Энэ он бол магадгүй хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн олон сонгууль болж буй, хамгийн олон сонгогчид санал өгөх жил ч байж магадгүй юм. Дэлхийн насанд хүрсэн хүн амын тал нь буюу ойролцоогоор 3.7 тэрбум сонгогчид санал өгч байна.
Сонгогчдын багагүй хувь нь анх удаа санал өгч буй сонгогчид байх нь бас нэг онцлог.
Энэ утгаараа 2024 он дэлхий улс төрийн хувьд маш онцгой жил байх болно. Америк, Тайван, Орос, Гана, Британи, Өмнөд Африк, Мексик, Энэтхэг гээд нийт 73 улсад парламентын, ерөнхийлөгчийн, орон нутгийн сонгууль болж байгаа.
Өөрөөр хэлбэл, тусгаар тогтносон улс гүрнүүдийн 40 орчим хувь нь, их гүрнүүд, бүс нутгийн томоохон улсуудын дийлэнх нь, дэлхийн хамгийн их хүн амтай 10 улсын 8 нь болох Бангладеш, Бразил, Энэтхэг, Индонез, Мексик, Пакистан, Орос, Америк улсууд улс төрийн сонгуулиа зохион байгуулж байгаа нь онцлууштай.

Сонгуулийн супер цикл: Ийнхүү олон сонгууль давхцаж буйг дэлхийн сонгуулийн супер цикл гэж нэрлэдэг. Учир нь дэлхийн 73 улсад улс төрийн нам, хүчнүүд хөгжлийн цаашдын бодлого, зорилтоо шинэчлэн тодорхойлж, санал хураалт нь дэлхийн хүн амын 54 хувийг, дэлхийн ДНБ-ий 60 орчим хувийг эзэлдэг зах зээлийн орчинд болдог учир зөвхөн дэлхийн улс төрийн амьдралд төдийгүй олон улсын харилцаа, нийгэм, эдийн засаг, бизнесийн орчинд ч үр нөлөөтэй байдаг.

Энэ утгаараа дэлхийн сонгуулийн супер цикл жилд дэлхийн улс төрийн амьдрал буцалж, өрнөл ихтэй байдаг боловч нөгөө талаас улс төрийн томоохон шийдвэр, үйл явдлууд хүлээлтийн байдалд шилждэг онцлогтой аж. Үүний зэрэгцээ улс орнууд олон улс, гадаад үйл явдлаас илүүтэйгээр дотоод улс төр, сонгуулийн зохион байгуулалт, кибер аюул занал, нийгмийн сэтгэл зүй, улс төрийн шинэчлэл, хөгжлийн бодлогод түлхүү анхаарч байна.
Сонгуулиуд дотроос АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль, Европын холбооны парламентын сонгууль хамгийн өндөр үр дагавартай сонгуулиуд юм. Эдгээр сонгууль нь дэлхийн улс төр, олон улсын харилцаа, их гүрнүүдийн эдийн засгийн бодлого, өрсөлдөөн, хамтын ажиллагаанд гол өөрчлөлтийг авчрах болно.
Харин Энэтхэгийн сонгууль дэлхий дээрх хамгийн том, ардчилсан сонгууль гэдгээрээ онцлог байлаа. Тус сонгуулийн санал хураалт нийт 7 үе шаттай, 4 дүгээр сарын 19-нөөс 6 дугаар сарын 1 хүртэл зохиогдсон.
Супер циклийн дарамт: Энэ олон сонгууль болох боловч тэдгээрийн үр дүн дэлхийн улс төр, ардчилалд ямар нөлөө үзүүлэх вэ? Энэ бол супер циклийн дарамт.
Шинжээчдийн үзэж байгаагаар барууны хэт даврагчид болон либерал үзэлтнүүд өсөх хандлагатай аж.
Зарим улсад сонгуулиуд авторитар эрх мэдэл бүхий “дарангуйлагчид”-ыг улам бэхжүүлж, авлигач популистуудад “урам” өгч, зарим улсад ардчиллаар сонгогдсон удирдагчид ардчиллын эсрэг, либерал бус кампанит ажлуудыг эхлүүлэх магадлалтай аж. Энэ жилийн сонгуулийн үр дүн нь либерализмын эсрэг чиг хандлага хэр хүчтэй байгааг болон ардчиллын үнэт зүйлсийн дэлхий даяарх хямралын хэмжээг харуулна.
Эх сурвалж: IDEA, UNDP, EY, Freshfields, RE-Russia.


Leave a comment