Бүгд найрамдах намын төлөөлөгч, Төлөөлөгчдийн танхимын Гадаад хэргийн хорооны дарга Майкл Маккаул, Төлөөлөгчдийн танхимын дарга асан Нэнси Пелоси тэргүүтэй АНУ-ын Конгрессын гишүүд 6-р сарын 18-19-ний өдрүүдэд Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам болон Төвөдийн орогнолын Засгийн газрын гишүүдтэй Дарамсалад уулзалт хийв.
Айлчлалын бүрэлдэхүүнд Ардчилсан намын төлөөлөгч Грегори Микс (Нью-Йорк), Жим Макговерн (Массачусетс), Амэ Бера (Калифорни), Бүгд найрамдах намын төлөөлөгч Марианнетт Миллер-Микс (Айова), Николь Маллиотакис (Нью-Йорк) нар багтжээ.

Photo credit: Dalai Lama Media office
Энэхүү айлчлал нь АНУ-ын Конгресс Хятадын эрх баригчдыг Төвөдийн орогнолын Засгийн газартай харилцаагаа сэргээж, хоорондын зөрчилдөөнөө шийдвэрлэх арга замыг олохыг уриалсан “Төвөд – Хятадын маргааныг шийдвэрлэх тухай” хуулийн төслийг баталснаас хойш хэд хоногийн дараа хийгдэв. Тус хуулийн төсөлд Төвөд нь эрт дээр үеэс Хятадын нэг хэсэг байсан гэсэн Хятадын талын байр суурийг эсэргүүцсэн, Бээжинг Далай лам, түүний төлөөлөгч болон Төвөдийн орогнолын Засгийн газрын удирдагчидтай “урьдчилсан нөхцөлгүйгээр, санал зөрөлдөөнөө зохицуулах замаар” утга учир бүхий шууд яриа хэлэлцээ хийхийг уриалсан зүйл заалтыг оруулсан.
Конгрессын гишүүдийн Дарамсалад хийсэн айлчлал дээрх хуулийн төслийн талаар Далай ламд танилцуулж дэмжлэг авах, Төвөдийн төв засаг захиргаа, Хятадын албаны хүмүүс хооронд яриа хэлэлцээг сэргээхийг уриалах зорилготой байсан гэж ажиглагчид үзэж байна. Үүнээс гадна, хамгийн сонирхолтой нь Америкийн тал тусгаар тогтнолын асуудлыг сөхөхгүй байхыг Далай ламд уриалсан хэмээн эх сурвалжууд дурджээ.
Америкийн засаг захиргаа Төвөдөд илүү бие даасан байдал олгох, эрхийг нь хамгаалахыг дэмждэг ч Төвөдийг Хятадаас тусгаар тогтнохын эсрэг байр суурьтай байдаг. Үүний оронд, АНУ Төвөдүүдэд шашин шүтлэг, хэлний өв соёл, өв уламжлалаа хадгалах боломжийг олгоход чиглэсэн бие даасан байдлыг дэмжиж ирсэн болно.
БНХАУ-ын Засгийн газраас айлчлалыг буруушааж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч айлчлалын өмнөх өдөр Вашингтоны зүгээс Төвөдийн тусгаар тогтнолыг дэмжихгүй байхыг уриалж, Цагаан ордон “хуулийн төсөлд гарын үсэг зурах ёсгүй”, эс тэгвээс Хятад Улс “тууштай арга хэмжээ” авна хэмээн мэдэгдсэн.
Төлөөлөгчдийн танхимын гишүүд Дарамсалад хийсэн уулзалтынхаа дараа 6-р сарын 20-ны өдөр Шинэ Дели хотноо Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Гадаад хэргийн сайд С.Жайшанкартай уулзалт хийсэн. Ерөнхий сайд Н.Моди Америкийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзсанаараа тэдний Дарамсалад хийсэн айлчлалыг дэмжиж буйгаа харуулж, Энэтхэг улс АНУ-тай харилцах харилцаагаа хөшүүрэг болгон ашиглаж болно гэсэн дохиог Бээжинд өгөх зорилготой байв уу.

Төвөдийн асуудлаар Хятадын эрх баригчид Америк ч бай, Энэтхэг ч бай хэнээс ч зөвлөгөө авахгүй нь ойлгомжтой бөгөөд Төвөд – Хятадын харилцаанд ойрын ирээдүйд ахиц дэвшил гарах нь эргэлзээтэй. Харин Далай лам өвдөгний хагалгаанд орохоор хэдхэн хоногийн дараа Америкийг зорих гэж байхад Дарамсалад очиж түүнтэй уулзалт хийсэн нь анхаарал татаж байна. Төлөөлөгчдийн танхимын гишүүд АНУ-д уулзаж болохгүй байсан гэж үү? Эсвэл Вашингтон Энэтхэгийг Төвөдийн асуудалд илүү оролцуулах сонирхолтой байсан уу? Америк – Хятадын харилцаа эгзэгтэй байгаа үед Төвөдийн асуудлыг ямар шалтгаанаар ил гаргаж ирэв? гэсэн асуултууд урган гарч байгаа юм.
Эх сурвалж: Associated Press, New York Times, Deccan Herald, South China Morning Post.


Leave a comment