Б.Зул
Умард Солонгосын ОХУ-д худалдсан зэвсэг Украины дайнд хэрэглэгдэж байна гэсэн мэдээ барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан. Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Шин Вон Шигийн мэдэгдлээс үзэхэд Умард Солонгос ОХУ-д 6,700 контейнер ачаа явуулсан дотор ойролцоогоор 152мм, 122мм-ын 3 сая гариу сум байх магадлалтай байна.
Манай улс 1948 онд Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсыr тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрсөн хоёр дахь улс болж дипломат харилцаа тогтоожээ. Үүнээс хойш Ким Ил Сун, Ким Жон Ил зэрэг удирдагч солигдон одоогийн удирдагч Ким Жөн Уны засаглалтай зохих түвшинд харилцаатай байна.
Ким Жөн Ун нь 1984 оны 1 дүгээр сарын 8-нд төрсөн гэх бөгөөд багадаа Швейцарт боловсрол эзэмшиж, 2002-2007 онд Ким Ил Суны нэрэмжит Үндэсний батлан хамгаалахын их сургуульд суралцаж, 2009 оноос эхлэх төрийн эрх барих суудалд бэлтгэгдэн 2011 онд төрийн эрхэнд гарч сүүлийн 13 жил ажлаа тодорхой хэмжээнд амжилттай явуулж байна. Өмнө нь Умард Солонгосын пуужингийн туршилтуудыг АНУ-ын анхаарлыг татах зорилгоор хийдэг гэж судлаачид тохуурхдаг байсан бол өнөөгийн байдлаар Умард Солонгосын цөмийн зэвсгийн программ барууны анхаарлыг татах түвшинд хүрчээ. Үүнээс гадна, Ким Жөн Уны засаглал дор Умард Солонгос цөмийн зэвсэг, баллистик пуужин, хиймэл дагуул, дрон үйлдвэрлэл, өндөр хурдны пуужин зэрэг зэвсэг техникийг барууны хориг арга хэмжээг үл хайхран хөгжүүлж чаджээ. Сүүлийн жилүүдэд Умард Солонгосын байр суурь илүү хатуу, дуу хоолой илүү чанга болох хандлага ажиглагдаж байна. Жишээ нь, энэ жил гэхэд тус улс Өмнөд Солонгосын талаар баримталдаг бодлогоо өөрчилж “хамтрах оршихуй” бус нэгдсэн нэг улс байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлэх болж дайн өдөөх үндэс суурийг тавьж байна хэмээн зарим судлаачид үзэж байна.
Умард Солонгос нийгэм улс төрийн хувьд нийтийг хамарсан дайнд бэлтгэлтэй, нийт хүн амын 5% буюу 1.1 сая цэрэгтэй 400 гаруй байлдааны нисэх онгоц, 80 гаруй жижиг бөмбөгдөгч, багадаа 200 гаруй зөөвөрлөгч онгоцтой. Гэсэн хэдий ч технологийн хувьд Өмнөд Солонгосоос илт дутмаг байдалтай байна. Жишээ нь, Умард Солонгосын хуучин соци-үеийн МИГ-21, МИГ-29 байлдааны онгоц, ойрын зайн тулаанд тохиромжтой Су-25 зэрэг байлдааны онгоцнууд нь пуужингаас хамгаалах сүүлийн үеийн технологи байхгүй. Мөн тус улсын агаарын хүчний хамгийн орчин үеийн гэгдэх Ж-5, Ж-7 зэрэг (МИГ-17 загвар дээр суурилж Хятадад үйлдвэрлэсэн) олон-үйлдэлт бөмбөгдөгч-сөнөөгч онгоцнууд нь Өмнөд Солонгосын агаараас эсэргүүцэх КМ-SАМ агаараас хамгаалах радар пуужингийн систем, усан онгоцноос хөөргөж болдог Аагис пуужингийн систем, THAAD пуужингаас хамгаалах систем, Израилын одоо хэрэглэж байгаа Iron Dome, Патриот пуужингаас хамгаалах систем зэрэг олон хамгаалалтын зэвсэглэлтэй харьцуулахад нөлөө муутай. Үүнээс гадна, Өмнөд Солонгос Умард Солонгосоос багадаа хоёр дахин олон буюу агаарын цэргийн 890 гаруй ажиллагаатай онгоцтой, сүүлийн үеийн F35, KAI KF16, KAI KT1, KAI T50 зэрэг онгоцнууд байлдааны бэлэн байдалд байдаг.
Нөгөө талаар, Умард Солонгосын зэвсэглэлийн давуу тал болох пуужингийн системийн тухайд 2012 онд амжилтгүй болж байсан хиймэл дагуулын программаа үргэлжлүүлэн 2023 оны 11 сард “Malligyong-1” нэртэй цэргийн тагнуулын боломж бүхий хиймэл дагуул амжилттай хөөргөсөн, 2017 онд туршиж байсан 10,000-13,000 километрийн радиусын тусгалтай тив алгасах “Hwasong-14”, “Hwasong-15”, 2019 онд туршиж байсан богино зайн буюу 450 км тусгалтай “KN-23”, 350 км тусгалтай “KN-25” зэрэг пуужингуудтай. Мөн дунд зайнд буюу 4,500-5,500 км тусгалтай “Hwasong-12”, “Hwasong-13” зэрэг пуужингийн системээс гадна өмнөх үеийн “Hwasong-5, 6, 7” зэрэг системээ амжилттай туршиж байсан. Цаашлаад хиймэл дагуул хөөргөхөд хэрэглэдэг “Taepodong-2” зэрэг систем Умард Солонгосын зэвсэглэлд бий. Үүнээс гадна, тус улсын зэвсэглэлд хараахан ороогүй буюу туршилтад хийгдэж буй “Hwasongpho-16B” зэрэг эрчимт хурдны пуужингуудыг дайны үед хэрэглэх боломжтой юм.
Украины дайнд Умард Солонгост үйлдвэрлэсэн пуужин хэрэглэсэн тухай барууны хэвлэлүүд мэдээлжээ. Эх сурвалжаас үзэхэд ОХУ-ын хэрэглэсэн Умард Солонгосын “Hwasong-11” гэх пуужин нь чанар муутайгаас гадна чиглүүлэх систем муутай, нислэгийн явцад агаарт тэсэрдэг, тэсрэлтээс үлдсэн эд 290 гаруй ангиудаас АНУ, Хятад, Герман, Япон, Нидерланд, Сингапур, Швейцар, Тайван зэрэг орнуудын 25 компанийн бүтээгдэхүүн олдсон гэжээ. Уг пуужингийн системийг тус улс анх 2019 онд туршилтад оруулж байсан ч байлдааны талбарт хэрэглэж байгаагүй юм. Үүнээс үзэхэд тус улсын пуужингийн зэвсэглэлд дэвшилтэд технологи байхгүй, чиглүүлэлт-тусгалын систем нь барууны технологиос хамааралтай байж болзошгүй байна.
Гэсэн хэдий ч, сүүлийн жилүүдэд Умард Солонгосын агаарын болон пуужингийн технологи нь мэдэгдэхүйц дэвшилттэй байна. Эдийн засгийн сорилт, олон улсын хориг арга хэмжээг үл харгалзан БНАСАУ пуужингийн хөтөлбөрөө хөгжүүлж чадсан бөгөөд сүүлийн үеийн туршилтууд нь пуужингийн тусгалын зай, нарийвчлал, даац зэрэг нэмэгдсэнийг харуулсан. Нэмж дурдахад, Умард Солонгосын ОХУ-тай хөгжүүлж буй хамтын ажиллагаа, үйлдвэрлэлийн хүчин чармайлт нь Пёньян цэргийн чадавх, стратегийн тогтоон барих хүчээ нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдол өгсөөр байгааг харуулж байна.
Эх сурвалж: Newsweek, Associated Press, globalfirepower.com, wdmma.org, the National Interest, CSIS.


Leave a comment