Л.Батбаяр
Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Масоуд Пезешкианы тангараг өргөх ёслол 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Тегеран хотноо болж өнгөрсөн бөгөөд энэхүү арга хэмжээнд оролцохоор очсон Хамас бүлэглэлийн тэргүүн Исмаил Хание-г 7 дугаар сарын 31-ний 02:00 цагийн үед бие хамгаалагчийнх нь хамт хөнөөсөн халдлага болов.
Үүнтэй холбогдуулан Хамас бүлэглэл эмгэнэл илэрхийлж, түүнийг Тегеранд сионистуудын дайралтад өртсөн хэмээн мэдээлэв. Ираны албаныхны мэдээлснээр Ханиег “агаарын удирдлагатай суманд” амь үрэгдсэн хэмээн үзэж байгаа бөгөөд одоогоор аюулгүй байдлын албаныхан халдлагыг мөрдөн шалгаж байгаа аж.
Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи Хамасын улс төрийн удирдагч Исмаил Хание Ираны газар нутагт алагдсанд хилэгнэж, түүний өшөөг авахыг Иран өөрийн үүрэг хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд “Манай гэрт, бидний хүндэт зочны амийг хөнөөлөө хэмээн” онцлов. Иран Улс Исмаил Хание алагдсантай холбогдуулан 3 өдрийн гашуудал зарласан бөгөөд 8 дугаар сарын 1-нд түүнийг оршуулахаар болсон.
Хамасын удирдагч Исмаил Ханиегийн амь насыг хөнөөсөн хэрэг олон улсад ихээхэн анхаарал татсан асуудал болоод буй бөгөөд зарим улс орнуудын зүгээс бүс нутгийн тогтвортой байдалд санаа зовниж түүний аминд хүрсэн халдлагыг буруушааж байна.
АНУ-ын Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Ханиегийн амь насыг хөнөөсөн талаарх мэдээллийг харсан гэж мэдэгдсэн ч нэмэлт тайлбар өгөхөөс татгалзсан байна. Тус улсын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Ойрхи Дорнодод дайн гарах нь гарцаагүй гэж үзэж байгаа бөгөөд Израил руу дайралт хийвэл АНУ түүнийг хамгаална хэмээн мэдэгдэв. Тэрээр “Нөхцөл байдлыг намдааж, асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэхийн тулд шаргуу ажиллах болно. Бүс нутагт илүү өргөн хүрээний мөргөлдөөн болж хувирахгүйн тулд чадах бүхнээ хийх болно” хэмээжээ.
Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас, Палестины Ерөнхий сайд Мухаммад Мустафа нар энэхүү аллагыг буруушаав.
ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Михаил Богданов Ханиегийн амь насыг бүрэлгэсэн явдлыг “хүлээн зөвшөөрч үл болох улс төрийн аллага” хэмээн онцлов. Мөн энэхүү үйл явдал нь бүс нутагт аюултай үр дагавар авчирч болзошгүй тул талуудыг тэвчээртэй байхыг уриалав.
Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ханиегийн амь насыг хөнөөсөн үйлдлийг эрс эсэргүүцэн буруушааж байгаагаа илэрхийлсэн бөгөөд Газын зурваст нөхцөл байдлыг улам бүр хурцатгахгүйн тулд иж бүрэн, байнгын гал зогсоох хэлэлцээрийг аль болох хурдан биелүүлэх ёстой хэмээн мэдэгдэв.
Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган энэхүү аллагыг хатуу зэмлэн буруушааж “жигшүүрт үйлдэл” хэмээн онцлов. Тэрээр мэдэгдэлдээ Израилыг буруутгаж “Сионист зэрлэгүүд урьд өмнө нь амжилтад хүрч чадаагүй шигээ одоо зорилгодоо хүрч чадахгүй” хэмээв. Мөн тэрээр Турк Улс нь Палестины ард түмэнд дэмжлэг үзүүлсээр байх болно гэдгээ илэрхийлэв.
Катар Улс Ханиегийн амийг хөнөөсөн үйлдлийг “жигшүүрт гэмт хэрэг” бөгөөд “аюултай хурцадмал байдал” хэмээн онцлов. Мөн тус улсын Ерөнхий сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Мухаммад бин Абдулрахман Аль-Тани “нэг тал нь нөгөө талын хэлэлцээ хийх хүнийг хөнөөсөн тохиолдолд зуучлал хэрхэн амжилтад хүрэх вэ” хэмээн сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.
Йордан Улс Израилыг Ханиегийн аллагад буруутгасан бөгөөд энэхүү аллагыг жигшүүрт гэмт хэрэг, олон улсын хуулийг зөрчсөн хэмээн онцлов.
Египетийн ГХЯ-ны мэдэгдэлд Хамасын удирдагч Исмаил Ханиегийн амийг хөнөөсөн нь гал зогсоох хэлэлцээрт ахиц дэвшил гарахгүй байгаа үед нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна гэжээ. Мөн Израил Улсад гал зогсоох улс төрийн хүсэл зориг байхгүй байгааг харуулж байна хэмээв.
Ливаны зэвсэгт бүлэглэл Хезболла дээрх үйл явдалтай холбогдуулан эмгэнэл илэрхийлсэн болно.


Leave a comment