Б.Зул

Энэ оны сонгуулиар гарах Засгийн газрын зайлшгүй анхаарах сэдэв бол Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын цогц орчин юм. Манай улс байгалийн баялаг ихтэй ч худалдааны түншүүд цөөн, хоёр хөршөөсөө, тэр тусмаа Оросоос ихээхэн хамааралтай байдаг нь үндэсний аюулгүй байдлын эмзэг сэдэв хэвээр байна. Эдийн засгийн аюулгүй байдлыг ашиглан аливаа улсын төрийг унагах, засаглалыг сульдуулах, дотоодын самуун дэгдээх, гэмт хэрэг зөрчлийг ихэсгэх зэрэг олон хортой үйл ажиллагааг амжилттай зохион байгуулдаг туршлага бий. Гаднын улс төрийн байгууллагууд маш нямбай нарийн зохион байгуулалттай аливаа улсын системийг нураадаг жишээг Ливан, Шри Ланка, Йемен, Тунис, Аргентин, Венесуэл зэрэг олон улсын жишгээс харж болно. Манай улс хэдийгээр олон үндэстний ашиг сонирхлын бүсэд байдаггүй ч хүчирхэг хоёр хөршүүдээсээ эдийн засгийн дархлаагаа сайжруулах, хараат байдлыг багасгах, эрсдэлтэй цэгүүдийг үнэлж болзошгүй хямарлаас хамгаалах бодлого хэрэгжүүлэх ёстой. Энэ бүхний ард гурван том сэдэв яригдана.

Гадаад худалдааны тэнцвэргүй байдал

Манай улс дэндүү ихийг хэрэглэдэг хэрнээ өчүүхэн хэмжээг үйлдвэрлэдэг, энэ нь гаднын оронд ашигтай тусдаг. Баялгаа зараад, олсон мөнгөө хэрэглээ болгоод гаднынханд өгчихдөг ийм тоглоомд хоёр хөрш маань төдийгүй манайхтай дипломат харилцаатай бүх улс дуртай. Монгол Улс ОХУ-тай 1/10 алдагдалтай худалдаа хийдэг хэрнээ нийт улсын хэмжээнд эргэлдэх бараа бүтээгдэхүүний 76 хувийг Оросоос авдаг. 2021 онд гэхэд 689 сая ам.долларын бүтээгдэхүүн ОХУ авсан хэрнээ ердөө 15 сая ам.доллар хүрэхгүй бүтээгдэхүүн зарсан байх жишээтэй. Ийм тэнцвэргүй гадаад худалдааны нөхцөл нь эрчим хүч, шатахуун, хими, машин механизм гэх мэт салбарууд Монголд хөгжихгүй байх шалтгаан болсоор байна. Цаадуул нь манайханд дургүйдээ биш, зүгээр л бидний байж байгаа бэлэнчлэх үзэл тэдэнд ашигтай байгаа юм. Иймд, ядаж эрчим хүчний салбараа хамаарлаас гаргахгүй бол манай эдийн засагт гаднын чөтгөр шүглэсэн хэвээр л байх болно.

Уул уурхайгаас хамааралтай байдал

Дэлхий нийт цахимжиж, технологийн эрчимт хөгжилд ороод буй өнөө цагт зэсийн эрэлт тогтвортой өсөж байгаа нь нийт экспортын 31%-ийг зэсийн баяжмал эзэлдэг Монгол Улсад алдаж боломгүй ашигтай нөхцөл бүрдүүлээд байна. Гэсэн хэдий ч манай улсын нийт экспортын 92%-ийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг нь баярлаад байх зүйл огт биш юм. Үнэн хэрэгтээ манай улсын эдийн засгийн эрүүл мэнд хэдэн уурхайгаасаа хамааралтай болсон байна. Энэ нь эрсдэлийн томоохон хөндүүр цэг болоод зогсохгүй дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн хэлбэлзэл, зохиомол үнийн хөөсрөлт, үнийн манипуляц, БНХАУ-ын дотоодын хэрэглээ, олон улсын түүхий эдийн нийлүүлэлтээс Монголын эдүгээ болон ирээдүй хамааралтай болох эрсдэлтэй. 

Дэд бүтцийн хараат байдал

Орос Улс Монголыг эрчим хүчний хамааралдаа байлгадаг гэхэд хилсдэхгүй. ОХУ манай улсын нийт импортын 29%-ийг дангаараа эзэлдэг. Нефтийн бүтээгдэхүүн, түлш шатахуунаас гадна улаан буудай, ургамлын тос, өндөг, маргарин зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүний 90%, Монгол Улсын нийт хүнсний бүтээгдэхүүний импортын 35%-ийг нийлүүлдэг. Нефтийн бүтээгдэхүүн, ялангуяа түлшний үнэ, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлж болно. ОХУ нефт, шатахууны нийлүүлэлтийг зогсоох сургаар яаж хөгөө тарьснаа сандаа? Үнэхээр хойд хөрш маань шатахуун зарахаа больчихвол манай орны дэд бүтцийн салбар, хөдөө аж ахуй, зам тээвэр, логистикийн салбарт шууд нөлөөлж, энэ нь эдийн бусад салбаруудад уршгаа тарих онц аюултай. Үүнийг мэдэх хойд хөрш маань ч түлш шатахуунаа улс төр, эдийн засгийн хөшүүрэг болгон ашигладаг нь нууц биш гэдгийг бид бэлхнээ үзлээ. Нефтийн боловсруулах үйлдвэрээ барих асуудал ажил хэрэг болж чадах үгүй нь мөн л Монголын улс төрд хойд хөршийн нөлөө хэр байгаагаас харагдана.

Өмнө манай улс төрчид энэ гурван мангастай үзэж тарж байсан туршлагууд бий. Жишээ нь, далайд гарцгүй манай орон өнөөгийн байдлаар 156 улстай худалдаа хийсэн байдаг нь тодорхой шугамаар гадаад худалдааг төрөлжүүлэх талаар хийсэн арга хэмжээний илрэл. Олон улсын нисэх буудал, авто зам зэргийг барьж байгуулсан нь дэд бүтцийн хараат байдлаас гарах гэсэн алхам. Шилэн данс хөтлөлт, ил тод байдлыг баримталсан эрх зүйн орчныг бий болгосон нь болзошгүй гаднын оролцоотой санхүүжилт, терроризмын эсрэг, авлига хээл хахууль, гаднын нөлөөг улс төрөөс бууруулах гэсэн арга хэмжээний биелэлт. Дотоодын уул уурхайн боловсруулах үйлдвэрийг дэмжиж буй нь түүхий эдийн шууд борлуулалтаас хараат байдлыг бууруулах аргууд билээ.

Монгол Улсын үе үеийн эрх баригчид хязгаарлагдмал байдлыг даван туулсан алдаа онооноос суралцах зүйл их бий. Ах нь сургаж, дүү нь сонсдог гэх ардын үг ч бий. Энэ сонгуульд нэр дэвшиж буй манай шинэ улс төрчид Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөх дээрх гурван том асуудалд оновчтой шийдэл тунгаан буй гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам.

Leave a comment