Э.Эрдэнэ-Очир

Монгол, Хятад хоёр улс 1949 оны 10 дугаар сарын 16-нд дипломат харилцаа тогтоожээ. Монгол Улс нь БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон анхны улс орнуудын нэг бөгөөд өнгөрсөн 75 жилийн хугацаанд хоёр тал улс төрийн харилцан итгэлцлээ улам бүр бэхжүүлж, худалдаа, эдийн засгаас эхлээд бүхий л салбарт хоёр талын хамтын ажиллагаа гүнзгийрсээр ирсэн.

Энэ он бол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Хятад-Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жилийн ой болон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой болж буйгаараа онцлог.

Эдгээр тэгш ойг тохиолдуулан өнөөдөр БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нар харилцан баярын мэндчилгээ солилцжээ.

Хятадын тал хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийг тогтвортой, тууштай хөгжүүлэхийг уриалж, хоёр талын харилцааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа онцлон тэмдэглэжээ.

Олон тэгш ойг тэмдэглэх хүрээнд Хятадын талаас тус улсын Дэд ерөнхийлөгч Хань Жөн 9 дүгээр сард Монгол Улсад айлчилж, айлчлалын өмнө, дараа ойн хүндэтгэлийн хүлээн авалт, хурал цуглаан, бусад ёслолын арга хэмжээ ээлж дараалан зохион байгуулагдсан юм.

Photo credit: Xinhua, CRI

Си Зиньпин 2014 онд Монгол Улсад төрийн айлчлал хийж, Улаанбаатар, Бээжин хоёр харилцаагаа иж бүрэн стратегийн түншлэл болгон шинэ түвшинд гаргаж, харилцааны “шинэ бүлэг” нээсэн. Энэ жил уг айлчлал, хоёр талын харилцааг ахиулсны 10 жилийн ой тохиож буй тул БНХАУ-ын Дарга Си Зиньпин өөрөө Монгол Улсад дахин айлчилна гэсэн хүлээлт байсан юм. Зарим ажиглагчдын дунд Си Зиньпин энэ оны 10 дугаар сарын дундуур Монгол Улсад айлчлах асуудал яригдаж байгаад тодорхой шалтгааны улмаас хойшилсон, энэ онд багтаан айлчилна гэсэн таамаг, хүлээлт одоо ч гэсэн байсаар байна.

Гэвч энэ онд уламжлалт Хятад-Монгол-Оросын дээд хэмжээний уулзалт зохиогдоогүй, үүний оронд гадаад хэргийн сайд нар уулзсан, эдгээр өдрүүдэд Исламабадад гурван талын Ерөнхий сайд нар уулзах гэж байна. Мөн БНХАУ-ын Дэд дарга Хань Жөн аль хэдийн айлчилсан зэргээс үзвэл энэ онд өөр өндөр хэмжээний айлчлал хэрэгжихгүй болов уу.

Өмнө нь ч Си болон У.Хүрэлсүх Астанад болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр уулзаагүй  нь үүнийг батлах биз.

Энэ оны хувьд МҮХАҮТ, БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын Зунхуа нийгэмлэгийн хамтын ажиллагааны шугамаар хоёр улсын сэргээгдэх эрчим хүч, эрүүл мэндийн аялал жуулчлал, хуулийн үйлчилгээ, хөдөө аж ахуйн чиглэлийн бизнес эрхлэгчдийн “шинэ түншлэл” үүсгэх зорилготой цуврал арга хэмжээнүүд 11 сард зохион байгуулагдсанаар ойг тэмдэглэх ажил, арга хэмжээ өндөрлөх төлөвтэй. Хятадад эдгээр өдрүүдэд ойг тэмдэглэн өнгөрүүлэх зарим ёслол, арга хэмжээ зохиогдож буйг Хятадын хэвлэл, мэдээллээр онцлон мэдээлж байна.

БНХАУ нь Монгол Улсын экспортын гол зах зээл, импортын гол нийлүүлэгчийн байр сууриа сүүлийн 20 гаруй жил хадгалж байна. Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, өнгөрсөн онд Монгол-Хятадын худалдааны хэмжээ өмнөх оныхоос 30 гаруй хувиар өсч 17.6 тэрбум ам.долларт хүрсэн, хоёр тал худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд ойрын жилүүдэд худалдааны хэмжээгээ 20 тэрбум ам.долларт хүргэхээр ажиллаж байна.

Нөхцөл байдлаас үзэхэд Монгол, Хятадын харилцаа уламжлалт түншлэлийн зарчмуудыг баримтлан тогтвортой, тууштай байхын сацуу ирэх жилүүдэд илүү эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааг өргөжүүлэх агуулгад түлхүү чиглэх бололтой.

Эх сурвалж: The Diplomat, Chinese Embassy in Mongolia, China Daily, Montsame, China Radio International.

Leave a comment