Австралийн Холбооны Улсад төвтэй “Lowy Institute” судалгааны байгууллага улс орнуудын дипломат төлөөлөгчийн газруудын тоо, байршилд үндэслэн тэдгээрийн дипломат ажиллагааны цар хүрээг тодорхойлох “Global Diplomacy Index” иж бүрэн судалгааг сүүлийн 8 жил хийж байна. Энэ оны судалгааны үр дүн, дүн шинжилгээнээс үзвэл эрдэмтэн судлаачдын анхаарал татах дараах дүгнэлт, статистик байна.

Дипломат ажиллагааны цар хүрээ буюу дипломат төлөөлөгчийн газруудын тоо, байршлын хувьд дэлхийд БНХАУ тэргүүлж, АНУ удаалж байна. Харин Украины дайн болон эдийн засгийн хямралын улмаас зарим улс орнуудын дипломат төлөөлөгчийн газрын тоо буурч, цар хүрээ хумигджээ. Мөн дэлхийн улс төр, геополитикийн шалтгааны улмаас зарим бүс нутагт дипломат төлөөлөгчийн газрын тоо хумигдсан бол ихэнх улс орнууд Ази, Номхон далайн бүсэд дипломат үйл ажиллагаагаа өргөжүүлэх хандлагатай байна.

- Их гүрнүүдийн өрсөлдөөн: БНХАУ дипломат төлөөлөгчийн газрын тоо, байршлын цар хүрээний хувьд дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд Африк, Зүүн Ази, Номхон далайн бүсэд төвлөрч буй бол АНУ-ын хувьд Америк, Европ, Өмнөд Азид анхаарч байна.
- Дайны төлөөс: Украинд хийж буй дайны улмаас зарим улс орнуудын дипломат төлөөлөгчийн газрын тоо, цар хүрээ мэдэгдэхүйц хумигджээ.
- Бүс нутгийн идэвхтэй гүрнүүд: Турк, Энэтхэг улсууд дипломат газрын тоогоо нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.
- Хумигдал: БНХАУ-ын бодлогын нөлөөгөөр Тайванийн дипломат харилцаа хумигдаж, Тайванийг “Тусгаар улс” гэж үзэх хандлага буурах төлөвт шилжжээ.
- Хүлээн авагч хотууд: Европын хотууд хүлээн авч буй дипломат төлөөлөгчийн газрын тоогоор тэргүүлж, дипломат үйл ажиллагааны зангилаа төвүүд хэвээр байна. Харин Дамаск хотод ЭСЯ-дууд эргэн нээгдсэн бол Кабул хотод ЭСЯ, ДТГ-ууд хаагдав.
- Номхон далай дахь төвлөрөл: Их гүрнүүдийн улс төр, геополитикийн анхаарал Номхон далайн бүс нутагт чиглэж буйтай холбоотойгоор Номхон далайн арлын орнуудад шинээр ДТГ-ууд нээгджээ.
- Ази тив: Азид ДТГ-уудынхаа тоогоор БНХАУ тэргүүлж, Япон удаалж, БНСУ болон Индонези түүний ард шил дарж байна.
Харин Монгол Улсын хувьд хилийн чанадад 50 дипломат төлөөлөгчийн газартай гэдэг үзүүлэлтээр дипломат ажиллагааны индексэд 52-р байранд орж байна. Манай улсын хувьд одоогийн байдлаар НҮБ-ын гишүүн дэлхийн 193 оронтой дипломат харилцаатай. Гадаадын 32 оронд Монгол Улсын Элчин сайдын яам, Нью Йорк болон Женев хотуудад 2 Байнгын төлөөлөгчийн газар, 8 оронд нийт 14 Ерөнхий Консулын газар, Консулын төлөөлөгч, Худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газар үйл ажиллагаагаа явуулж байна.

Үүнээс гадна Монгол Улсын 75 Өргөмжит консул гадаад орнуудад үйл ажиллагаагаа явуулж манай иргэдэд холбогдох тусламж, үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа. Мөн гадаадын 42 орны Өргөмжит консулууд Монгол Улсад албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Улаанбаатар хотод гадаадын 26 орны Элчин сайдын яам, орон нутагт гадаадын 2 (ОХУ: Дархан, БНХАУ: Замын-Үүд) Ерөнхий консулын газрууд үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол Улсын энгийн гадаад паспорттай иргэд дэлхийн 19 оронд тодорхой хугацаагаар визгүй зорчиж байгаа бол албан, дипломат гадаад паспорттой иргэд дэлхийн 45 оронд визгүй зорчиж байна.
Эх сурвалж: The Global Diplomacy Index 2024 by Lowy Institute, Ministry of Foreign Affairs of Mongolia.


Leave a comment