Э.Эрдэнэ-Очир

Хятад, Умард Солонгос хоёр улс 1949 оны 10 дугаар сарын 6-нд буюу БНХАУ-ыг тунхагласнаас хойш тав хоногийн дараа дипломат харилцаа тогтоожээ.

Хоёр улсын дипломат харилцааны 75 жилийн ойг тохиолдуулан тус хоёр улсын удирдагчид баярын захидал солилцон, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх амлалт өгсөн тухай БНАСАУ-ын төв хэвлэлээр мэдээлэв.

Төрийн тэргүүдийн солилцсон баярын захидалд талууд БНХАУ-ын Коммунист нам, БНАСАУ-ын Хөдөлмөрийн Нам болон хоёр улсын Засгийн газар, түүнчлэн Хятад, Солонгосын ард түмний нэрийн өмнөөс БНАСАУ болон БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн баярыг тохиолдуулан харилцан халуун мэндчилгээ дэвшүүлж, хоёр талын найрамдалт харилцаа хөгжлийн шинэ түүхэн шатанд орсныг онцолжээ.

Мөн урт түүхтэй, шилдэг уламжлалтай найрамдалт харилцааг тууштай үргэлжлүүлэн хөгжүүлэх нь хоёр улсын ашиг сонирхолд нийцэж байгааг дурдсан байна.

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун 2018 оны 3 дугаар сарын 25–28-ны өдрүүдэд Хятадын удирдагч Си Зиньпинтэй анх удаа нууцаар уулзсан. Энэ нь Ким Жон Ун төрийн эрхэнд гарснаасаа хойш хийсэн анхны гадаад айлчлал байв. Үүний дараа Ким, Си нар 2018 оны 5 дугаар сарын 7–8-ны өдрүүдэд Далянь хотод хоёр дахь удаагаа, мөн оны 6 дугаар сарын 19–20-ны өдрүүдэд гурав дахь удаагаа уулзжээ.

Дараа нь тэд 2019 оны 1 дүгээр сарын 7–10-ны өдрүүдэд Бээжинд дөрөв дэх уулзалтыг хийсэн бол 2019 оны 6 дугаар сарын 20–21-нд Пеньянд тав дахь удаагийн албан ёсны дээд хэмжээний уулзалтыг хийжээ. Үүнээс хойш хоёр орны харилцаа тогтвортой бэхжиж байгаа гэж үздэг.

Гэвч талууд энэ жил хоёр улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг ахиулсан дорвитой баримт бичиг байгуулсангүй хэмээн зарим судлаачид бичиж байна.

Хоёр улсын харилцааны цаашдын төлөв

Хятад болон Умард Солонгосын харилцаа цаашид стратегийн ач холбогдолтой хэвээр байх боловч Бээжин Пеньяныг дэмжиж, эдийн засгийн тусламж үзүүлэхийн зэрэгцээ Умард Солонгосын “цөмийн хөтөлбөр”-т болгоомжтой хандах, бүс нутгийн тогтвортой байдлыг хадгалахыг эрмэлзэнэ.

Үр дүнд нь Бээжин Пеньяны эдийн засгийн гол түнш хэвээр байж, үүнийхээ инерцээр Умард Солонгосын бодлого, үйл ажиллагаанд нөлөөлөх, нөгөө талаас бүс нутгийн тогтвортой байдлыг хангахын тулд “зуучлалын үүрэг” гүйцэтгэхийг эрмэлзэнэ гэж судлаачид таамаглаж байна.

Эх сурвалж: Nikkei Asia, Japan News by Yomiuri Shimbun, WDIO News, KCNA, NKNews.

Leave a comment