Манай веб хуудасныхан 6 дугаар сарын 19-ний өдөр АНУ-д амьдардаг улс төр судлаачтай Украинд энхийг тогтоох чиглэлээр Швейцарт саяхан болж өнгөрсөн олон улсын хуралдаан болон олон улсын зарим асуудлаар сонирхож Facebook мессенжерээр холбогдож ярилцлаа. Хувийн шалтгааны улмаас судлаач маань нэрээ нууцлахыг хүссэн тул “Алдархүүгийн Пүрэвсүрэн” гэх нууц нэр ашиглав.

Арктус Аналитикс: Нэгэнт мессенжерээр харилцаж байгаа болохоор шууд яриандаа орох уу. Их 7-ийн уулзалтын дараа залгуулаад Швейцарт Украинд энхийг тогтоох чиглэлээр олон улсын хуралдаан болж өндөрлөлөө. 

А.Пүрэвсүрэн: Юуны өмнө анх удаа ярилцлага өгч байгаа бас энд ярих зүйл маань миний өөрийн бодол юм шүү гэдгийг хэлэх хэрэгтэй гэж үзэж байна. Украины Ерөнхийлөгч В.Зелинский өөрийн улсад болж байгаа дайныг энхийн замаар шийдвэрлэх, түүнийг зогсооход чиглэсэн 10 асуудлыг тус хуралдааны үед гаргаж ярилцаад нэгдсэн коммунике буюу уриалга бүхий баримт бичиг гаргасан. Баримт бичигт цөмийн аюулгүй байдал, Ази, Африкийн орнуудын хүнсний аюулгүй, Украины цахилгаан энергийн дэд бүтцийн аюулгүй байдал, Оросуудын олзолж авч явсан Украины хүүхдүүдийг болон цэргийн олзлогсдыг эргүүлэн өгөх, Орос-Украины хилийг 1991 оны байдалд эргүүлэн өгөх, Оросуудыг Украин руу халдан довтолсон хэргээр олон улсын шүүхээр шийтгүүлэх, экологийн сүйрлийг сэргээх, ОХУ цаашид харгислалаа үргэлжлүүлэхгүй гэсэн баталгаа гаргуулах гэсэн асуудлууд байсан. 

Арктус Аналитикс: Тус хуралдаанд оролцсон улсуудын зарим нь дээрх баримт бичгийг дэмжээгүй, энэ нь юутай холбоотой вэ?

А.Пүрэвсүрэн: Тус хуралдаанд Украин болон Швейцарын урилгаар 92 орон төлөөлөгч нараа илгээсэн. Эцсийн шийдвэр болох “Энхийн үйл явцын талаарх Швейцарын нэгдсэн коммунике” гэдэг баримт бичигт гарын үсэг зурах асуудал байсан. Энэ нь онолын хувьд аливаа олон улсын арга хэмжээний дараа ямар нэгэн шийдвэр гарах ёстой учраас гаргаж байгаа баримт бичиг л дээ. Харамсалтай нь тус хуралдаанд оролцогч улсууд бүгд гарын үсгээ зурсангүй. Зарим нь, тухайлбал, Иордан, Ирак улсууд нэрээ татмагц бараг батлагдахын өмнөхөн Руандагийн төлөөлөгч бас нэрээ татсан. Ер нь бол анхнаасаа тус баримт бичгийг төлөөлөгч нарт тараах явцад Бразил, Энэтхэг, Саудын Араб, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Индонез, Мексик, Арабын Нэгдсэн Эмират, Тайланд улсууд тус баримт бичгийг хүлээн зөвшөөрөөгүй.

Арктус Аналитикс: Хүлээн зөвшөөрөөгүй гэх улсуудын тоонд Энэтхэг, Бразил, Саудын Араб гээд БРИКС-ийн гишүүд орж байна. Бусад улсууд нь яагаад зөвшөөрөөгүй юм бол?

А.Пүрэвсүрэн: Ерөнхийдөө энэ мэтээр дэлхийн улс орнууд хуваагдаад байгаа нь ажиглагдаж байгаа. БРИКС-ийн улсууд гээд харахаар мэдээж Оросууд, Хятадууд энэ хуралдаанд оролцоогүй, уригдаагүй. Тэдгээрээс гадна БРИКС-тэй холбогдоод байгаа Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Саудын Араб, Индонез гэх мэт газрын тосны баялагтай улсууд энд явааг харж байгаа байх. Түүнээс гадна АНУ-ын өмнөд хөрш Мексик, мөн Зүүн өмнөд Ази дахь олон жилийн түнш гэгддэг Тайланд бичигдсэн нь бас л учир утгатай л байх. 

Арктус Аналитикс: Украины санал болгоод байгаа 10 зүйл чинь өмнө нь тавьж байсан л асуудал байх шиг байх юм. Эдгээр улс чинь Украины энхийн гэрээг дэмжихгүй гээд байгаа юм уу?

А.Пүрэвсүрэн: Мэдээж энх тайвныг бүгдээрээ л дэмжинэ. Гэхдээ энд тухайн дайн ба энхийн асуудал илүү миний бодлоор үүгээрээ улс орнууд хэн нь хэний талд вэ гэдэгт л хариу өгөөд байгаа хэрэг. Тухайлбал, баримт бичгийг батлах явцад нэрээ татаж авсан Руанда улсын ааш аягийг хар л даа. Энэ нь “бид наадахыг чинь дэмжиж байна… гэхдээ бид гарын үсгээ зурах хэмжээнд дэмжихгүй ээ” гээд байгаа юм шиг харагдаж байгаа биз. Ер нь Африкийн орнуудын хувьд энэ айхтар гадаад бодлогоо гаднын хэнээр ч заалгахгүй авч явдаг улс бол Руанда. Тэдний Ерөнхийлөгч Паул Кигами бол тус тивдээ ихээхэн нэр хүндтэй, Европын колоничлогчдын түүхийг ярьж тэдний эсрэг хүчтэй дуугарч чаддаг нэгэн.

Арктус Аналитикс: Түүнээс гадна Украины яриад байгаа асуудлууд дотор Оросуудын авч явсан хүүхдүүдийн асуудал байгаа. Тэр хүүхдүүдийг эргүүлээд өгсөн гэдэг биз дээ?

А.Пүрэвсүрэн: Уг нь өнгөрсөн жил хүүхдүүдийг буцааж өгсөн гэдэг юм. Гэхдээ өөр хүүхдүүд байхыг үгүйсгэхгүй. Оросуудын ярьдгаар, байлдааны талбараас аюулгүй байдлыг нь хангах гээд асрамжийн газрын хүүхдүүдийг нэгдсэн журмаар авч гаргасан, дараа нь Украины талд эргүүлж өгсөн гэдэг юм. Нөгөө талаас, Украйнчууд хүүхдүүдийг барьцаалсан гэдэг үгээр бусдын анхаарлыг татах гэдэг юм болов уу гэж бас ажиглагддаг. Хэрэв тэдний шаардлагыг ахиад уншвал “баривчлагдсан хүмүүс болон хүүхдүүдийг…” гэж байгаа. Баривчлагдсан хүмүүс гэдэгт мэдээж цэргийнхэн орж байгаа. Оросуудад баригдсан гээд байгаа хүмүүс эргээд Оросуудын эсрэг байлдахгүй гэсэн баталгаа байхгүй. Өчигдөр (6 дугаар сарын 17-нд) BBC-гээр Украины хотуудад энгийн иргэдийг баривчлан цэрэгт явуулж байгаа тухай гарч байна билээ. “Дургүй ламыг дарж байж сахил хүртээв” гэдэг шиг Украйнчууд өөрсдөө эх орноо хамгаалах дургүй байгаа юм биш үү. Оросууд ч тийм асуудал гаргаж байгаа юм гэсэн, тэдний хувьд нөхцөл байдал өөр. Оросуудын баривчлагдсан цэргүүдийг харж байхад ихэнх нь Москвагаас бусад хотуудаас татагдсан орон гэргүй, гудамжинд гарсан эсвэл шоронгийн хоригдлууд байгаа харагддаг.

Арктус Аналитикс: Ам нээвэл уушги нээ гэдэг шиг ер нь та олон улсын улс төр сонирхогчийн хувьд Орос-Украины дайн хэрхэн төгсөх вэ гэдэг асуултад хариулт өгөхгүй юу.

А.Пүрэвсүрэн: Элдэв оршил гэхгүй өөрийн бодлоо хэлэхэд, яг өнөөдрийн байгаа цэргүүдийнхээ байршлаар нэлээд удаж байгаад эцэст нь аль аль тал нь ялангуяа, Украинчууд туйлдаж өнөөгийн байрлалаараа хилээ тогтооцгоох байх. Цэргийнхний яриад байгаа маш урт үргэлжилсэн бараг 1,800 гаруй км урттай фронт байгаа гэсэн түүнийгээ бас маш өргөн бараг дунджаар 2 км-ийн өргөнтэй хориглолт байгуулсан юм гэсэн. Энэ зурвас ирээдүйд тус хоёр улсын хооронд байгуулсан хилийн зурвас болох байх.

Арктус Аналитикс: Энэ хоёр улс сүүлийн бараг нэг жилийн хугацаанд их бууны сумны асуудлаар өрсөлдөж байгаа гэсэн.

А.Пүрэвсүрэн: Дээр хэлсэн хориглолтынхоо хоёр талд нь гарчхаад л алсын зайн их буу, пуужингаараа буудсан дайн болж байгаа гэж бичээд байгаа. Зарим хүмүүсийн тодорхойлж байгаагаар Дэлхийн нэгдүгээр дайнтай адилхан, окопны хоёр талаас нэг нэгнийхээ эсрэг их буугаар буудсан, нэгдүгээр дайнаас ялгагдах юм нь дрон их хэмжээгээр хэрэглэж байгаа гэдэг юм.

АНУ болон Барууны орнууд Украинд тусалж дэмжих хүрээнд их хэмжээний артиллерийн сум өгч байгаа. Иран, Хойд Солонгосчууд Орост сум өгсөн гэж ярьдаг. Украйнчууд дунджаар 6,000, Оросууд 20,000 сум бууддаг юм гэсэн. Миний төсөөлж буйгаар бараг гурван жил болж байгаа энэ дайнд Украины зүүн хэсгийн үржил шимээрээ “Украины хар хөрс” гэж алдаршсан тариан талбай сумны хэлтэрхийгээр дүүрч байх шиг байна даа.

Хойд Солонгосоос Оросуудад зарсан гэж ярьдаг артиллерийн сумны хувьд яг барин тавим баримт гэрч байдаггүй юм. Уг нь Хойд Солонгосоос хэдэн контейнер ачааг Оросын тал руу илгээж байгаа зургийг хиймэл дагуулаас авсан гээд интенэтээр гаргаад байгаа. Миний бодлоор Хойд Солонгос пуужингуудаа Украины фронт дээр туршиж үзэх гээд явуулсан байх аа. Тэрнээс сумаа явуулсан ч юм уу эсвэл тийм ачаа явуулсан ч юм уу, баримтгүй болохоор хэлж мэдэхгүй юм. Яагаад тэр харуулаад байгаа зурагт нь би үнэмшихгүй байна гэхээр тийм нууц ажиллагааг Оросууд гэгээн цагаан өдөр сансраас зургаа авхуулах гээд байж байхгүй л дээ. Ийм ажиллагааг шөнийн цагаар явуулдаг. Харин Оросууд Ирантай зэр зэвсгээр энэ дайны эхэн үеэс л холбогдож эхэлсэн. Нөгөө амиа золиослогч гээд байдаг “Жихад” дроныхоо технологийг Оросуудад өгчихсөн, түүнийг нь Хойд Солонгосчууд сонирхоод байгаа юм шиг байгаа юм.

Үргэлжлэл бий… 

Leave a comment