Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба Умард Солонгосын цэргүүд Оросын тэнгисийн цэргийн тээврийн хөлөг онгоцонд сууж, дараа нь эх газарт зохион байгуулагдаж байгааг хиймэл дагуулын зургаар баталж байна.
Оросын Номхон далайн флотын дөрвөн десантын хөлөг, гурван хамгаалалтын хөлөг онгоц Умард Солонгосын Чонжин, Хамхын, Мусудан зэрэг газруудаас нийт 1,500 орчим Умардын цэргийг 10 дугаар сарын 8-наас 13-ны хооронд Владивосток руу тээвэрлэж дуусгасан байна. Хоёр дахь тээвэрлэлт тун удахгүй хийгдэхээр төлөвлөж байгаа аж.
Орос руу илгээсэн Умард Солонгосын цэргүүдэд Оросын цэргийн дүрэмт хувцас, зэвсэг, мөн Буриад, Сахагийн уугуул иргэд гэсэн хуурамч бичиг баримт олгосон байна.
Ёнхап агентлагийн мэдээлснээр, Умард Солонгосын цэргүүд Владивосток, Усуурийск, Хабаровск, Благовещенск зэрэг байршлуудад дөрвөн бригад болгон зохион байгуулагдсан бөгөөд сургуулилтаа дууссаны дараа Орос, Украины дайны бүсэд очих аж.
Украины ерөнхийлөгч В.Зеленский, Украины Батлан хамгаалах тагнуулын дарга Крыло Буданов нар “Манай тагнуулын мэдээгээр Умард Солонгосын офицер, цэргүүд Украиныг зориод эхэллээ. Нийт 10 мянган цэрэг очно гэсэн мэдээ байна. Эхний ээлжийн 2,600 цэргийг 11-р сарын 1 гэхэд Курск руу илгээж, тэнд байсан Украины хүчний эсрэг тулалдуулна. Умард Солонгос Орост зөвхөн зэвсэг болон технологийн дэмжлэг үзүүлээд зогсохгүй цэргийн хүчээр оролцож эхэллээ” гэж мэдэгдэв.
Шинжээчдийн үзэж буйгаар Умард Солонгосын хувьд үүнийхээ хариуд хүнс, эдийн засгийн тусламж, цөмийн чадавхаа сайжруулахад чиглэсэн технологийн дэмжлэг авч магадгүй гэж үзэж байна. Пхеньян цэрэг илгээснийхээ дараа дотооддоо мөн цэргийн анги нэгтгэлийн бэлэн байдлыг хангаж, Ким Жон Ун цэргийн ангиудаар ажиллаж байна.
Үүнээс гадна, Украйны албаныхан Умард Солонгосын хэдэн мянган цэрэг Монголын хилийн ойролцоо Улаан-Үд хотод бэлтгэл сургууль хийж байна хэмээн сэжиглэж буй талаар Сингапурын мэдээллийн Channel News Asia суваг мэдээлэв.

Умард Солонгос өмнө нь Вьетнамын дайны үеэр, мөн Ём Киппурын дайны үед Египетэд нисгэгч, цэргийн зөвлөхүүд илгээж байсан туршлагатай ч ийм их хэмжээгээр цэрэг илгээж байгаагүй. Энэ байдал Умард Солонгос болон барууны орнуудын хоорондын хурцадмал байдлыг улам даамжруулж болзошгүй юм.
Эх сурвалж: Washington Post, Newsweek, Kyiv Post, Al Jazeera, VOANews, Reuters.


Leave a comment