Б.Зул
ОХУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалт хоёр талын харилцаанд үнэлэхүйц дэвшилт гарсныг харууллаа. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины 6-р сарын 18-19-ний өдрүүдэд БНАСАУ-д хийсэн айлчлал нь бүс нутаг дахь АНУ-ын нөлөөг сөрөх стратегийн эвслийн үйл ажиллагааг эрчимжүүлсэн, геополитикийн хувьд томоохон ач холбогдол бүхий үйл явдал боллоо.
Пхеньян эдийн засаг, батлан хамгаалахын хувьд Хятад, Орос хоёрын аль алийг нь түшиглэж ирсэн. Хүйтэн дайны үед ЗХУ эдийн засгийн томоохон тусламж, цэргийн техник хэрэгслээр хангадаг томоохон холбоотон байсан хэдий ч ЗХУ задарсны дараа Оросын дэмжлэг суларч, БНХАУ Умард Солонгосын гол холбоотон болсноор түүхий эд, бараа бүтээгдэхүүний гол ханган нийлүүлэгч, эдийн засгийн гол түнш болов. ОХУ-ын хувьд сүүлийн жилүүдэд нүүрлээд буй олон улсын эдийн засгийн хориг арга хэмжээ, бусад дарамт шахалтууд Умард Солонгостой харилцаагаа сэргээхэд түлхэц болж байна.
БНАСАУ-ын хувьд ОХУ-тай хөгжүүлэх харилцаа дараах ач холбогдолтой:
Эдийн засгийн болон цэргийн дэмжлэг: Умард Солонгосын олон улсад дипломат харилцаа хязгаарлагдмал, эдийн засгийн түншлэл муутай байдал нь ОХУ-д давуу талтай. Харин барууны эдийн засгийн хорионд орсон ОХУ Умард Солонгост ашигтай. Иймд хоёр улсын эдийн засгийн харилцаа, гадаад худалдаа, түүхий эдийн борлуулалт нэмэгдэх магадлалтай. Үүний дээр цэргийн дэвшилтэт технологи, пуужингийн болон сансрын хөтөлбөрт хамтран ажиллах, хэт авианы пуужин, цөмийн шумбагч онгоц бүтээх технологийг Пхеньян сонирхож буй.
Үүнээс гадна хоёр тал Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулж гэрээний 4-р зүйлд “аль нэг улс халдлагад өртвөл нөгөө тал нь цэргийн болон бусад тусламжийг цаг алдалгүй бүх хэрэгслээр хангана” хэмээн тусгаж өгсөн нь Москва, Пхеньян хоёр бүрэн хэмжээний цэргийн эвсэл байгуулсныг харуулж буй бөгөөд эвсэл нь нийтлэг үзэл сурталд тулгуурлахаас илүүтэй АНУ болон барууны либерал дэг журмыг хамтдаа эсэргүүцэж байгаа нь харагдана. Хоёрдугаарт, түншлэлийн гэрээ нь богино хугацааны, тактикийн шинжтэй гэрээ бус, урт хугацааны түншлэл юм.
Дипломат хөшүүрэг: Дэлхийн 156 оронтой дипломат харилцаатай, 53 оронд консулын газартай БНАСАУ-ын хувьд Оростой харилцаагаа бэхжүүлэх нь АНУ, Өмнөд Солонгостой хийх цөмийн хэлэлцээрт хөшүүрэг болж өгнө. Ингэснээр мөн Хятадаас хараат байдлаа багасгах, шинээр үүсээд буй Хятад – Оросын геополитикийн томоохон блокийн нэг хэсэг болох сонирхол ажиглагдаж байгаа нь хүйтэн фронт үүсэх үйл явцыг хурдасгаж байна.
ОХУ-ын хувьд БНАСАУ-тай хөгжүүлэх харилцаа дараах ач холбогдолтой:
Зэвсгийн нөөц бүрдүүлэх: Украины дайнтай холбоотой ОХУ-ын эдийн засаг шинэчилсэн зохион байгуулалтад орж, дайны үеийн эдийн засагт шилжсэн хэдий ч зэвсэг, их буу болон бусад цэргийн хангамжийн нөөц төдийлөн хүрээлцээгүй байгаа. Украинд үзүүлэх барууны тусламж нэмэгдэж буй өнөө цагт ОХУ фронт дээрх эрчийг алдагдуулж болохгүй. Иймд Умард Солонгосын дэмжлэг ОХУ-д алдаж болохгүй боломж юм.
Стратегийн тэлэлт: ОХУ-ын хувьд Умард Солонгостой харилцаагаа гүнзгийрүүлснээр АНУ болон түүний холбоотон улсуудад байрлах цэргийн баазуудаас жийрэг үүсгэх, АНУ-ын эсрэг хүйтэн фронтыг зүүн зүгт тэлэх, Зүүн Азид нөлөөгөө тэлэх зэрэг ач холбогдолтой.
Эдийн засгийн хамтын ажиллагаа: ОХУ барилга, хөдөө аж ахуй, хүнсний болон хэрэглээний бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хими болон машин механизмын үйлдвэрлэл, эрчим хүчний болон байгалийн баялаг олборлолт, худалдааны салбарт Умард Солонгосоос илт давуу байдлаа ашиглан эдийн засгийн үр өгөөжтэй хамтын ажиллагаа явуулах ач холбогдолтой. Иймд ч энэ сард болсон айлчлалын үеэр томоохон төслүүд дээр хамтран ажиллах тухай хэлэлцээр хийв.
Энэхүү уулзалтаас гарч болох сөрөг үр нөлөө нь бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулах эрсдэлтэй. Жишээ нь, уг уулзалтаас өмнө Пхеньян Сөүлийн талаар баримтлах улс төрийн хандлагаа өөрчилсөн. ОХУ цөмийн зэвсэг хэрэглэх тухай үзэл баримтлалаа мөн өөрчилсөн. Умард Солонгосын хил орчмоор хуягт эсэргүүцэх хаалт, минижүүлэлт, цэргийн төвлөрөлт үүсгэж байгаа нь АНУ болон түүний холбоотон Япон, Өмнөд Солонгосын эсрэг өдөөн хатгасан үйл ажиллагааны эхлэл гэмээр. Цаашид хоёр улс цөмийн зэвсэг, холын тусгалтай пуужингийн хүчин чадлыг ахиулах тал дээр хамтран амжилттай ажиллаж эхэлбэл бүс нутгийн хүрээнд цөмийн зэвсгийн тархалт ихэснэ. Хэрэв Ким Жөн Ын Умард Солонгос их бууны сум нийлүүлсний хариуд цөмийн бөгөөд пуужингийн технологи Оросоос шаардвал В.Путин өгөхөөс өөр аргагүйд хүрч магадгүй юм.
БНХАУ, ОХУ, БНАСАУ-тай найрсаг харилцаатай манай улсын хувьд дипломат харилцаанд илүү хянамгай оролцох цаг иржээ. Бүс нутгийн хурцадмал байдал үүсэх эрсдэлтэй өнөө цагт манай улс тэнцвэртэй хийгээд ашигтай гадаад бодлого явуулах шаардлага урьдынхаас илүү гарч ирж байна.
Эх сурвалж: BBC, Reuters, the Diplomat, 38 North, CSIS.


Leave a comment