Б.Зул
Филиппин улсын Тарлак мужийн Бамбан гэх жижиг хот нь 65 мянга гаруй оршин суугчтай, газар тариалангийн болон хөдөө аж ахуйн салбараас төсвийн дийлэнх хувийг бүрдүүлдэг, баруун зүгт Замбалес уулсаар хүрээлэгдсэн буюу стратегийн ач холбогдол багатай хотуудын нэг гэж хэлж болмоор… Гэтэл сүүлийн сар гаруйн хугацаанд уг хотын дарга Алис Лиал Гуо гэгч Хятадын тагнуулын ажилтан, тагнуулын агентлагуудтай холбоотой гэх хэргээр сэжиглэгдэж байна.
Мөрдөн байцаалтын явцад Бамбан хотын дарга Алис Гуогийн талаар орон нутгийн иргэд бодит мэдээлэлгүй байсан, түүний хувийн болон бага насны намтар тодорхойгүй, бичиг баримтын зөрчилтэй байсан зэрэг нь Филиппиний сонгуулийн хороо болон хууль хяналтын олон шатны байгууллагын үйл ажиллагааны доголдлыг гаднын байгууллагууд хэрхэн үр дүнтэй ашиглаж болохыг харууллаа.
2024 оны 5-р сарын 31-ний байдлаар Алис Гуогийн хэрэг мөрдөн байцаах шатанд явагдаж байгаа ч Хятадын ашиг сонирхлын бүлгүүдтэй шууд холбоотой, Филиппиний Цахим тоглоомын байгууллагаар (ПОГО) дамжуулан мөнгө угаах, хүний наймаа, Хятадын гэмт хэргийн бүлэглэлүүдтэй холбоотой байж болзошгүй талаар олон баримтууд дэлгэгдээд байна.
Филиппин Улс хэдийгээр БНХАУ-тай эдийн засаг, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаатай ч Өмнөд Хятадын Тэнгисийн маргаан, Филиппинд шинээр бий болж буй АНУ-ын цэргийн баазууд зэрэг асуудлуудаас үүдэн түнжин муудаад буй. Статистикийн мэдээгээр арваад жилийн өмнө гэхэд Филиппин Улсад 1.3 сая хятад үндэстэн иргэншлийн статустай, 22.3 сая буюу нийт хүн амын 18.5% нь Хятад гаралтай гэжээ. Ил далд холбоо үүсгэх, хоршоолол түншлэл, соёлын болон улс төрийн бүлэглэлүүд бий болгох нь аливаа улсад оршин суудаг хятад иргэдийн нийтлэг хандлага гэж хэлж болно. Тэгвэл Хятадын Засгийн газрын тодорхой үүрэгтэй агентлагууд аливаа улсад үүсгэсэн жижиг дунд бизнес, соёлын, боловсролын, аж ахуйн нэгдэл хоршооллоор дамжуулан тухайн улсад ажилтнаа илгээх, соёлын болон улс төрийн суртал ухуулга хийх, мэдээлэл цуглуулах, ажилтан элсүүлэх – боловсруулах, нөлөөллийн бүлэг үүсгэх, цаашлаад оршин сууж буй улсынхаа иргэний болон тусгай байгууллагууд, анхаарал татсан стратегийн ач холбогдолтой үйл ажиллагаанд оролцох – нөлөөлөх, системийн доголдол, өртөмхий байдлыг илрүүлэх – өөгшүүлэх, системийн дархлааг бууруулах гэх мэт олон үйл ажиллагаа явуулдаг нь олон улсын ижил төстэй байгууллагын жишигтэй дүйцнэ.
Филиппиний жижиг хотын засгийн газарт Хятадын төлөөлөгч байсан тохиолдолд орон нутгийн бодлогыг удирдах стратегийн ач холбогдолтойгоос гадна тухайн газар нутагт БНХАУ-ын эдийн засаг, улс төрийн ашиг сонирхлыг хангах бааз суурь болох учиртай. 37 настай Алис Гуогийн хувьд 17 нас хүртэлх мэдээлэл Филиппиний иргэний бүртгэлд байхгүйгээр үл барам бага дунд, аль ч боловсролын зэрэг цол бүртгэгдээгүй байна. Тэрээр Бамбан хотын даргын сонгуульд 2021 онд бие даан өрсөлдөж 2022 оны 5-р сард 16 мянган хүний саналын илүүгээр ялалт байгуулсан гэх бөгөөд Филиппин Улсын Хятад иргэдийн холбоо, Филиппин дэх Хятадын жижиг дунд бизнес эрхлэгчдийн холбоо, БНХАУ-ын Жин Жиан хотын Гадаадад суугаа Хятад иргэдийн холбоо, БНХАУ-ын Жинжин хотын Худалдааны холбоо, Хятадын Зан Юуан технологийн компани, “БАУФУ” барилгын компани зэрэг Хятадын бизнесийн болон улс төрийн ашиг сонирхлын бүлгүүдтэй холбоотой болох нь мөрдөн байцаалтын явцад илрээд байгаа аж.

Дээр хэлсэнчлэн, өнөөдрийн байдлаар Гуогийн хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа бөгөөд Хятадын тагнуулын албатай хамтарч ажилладаг эсэх нь тогтоогдоогүй байгаа ч, сонгууль хаяанд ирсэн энэ цагт манай орны хувьд нэр дэвшигчдийн намтар – магадалгаа, гадаадын байгууллагатай ашиг сонирхлын холбоотой эсэх, тухайн нэр дэвшигчийн санхүүгийн ил тод байдал, хөрөнгө орлого болон гэр бүлийн гишүүд санхүү болон бусад талаар гадаадын нөлөөтэй байж болзошгүй эсэхийг зохих байгууллагууд нарийн тодорхой шалгаж, идэвхттэй үйл ажиллагаа явуулах шаардлагатайн үнэт туршлага болж байна уу гэлтэй.
Эх сурвалж: Philippine Statistics Authority, US-China Economic and Security Review Commission, Council on Foreign Relations, the Philippine Star, Interaksyon.


Leave a comment