалдсан байв.

Гурван талт дээд хэмжээний уулзалтаар талууд эдийн засаг ба худалдаа, шинжлэх ухаан технологи, иргэд хоорондын солилцоо, тогтвортой хөгжил, гамшгийн болон аюулгүй байдлын менежмент, эрүүл мэнд, хүн амын хөгшрөлтийн асуудал зэрэг “зөөлөн” буюу маргаангүй сэдэв, асуудлаар яриа хэлэлцээ хийх төлөвтэй байна. Түүнчлэн албаны эх сурвалжууд мэдээлснээр талууд дээрх уулзалтаар хүнсний хангамжийн нийлүүлэлтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, оюуны өмчийг хамгаалах, гарааны бизнесийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээнүүдийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хөндөж ярилцах аж. Үүнээс гадна, дээд хэмжээний уулзалтын өмнө гурван улс чөлөөт худалдааг өргөжүүлэх, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээг тогтворжуулах чиглэлээр хамтран ажиллах талаар нэгдсэн ойлголтод хүрсэн гэх мэдээлэл байна.

Зураг: Крейг Стефенс / South China Morning Post

Гэсэн хэдий ч Сөүл, Токио хоёр АНУ-тай хөгжүүлж буй аюулгүй байдлын хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдол өгч буй бөгөөд хамгийн том худалдааны түнш Хятад Улстай харилцаагаа тэнцвэржүүлэх бодлого баримтална. Сөүл, Токио Бээжингийн өсөн нэмэгдэж буй эдийн засаг, цэргийн хүч нөлөөнөөс болгоомжилж байгаа ч эдийн засгийн харилцаагаа хөгжүүлж, харилцаагаа тогтвортой хадгалахыг зорино. 

Харин Бээжин Сөүл, Токио хоёртой харилцаагаа сайжруулахад анхаарч Вашингтоны бүс нутаг дахь геополитикийн нөлөөллийг тэнцвэржүүлэх, Америкийн Зүүн Азийн орнуудтай бий болгож буй стратегийн нэгдмэл байдлыг эвдэх бодлого явуулна гэж ажиглагчид үзэж байна. Өнгөрсөн оны 8 дугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Японы Ерөнхий сайд Ф.Кишида, БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль нарыг Кэмп Дэвидэд хүлээн авч уулзаж аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхээ мэдэгдсэн нь Бээжинд түгшүүрийн хонх дугаргасан бололтой.

2019 оноос хойш анх удаа болж байгаа дээд хэмжээний уулзалт Зүүн Азийн эдийн засгийн гурван том гүрний харилцаанд шинэ уур амьсгал оруулна гэсэн хүлээлт талуудад байгаа бөгөөд яриа хэлэлцээ худалдаа, эдийн засгийн харилцаа зэрэг харилцан ашигтай салбарын хүрээнд явагдана гэж шинжээчид таамаглаж байна. Гэсэн хэдий ч, Умард Солонгос, Тайвань зэрэг асуудал маргаан үүсгэж болзошгүй тул гурван талт уулзалтаар томоохон өөрчлөлт, үр дүн гарах магадлал бага гэж үзэж байна.

Эх сурвалж: Nikkei Asia, The Diplomat, China Daily, South China Morning Post.

Leave a comment