Б.Зул

Олон Улсын Стратеги Судалгааны Төвөөс (CSIS) гаргасан хиймэл дагуулын мэдээгээр Куба Улсад шинээр баригдсан Хятадын тагнуулын байгууламжууд ил болов. АНУ-ын үзэж буйгаар Кубын Гавана хотын ойролцоо байрлах уг байгууламж нь мэдээллийн технологид суурилсан чагнах төхөөрөмжүүдтэй байж болзошгүй бөгөөд Куба Улсаас Америкийн эсрэг техникийн тагнуулын ажиллагаа явуулж байж болзошгүй гэжээ.

Тэгвэл Гавана хотоос холгүй энэхүү бааз нь АНУ-ын зүүн өмнөдийн цэргийн бүс болох Флорида мужаас 112.6 километр зайд байрлаж буй бөгөөд Флорида мужид байрлах тэнгисийн цэргийн баазууд, тус мужийн Тампа хотод байрлах АНУ-ын Тусгай Ажиллагааны Төв Команд, АНУ-ын Цэргийн Өмнөд Команд, Магдил Нисэх Хүчний Бааз, Кинг Бэй Тэнгисийн Цэргийн Бааз, Гуантанамо дахь АНУ-ын Тэнгисийн Цэргийн баазын үйл ажиллагааг тагнах, мэдээлэл цуглуулах ажиллагаа явуулдаг байж болзошгүй хэмээн үзжээ.

CSIS-ийн судлаач  олон жилийн туршид хиймэл дагуулаас авсан зургууд дээр дүн шинжилгээ хийж Куба Улсын Бехукал, Эл Салао, Вахай, Калабазар зэрэг дөрвөн газарт байрлах тагнуулын байгууламжуудыг тодорхойлжээ. Хиймэл дагуулын зураг дээрээс БНХАУ-ын тагнуулын байгууллагатай холбоотой гэх тухайн байгууламжууд сүүлийн жилүүдэд идэвхтэй үйл ажиллагаа явуулж барилгын болон тоног төхөөрөмжийн нэмэлт өөрчлөлтүүд хийж буйг онцлон тэмдэглэсэн байна. Жишээ нь, өндөр хүчин чадлын 16 ширхэг антен, гурван цагаригт суурилуулах үйл ажиллагаа явагдаж буй сансрын зураг энэ оны 3 дугаар сард ил болсон.

Гавана орчмын сансрын зургийн байршил 22.948472 -82.362861
Эл Салао дахь байгууламжийн сансрын зургийн байршил 20.005322 -75.746803

Одоогоор баригдаж байгаа бөгөөд олон нийтэд өмнө ил болоогүй байсан дөрвөн байгууламжийн хамгийн сүүлийнх нь тус улсын зүүн хэсэгт орших Сантьяго де Куба хотын гадна, Гуантанамо дахь АНУ-ын тэнгисийн цэргийн баазаас холгүй орших Эл Салао хотод байрлаж байна. Тус байгууламжийн барилгын ажил 2021 онд эхэлсэн бөгөөд электрон дохиог илрүүлж таслан зогсооход ашиглаж болох том антенуудыг дугуй хэлбэрт байршуулах суурийг босгоод байгаа аж.

Хиймэл дагуулаас авсан Эл Салао дахь байгууламжийн зураг.
Эх сурвалж: CSIS/HIDDEN REACH/AIRBUS DS 2024

Куба Улсад байрлах энэхүү байгууламж нь Латин Америкийн улсуудад баригдаж буй Хятадын олон судалгааны төвүүдийн нэг бөгөөд БНХАУ-ын тагнуулын мэдээлэл цуглуулах чадавхыг нэмэгдүүлэх томоохон ач холбогдолтой. БНХАУ-ын хувьд санхүү эдийн засаг, зээл тусламжийн хүрээнд олон талт хамтын ажиллагаа үүсгэж, улмаар иргэний, соёлын болон шинжлэх ухааны салбарт судалгааны төвүүд байгуулан тэдгээрээр дамжуулан тагнах, мэдээ мэдээлэл цуглуулах, иргэдийг элсүүлэх олон улсын жишгийг дагаж буй. 

Энэ зарчмаар өмнөд хөрш маань Аргентин, Чили, Эквадор, Бразил, Перу, Болив, Уругвай, Венесуэл зэрэг орнуудад зам тээвэр, цахим холбоо, эрчим хүч, сансрын судалгаа гэх мэт олон талт үйл ажиллагаа идэвхтэй явуулж буй нь нэг талаараа Хятадын тагнуулын сүлжээг зузаатгах, олон улсад Хятадын улс төрийн нөлөөг нэмэгдүүлэх, нөгөө талаар АНУ-ын хөрш орнуудыг өөртөө татах стратегийн зорилготой юм. 

Хятад Улс АНУ-ын адилаар дэлхий даяар цэрэг, тагнуулын баазын сүлжээ байгуулах хүчин чармайлтаа нэмэгдүүлсэн, БНХАУ-ын цэргийн болон технологийн чадамж сайжирсан, Филиппин, Тайван зэрэг улсуудтай үүсэх маргаан ихэссэн зэрэг нь цаашид БНХАУ, АНУ хоронд зэвсэгт мөргөлдөөн үүсэх эрсдэлийг дагуулж байна.

Эх сурвалж: Center for Strategic and International Studies, Wall Street Journal, Foundation for Defense of Democracies, RAND.

Leave a comment