Л.Батбаяр, Э.Эрдэнэ-Очир

Ойрх Дорнод дахь зөрчил мөргөлдөөн даамжирвал газрын тосны үнэ баррель тутамд 100-125 ам.долларт хүрэх магадлалтай байна. Ялангуяа Израил, Ираны хооронд мөргөлдөөн удаан хугацаанд үргэлжилбэл газрын тосны үнэ баррель тутамд 150 ам.доллар хүрч болзошгүй, дэлхийн үйлдвэрлэлд 1 их наяд ам.долларын алдагдал үүснэ гэж судлаачид таамаглаж байна.

Гол асуудал нь дэлхийн газрын тосны экспортын гол маршрут болох Хормузын хоолой хаагдах эрсдэл юм. Саудын Араб болон АНЭУ тус хоолойгоор дамжуулан газрын тосоо тээвэрлэж болох ч ихэнх экспортын хэмжээ нь гацаж зогсонги байдалд орох буюу нийлүүлэлт огцом буурах эрсдэлтэй. Учир нь олон улсын газрын тосны зах зээлийн цэвэршүүлсэн нефтийн 30 орчим хувь, бусад (дизель, газ г.м) бүтээгдэхүүний 20 орчим хувь нь Персийн булангаас экспортлогдож байна.

Мөн Израил Ираны газрын тосны дэд бүтцийг онилбол Ираны 1.4-1.5 сая баррель газрын тосны экспорт тасалдах эрсдэлтэй бөгөөд үүний ихэнх нь БНХАУ-д, тодорхой хувь нь БНСУ, Япон улсуудад нийлүүлэгддэг. 

Олон улсын эдийн засгийн хоригт байгаа хэдий ч Тегеран сүүлийн саруудад өдөрт дунджаар 2.5 сая баррель газрын тос үйлдвэрлэснээс урт хугацааны тогтвортой гэрээний дагуу БНХАУ руу л гэхэд өдөрт 1-1.4 сая баррель газрын тос экспортолсон байна.

Иран дэлхийн 4 дэх том газрын тос олборлогч бөгөөд өдөртөө 2-4 сая баррель газрын тос олборлодог бөгөөд тус улсын эрчим хүчний салбарын байгууламж руу шууд халдах нь олон улсын зах зээлд газрын тосны үнийг нэмэгдүүлэх, түүнийг дагасан улс төр, эдийн засгийн гадаад, дотоод асуудлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байна. 

Иран Улсын нөлөөллийн хүрээ. Эх сурвалж: Geopolitical Futures.

Энэ утгаараа сөргөлдөгч талууд эдийн засгийн суурь салбаруудыг хамгаалах зорилгоор эрчим хүч, түүний дэд бүтцийн объектуудыг чиглэхээс илүүтэйгээр бусад салбарын байгууламж, объектуудыг чиглэх бололтой. Ираны агаарын цохилтын хариуд Израилын тал хариу цохилт өгөхөөр бэлтгэж байгаа боловч Ираны цөмийн болон эрчим хүчний салбараас бусад салбарын байгууламж, объектод хариу цохилт өгөх тухай мэдээлэл гарч эхэлж байна.

Хэрэв Ойрх Дорнодын зөрчилдөөн даамжирвал газрын тосны үйлдвэрлэл, нийлүүлэлтэд ихээхэн саад учрах бөгөөд энэ нь экспортын замууд болон дэд бүтцийг эвдэх магадлалтай. Үүний үр дүнд газрын тосны үнэ огцом өсч, баррель тутамд 100 ам.доллараас давж магадгүй аж. 

Иймд Их гүрнүүд болон бүс нутгийн тоглогчдын цаашдын шийдвэр, яриа хэлэлцээ, “дайны үйл ажиллагаа” нь Ойрх Дорнод болон дэлхийн эрчим хүчний зах зээлийн ирээдүйн төлөв, хандлагыг тодорхойлоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэхээр байна.

Эх сурвалж: CSIS, Wood Mackenzie, Euro News, Bloomberg, Geopolitical Futures.

Leave a comment