Өмнөд Солонгос, Япон, Хятад гурван улсын төр, засгийн тэргүүн нарын уулзалт 2024 оны 5 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Сөүл хотод боллоо. Уулзалтаар БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цянь, Японы Ерөнхий сайд Ф.Кишида нарыг хүлээн авч уулзан, талууд эдийн засаг, худалдаа, иргэдийн харилцаа, бүс нутгийн энх тайван, аюулгүй тогтвортой байдлыг хангах талаар хэлэлцэв. Ялангуяа бүс нутаг дахь худалдааг саадгүй явуулах, үйлдвэрлэлийн нийлүүлэлтийн гинжин хэлхээг тасалдуулахгүй байх, үүний тулд гурван улс чөлөөт худалдаа хийж эхлэх, мөн Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах асуудал дээр тус тус санал нэгдэн цаашид хамтран ажиллахаар зөвшилцөв.
Ингэснээр 2019 оноос хойш зогсонги байдалд ороод байсан дээрх гурван улсын чөлөөт худалдааны хэлэлцээр эргэн сэргэж байна. Талууд энэ талаар 2012-2019 онуудад 16 удаагийн цуврал яриа хэлэлцээ хийж, идэвхтэй хамтран ажиллаж байсан юм. Харин Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах асуудал үр дүнд хүрэх магадлал бага, талууд яриа хэлэлцээг тогтмолжуулах түвшинд л байна гэж судлаачид үзэж байна.
Өмнөд Солонгос, Япон, Хятад гурван улсын гурван талт яриа хэлэлцээ, уулзалтыг хийх санаачилга анхлан 2004 онд Өмнөд Солонгосын талаас “АСЕАН+3” хэлбэрийн уулзалтын хүрээнд гарсан бөгөөд анхны дээд хэмжээний уулзалт 2008 онд Японы Фукуока хотод болж байв.

Талууд 2011 оны 9 дүгээр сард Сөүл хотод Гурван талт хамтын ажиллагааны Нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулж, гурван улс хоёр жилийн хугацаагаар ээлжлэн тус газрыг даргалан тогтмол үйл ажиллагаа явуулж эхэлсэн ч сүүлийн дөрвөн жил бүс нутаг, дэлхийн улс төр, цар тахлын нөхцөл байдлын улмаас дээд хэмжээний уулзалт тасалдсан байв. Дээд хэмжээний уулзалтаас гадна Засгийн газрын сайд нарын гурван талт уулзалтууд 2020 оныг хүртэл салбар тус бүрээр жил бүр тогтмол зохион байгуулагдаж ирсэн ч сүүлийн 3 жилд зөвхөн эрүүл мэндийн сайд нарын, байгаль орчны асуудал эрхэлсэн сайд нарын гурван талт уулзалтууд л болж байжээ.
Байдлаас дүгнэхэд цаашид дээрх гурван улсын чөлөөт худалдааны хэлэлцээр урагшилж, талууд зарим чиглэлээр худалдааны тариф бууруулах, чөлөөлөх алхам хийж магадгүй. Энэ нь бүс нутгийн улс орнуудын эдийн засгийн өсөлтөд эерэг, сөрөг нөлөө үзүүлнэ.
Эх сурвалж: Trilateral Cooperation Secretariat, New York Times, Nikkei Asia, Al Jazeera, Global Times, the Diplomat.


Leave a comment