Э.Эрдэнэ-Очир

Израилын арми Ливаны газар нутагт Хезболлагийн цэргийн хүчний эсрэг хуурай замын цэрэг оруулснаар энэ бүс нутаг дахь өмнөх дайнуудыг санагдуулам нөхцөл үүсэв. Хоёр өдрийн өмнө Израил болон Хезболла бүлэглэлийн цэргүүд Ливаны өмнөд хэсэгт тулалдаж байсан бол өчигдөр Израил Ливаны нийслэл Бейрутын төвд цохилт өгөв.

Израилын хойд хил дээрх Меркава танк. Photo: AFP 

Израил Ливаны өмнөд хэсгийн 20 гаруй хот суурин газарт нүүн шилжих анхааруулгыг иргэдэд өгч байна. Израилын хуурай замын цэргийн дайралт хэрхэн өргөжих нь тодорхойгүй байгаа ч одоогоор дахин хойш 30 км давшихыг зорьж буйг дээрх анхааруулга харуулж байна. Эдгээр хотууд нь 2006 оны дайны дараа НҮБ-аас тогтоосон аюулгүй бүсээс гадуур Литани голын хойд талд оршдог.

Израил 10 дугаар сарын 4-ний өглөө Бейрутын Бачура хороололд цохилт өгсөн нь 2006 оноос хойш Бейрутын төвд ойртсон хамгийн ойрын цохилт байлаа. Тус цохилт Ливаны парламент болон барууны хэд хэдэн Элчин сайдын яамны ойролцоо болсон байна.

Бейрут дахь Израилын бөмбөгдөлт. Photo: Emilie Madi/Reuters.

Израилын цэрэг Хезболлагийн пуужингийн дайралтыг таслан зогсоож, хойд хилийн дагуух мөргөлдөөнөөс орон гэрээсээ дүрвэсэн иргэдээ хойд Израилд буцаан суурьшуулж, аюулгүй байдлыг хангана гэж мэдэгдэж байна.

Израил, Хезболла хоёрын зөрчилдөөн 1980-аад оноос эхэлсэн түүхтэй. Хамасын удирдсан 10 дугаар сарын 7-ны халдлагын дараа Хезболлагийн цэргүүд Израилын хойд нутаг руу пуужин харваж эхэлснээр хоёр талын мөргөлдөөн сэдэрсэн.

Израилын цэргийн хүч хэр хүчтэй вэ? 

Израил 2023 онд 170,000 орчим идэвхтэй цэргийн алба хаагчтай байсан бөгөөд 10 дугаар сарын 7-ны халдлагын дараа 360,000 орчим нөөц цэргийг дайчилсан. Израилын тал орчин үеийн агаарын довтолгоо, хамгаалалтын системтэй.

Хезболлагийн цэргийн хүч хэр хүчтэй вэ?

Хезболлагийн цэргийн хүч 50,000 орчим гишүүнтэй гэж үздэг бөгөөд зарим шинжээчид тэднийг 100-аас 200 мянган пуужинтай байж магадгүй хэмээн таамаглаж байна. Хезболла нь Ираны дэмжлэгтэй тул зэвсгээ шинэчлэх боломжтой.

НҮБ-ын Энхийг сахиулах хүчний дарга Жан-Пьер Лакруа Ливаны өмнөд хэсэгт хурцадмал байдал нэмэгдэж, энгийн иргэдэд үзүүлэх үр дагаварт санаа зовж байгаагаа илэрхийлж, нэн яаралтай гал зогсоох яриа хэлэлцээ хийхийг уриалж байна.

НҮБ-ын Ливан дахь Түр зуурын хүчний (UNIFIL) энхийг сахиулагчид хүнд нөхцөлд Аюулгүйн зөвлөлийн мандатын дагуу Ливаны өмнөд нутагт сүүлийн үед хохирсон энгийн иргэдэд түр орон байраар хангах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажлуудыг зохион байгуулж байгаа ч нөхцөл байдлын улмаас үндсэн үүргээ гүйцэтгэхэд хязгаарлагдмал байдал үүсээд байгаа аж. Нөхцөл байдалд тохирсон нэмэлт арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжтой байхын тулд нөөц төлөвлөгөө гарган, байнга шинэчлэн ажиллаж байна.

Ойрхи Дорнодод агаарын цохилт, зэвсэгт мөргөлдөөн нэмэгдэх төлөвтэй байна.

Өнөөдөр үүсээд буй нөхцөл байдал нь 1967 оны Араб-Израилын дайнаас хойших хамгийн аюултай цаг үе болж байна. Израил Хезболлагийн удирдагчийг хөнөөж, Ливанд хуурай замын цэргийн дайралт хийсний дараа Ираны тал Израил руу ойролцоогоор 180 пуужин харвасан. Израилын зүгээс Иранд хариу цохилт өгөх магадлал өндөр байгаа тул мөргөлдөөн улам даамжирч магадгүй.

Израил одоо Ливан, Газын зурвас, Йемен, Сири даяар Иран болон Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүдтэй хэд хэдэн фронтод тулалдаж байна. Израил өнгөрөгч ням гарагт Йемений Худайда боомт хотод пуужингийн цохилт өгч, Тель-Авив руу пуужин харвасны хариу цохилт хийсэн.

Үүний зэрэгцээ Израил Газын зурвасыг агаараас тасралтгүй бөмбөгдөж, түүний дотор 9-р сард НҮБ-ын сургуулийн цогцолборыг онилон 18 хүний амийг хөнөөсөн байна. Израилын цэргийнхэн уг байршлыг Хамасын “удирдлагын төв” хэмээн удаа дараа мэдэгдэж, сургуульд орогнож буй газруудыг цохилт хийхийг зөвтгөж байна.

Тус бүс нутаг дахь гадаад улсын иргэдийн аюулгүй байдал

Ливан дахь мөргөлдөөний дүнд олон улсууд иргэдээ нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлж магадгүй байна. Одоогоор аль нэг улс орон өргөн цар хүрээтэй нүүлгэн шилжүүлэлт хийж эхлээгүй ч зарим улсууд Бейрутын нисэх буудлаас иргэдээ гаргах зорилгоор нэмэлт нисэх онгоц түрээслэн ажиллуулж байна. Мөн Кипр рүү далайн замаар нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө боловсруулж, нэг дор илүү олон хүнийг зөөвөрлөх боломжийг бий болгож байна.

Австрали: Бейрут нисэх онгоцны буудал нээлттэй байгаа үед Ливанд буй 15,000 иргэддээ яаралтай гарахыг уриалж, далайн замаар нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө гаргажээ.

Их Британи: Британи Улс ард иргэдээ тээвэрлэх нислэг үйлдэж, эмзэг бүлгийн иргэдийг түрүүлж гаргахаар зохицуулжээ. Ливанаас иргэдээ нүүлгэн шилжүүлэхээр Кипрт 700 цэрэг байршуулсан байна.

Франц: Ливанаас иргэдээ гаргах төлөвлөгөөгөө бэлдэж, Кипр, Туркийн замаар тээвэрлэн гаргах талаар хэлэлцэж байна. Цэргийн хөлөг онгоц байршуулжээ.

Герман: ЭСЯ-ны ажилтнууд болон өвчтэй иргэдийг нүүлгэн шилжүүлсэн ч нийт ард иргэдээ гаргах ажиллагаа хараахан эхлүүлээгүй байна.

Болгар: Болгар 89 иргэнээ нүүлгэн шилжүүлсэн бөгөөд дахин иргэдийг тээвэрлэх төлөвлөгөө гаргажээ. Ливанд амьдардаг 160 болгар иргэд хүсэлт гаргасан байна.

Канад: 800 хүний суудал бүхий нислэг үйлдэж, Кипрт цэргийн хүчнээ байршуулахаар бэлтгэжээ.

Португал: 44 иргэн цэргийн онгоцоор Кипрээр дамжуулан нүүлгэн шилжүүлсэн байна.

Кипр: Гуравдагч орнуудын иргэдийг хүлээн авч, түр байрлуулж, буцах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Япон: Иргэддээ Ливанаас гарахыг уриалж, Йордан, Грект байршуулсан цэргийн нислэгийг бэлтгэжээ.

Филиппин: Ливанд байгаа 11,000 иргэнийг газар дээрх тулаан даамжирвал нэн даруй нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөжээ.

Дүрвэгсэд: НҮБ-ын тайлангаар Ливанаас Сирид 100,000 хүн дайжжээ. Тэдний ихэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байна.

Эх сурвалж: New York Times, BBC, APNews, XinhuaNet, France24, United Nations, Al Jazeera.

Leave a comment