Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх “Шангри-Лагийн яриа хэлэлцээ” дээд хэмжээний уулзалт 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 2-ны өдрүүдэд Сингапурт зохион байгуулагдаж байна. Олон улсын стратеги судалгааны хүрээлэн (IISS)-ээс жил бүр зохион байгуулагддаг Засгийн газар хоорондын аюулгүй байдлын форумд энэ жил БНХАУ, АНУ, Япон, Украин, Европын холбооны орнууд зэрэг 45 гаруй орны батлан хамгаалах салбарын өндөр дээд албан тушаалтнууд, 350 орчим сэтгүүлчид оролцож байна. Чуулга уулзалтад оролцогчид Тайвань, Өмнөд Хятадын тэнгис, Умард Солонгос зэрэг Азийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэх бөгөөд Украины дайн, Газын зурвасын асуудлыг хөндөх магадлалтай.
Энэ удаагийн чуулганы үеэр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин 2023 оны 12 дугаар сард БНХАУ-ын Батлан хамгаалахын сайдаар томилогдсон Дун Зюнтэй чуулга уулзалтын эхний өдөр анх удаагаа уулзсан тухай албаны эх сурвалжууд мэдээлсэн. Мөн Японы Батлан хамгаалахын сайд Кихара Минору, БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Шин Вон Сик нар чуулганы үеэр хоёр талт уулзалт хийв. Үүнээс гадна, чуулга уулзалтын Ням гарагийн 11:30 цагт эхлэх хуралд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский оролцож үг хэлнэ хэмээн хурлыг зохион байгуулагчид мэдэгдээд буй.

Photo credit: REUTERS/Edgar Su
Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Р.Маркос Баасан гарагт нээлтийн үеэр илтгэл тавьж, дараа нь Бямба гарагт АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин “АНУ-ын Энэтхэг-Номхон далай дахь стратегийн түншлэл” сэдвээр илтгэл тавив. Түүнчлэн БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Дун Зюн Ням гаргийн хуралдаанаар “Дэлхийн аюулгүй байдлын талаарх Хятадын үзэл баримтлал” сэдвээр илтгэл тавих юм.
Чуулга уулзалтыг нээж Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Маркос хэлсэн үгэндээ бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааг чухалчлан тэмдэглэж, Филиппин Улс тусгаар тогтнолоо хамгаалах амлалтаа дахин нотолж, геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж байгаа энэ үед Зүүн өмнөд Азийн улс орнууд эв нэгдэлтэй байх шаардлагатайг онцлов. Тэрээр Өмнөд Хятадын тэнгис дэх түрэмгийллийг буруушаахдаа Хятадыг шууд нэрлэсэнгүй.

Photo credit: U.S. Department of Defense via Reuters
Хятадын Батлан хамгаалахын сайд Дун Зюн, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин нар уулзалтаараа Тайвань, Орос-Украины дайн, Газын зурвас дахь мөргөлдөөн зэрэг асуудлаар хэлэлцээ хийсэн тухай Хятадын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн ба Хятадын БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч дээд хэмжээний уулзалтын үеэр Батлан хамгаалахын сайд Дун Зюн Тайвань – Хятадын асуудалд АНУ хөндлөнгөөс оролцох ёсгүй гэдгийг Америкийн талд анхааруулсан гэж сэтгүүлчдэд мэдэгджээ. Бээжингийн зүгээс тус уулзалтыг “эерэг, практик, бүтээлч” болсон хэмээн дурдаж байв. Нөгөө талаас АНУ-ын Батлан хамгаалахын сайд Л.Остин хоёр талын уулзалтаар Хятадын Ардын чөлөөлөх армийн “өдөөн хатгасан” үйл ажиллагаанд санаа зовниж буйгаа илэрхийлж “Бээжин Тайванийн улс төрийн шилжилтийг буюу ердийн ардчилсан үйл явцын нэг хэсгийг өдөөн хатгалга явуулах шалтаг болгох ёсгүй” гэж мэдэгдсэн тухай Пентагон мэдэгдэлдээ дурджээ.
Япон Улсын Батлан хамгаалахын сайд Кихара Минору, БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Шин Вон Сик нар Шангри-Ла яриа хэлэлцээний хүрээнд уулзаж талууд хоёр улсын батлан хамгаалах албаны хүмүүс хоорондын ажлын түвшний яриа хэлэлцээ, Японы Өөрийгөө хамгаалах хүчин, Өмнөд Солонгосын арми хоорондын өндөр түвшний яриа хэлэлцээг тус тус сэргээж тогтмолжуулахаар тохиролцов.
Бусад анхаарал татах уулзалтуудаас дурдвал Хятад, Сингапурын батлан хамгаалахын сайд нар уулзсан ба Япон, АНУ, Өмнөд Солонгосын батлан хамгаалахын удирдлагууд гурван талт уулзалт хийж Солонгосын хойгийн асуудлаар яриа хэлэлцээ хийв.
Энэ удаагийн “Шангри-Лагийн яриа хэлэлцээ”-гээр оролцогчид Өмнөд Хятадын тэнгис дэх маргаан, хурцадмал байдалд ихээхэн анхаарал хандуулж, Газын зурвас, Украины дайн зэрэг глобал аюулгүй байдлын асуудлуудад Зүүн Азийн улс орнуудын гүйцэтгэх үүрэг, оролцоог авч хэлэлцсэнээрээ онцлог болж байна. Энэ удаагийн яриа хэлэлцээнд Орос, Израилын талаас төлөөлөгч оролцоогүй.
Үүнээс гадна, АСЕАН-ы орнууд Зүүн өмнөд Азийн бүс нутгийн тогтвортой байдал, өөрсдийн бие даасан байдлаа хадгалахын зэрэгцээ Америк, Хятад гэх их гүрнүүдийн өрсөлдөөнийг зохицуулж даван туулах, аль нэгтэй нь хэт ойртохгүйгээр тэдгээрийн нөлөөг тэнцвэржүүлэх хүндрэл бэрхшээлтэй тулгарч буй нь илт харагдаж байна. Иймд АСЕАН-ы орнууд цаашид нарийн мэдрэмжтэй дипломат ба аюулгүй байдлын бодлого явуулах, Бээжин, Вашингтоноос хэт хараат болохоос зайлсхийх шаардлагатай болно.
Эх сурвалж: Nikkei Asia, IISS, Reuters, Global Times.


Leave a comment