Б.Зул
Израил болон Ливан дахь Хезболла бүлэглэлийн хооронд нөхцөл байдал сүүлийн саруудад улам хурцадсаар байна. Хамас бүлэглэлийн халдлагын дараа 2023 оны 10 дугаар сараас хойш Хеболла Израилын эсрэг тогтмол дайралт хийж байна. Зургаадугаар сарын 9-ний өдөр Хезболлагийн дайчид Ливаны хилийн орчмоос 10 пуужин, 2 ширхэг тэсрэх бөмбөгөөр тоноглосон дроноор Израилын нутагт дайралт хийсэн, үүний дараа дахин 25 пуужин, 3 дроны цохилт Израилын хойд нутагт өгчээ. Үүний дараагаар Израилын талын мэдээлснээр Хезболла 6 дугаар сарын 12-ны өдөр 100 гаруй пуужингаар Израилын цэргийн бааз болон бусад цэгүүдэд цохилт өгсөн байна. Ийнхүү Хезболла, Израилын армийн Ливаны хил дээрх мөргөлдөөн ойролцоох улсууд руу хальж бүс нутгийн хэмжээний зэвсэгт мөргөлдөөн болох эрсдэлд хүрээд байна.
Урд өмнө нь Израил болон Хезболлагийн дайчдын хооронд зэвсэгт мөргөлдөөн болж байсан ч энэ нь сүүлийн үед улам хурцадмал байдалд хүрч, хилийн орчмоор Израилын цэргийн баг бүрэлдэхүүн төвлөрөх, хилийн орчмоор оршин суугаа энгийн иргэдийг нүүлгэх зэрэг бэлтгэл ажил явагдаж эхэллээ. Болзошгүй дайныг дипломат аргаар намжаах, хоёр талын хэлэлцээр хийлгэх хүчин чармайлтыг АНУ-ын тусгай элч Амос Хочштейн хариуцан Ливан, Израилын албаны хүмүүстэй уулзалтууд хийж байгаа ч үр дүнгүй байна.
Израил Улс Газын зурвас, Баруун Эрэг, Сири Улстай хиллэх хойд бүс, Иран, Ливанаас гадна дотоодын экстремист үзэлтнүүдийн өдөөх үймээн гэх мэт үндэсний аюулгүй байдлын олон талт асуудлуудтай. Үүнээс үзэхэд, одоогийн байдлаар Ливантай дайн хийх нь стратегийн хувьд Израилын талд тохиромжгүй юм.
Энэхүү хурцадмал байдал доорх гурван хувилбарт шилжих магадлалтай гэж үзэж байна. Үүнд:
НЭГ. Хоёр тал бүрэн хэмжээний дайн эхлүүлэх. Одоогийн мөргөлдөөн даамжирвал, Израил, Ливан Улсын өмнөд хэсэгт өргөн хэмжээний цэргийн ажиллагаа явуулж болзошгүй. Ингэсэн тохиолдолд Израилын хойд хэсэгт Хезболлагийн хариу цохилт нэмэгдэж зүүн талаас Сири Улс Израилын эсрэг дайнд нэгдэнэ. АНУ болон холбоотон улсуудын дэвшилтэд зэвсэг технологийн хангамжтай Израил Улс Сири, Ливан зэрэг улсуудад богино хугацаанд их хэмжээний хохирол учруулснаар бүс нутгийн аюулгүй байдалд нөлөөлж, зэвсэгт мөргөлдөөн өргөжин халих эрсдэл үүснэ.
ХОЁР. Ливан Улс болон Израилын эрх баригчид хоёр талдаа хохирлын хэмжээг багасгах арга хэмжээ авч, хязгаарлагдмал зэвсэгт мөргөлдөөн хилийн орчмоор явуулна. Одоогийн байдлаар Израилын агаараас хамгаалах “Iron Dome” систем үр ашигтай ажиллаж, АНУ, Англи зэрэг холбоотнуудаас хангадаг агаараас хамгаалах зэвсгүүд Ливаны пуужинг амжилттай зогсоосоор байна. Иймд Израил улс довтолгоонд бус хамгаалалтын байр сууриа сайжруулах үйл ажиллагаа явуулах магадлалтай.
ГУРАВ. АНУ болон олон улсын хүчин чармайлтаар гал зогсоох хэлэлцээр явуулж, Ливан Улс хилийн дагуу хяналтаа сайжруулж, Хезболлагийн хүчийг Сири Улсын чиглэлд шилжүүлэх үйл ажиллагаа явуулж магадгүй. Гэсэн хэдий ч Ливан Улсын одоогийн улс төр, дотоодын нөхцөл байдал энэ хувилбарт хүргэх, үр дүнтэй хэлэлцээр, харилцан буулт хийхэд төвөг учруулна. Энэ тохиолдолд нөхцөл байдлыг даамжирч Иран, Сири, Ливан, Израил зэрэг орнуудыг хамарсан Ойрх Дорнодод томоохон мөргөлдөөн үүсгэхгүй байх үүднээс НҮБ-ын Энхийг Сахиулах хүчин оролцох магадлалтай.
Израилын тагнуулын байгууллагын ажилтны бичсэнээр Израил олон жилийн турш хөрш орнуудын, ялангуяа Ливаны эдийн засаг, улс төр, нийгмийн тогтворгүй байдлыг зохион байгуулалттай дэмжиж, хөндүүр цэг, өвчлөмтгий байдлыг өөгшүүлэх үйл ажиллагаа системтэйгээр явуулж ирсэн гэжээ. Энэхүү тогтворгүй нөхцөл байдал нь өнөөгийн хурцадмал байдал үүсэх хөрс болсон гэхэд буруудахгүй байх. Израилын Газын зурваст явуулж буй цэргийн ажиллагааны одоогийн нөхцөл байдлыг ажиглахад олон улсын хүмүүнлэгийн нөлөөллийг үл хайхарсан байдалтай байна. Иймд дипломат хүчин чармайлтаар гал зогсоох шийдэлд хүрч чадах эсэх нь эргэлзээтэй юм.
Эх сурвалж: Foundation for Defense of Democracies, Times of Israel, Jerusalem Post, Al Monitor.


Leave a comment