Японы Либерал Ардчилсан Нам (ЛАН) болон түүний эвслийн хамтрагч Комэйто нам Төлөөлөгчдийн танхимд дийлэнх болоход шаардлагатай 233 суудал авч чадсангүй, нийт 215 суудал авч, өөрсдөө бие даан засаглах боломжгүй боллоо. Энэ нь 1955 оноос хойш улс төрийн голлох байр сууриа хадгалсан тус эвсэлд томоохон цохилт боллоо.

Ерөнхий сайд Ш.Ишиба албан тушаалдаа очоод нэг сар болж байгаа бөгөөд тэрээр улс төрийн нөхцөл байдлыг богино хугацаанд тогтворжуулж, зөв алхам хийхгүй бол эрх мэдлээ хадгалж чадахгүй, албан тушаалаа орхиж ч магадгүй гэж хэвлэл мэдээллүүд онцолж байна. Албан тушаалаасаа буухад хүрвэл тэрээр түүхэнд хамгийн богино хугацаанд ажилласан Ерөнхий сайд болно. Тэрээр Засгийн газраа тогтвортой ажиллуулахын тулд эвслээс гадна сөрөг хүчнээс нэмэлт дэмжлэг хайх шаардлагатай болж байна. Ш.Ишиба сонгуулийн дараа NHK-д өгсөн ярилцлагадаа “Манай нам ард иргэдээс том дүгнэлт хүлээн авлаа, гэхдээ бид үүнийг “бадрангуйгаар” хүлээн авах болно. Японы ард түмэн ЛАН-д “эргэцүүлэх, сайжрах” боломж олгож байна. Бид ард түмнийхээ хүсэлтэй нийцсэн нам болохыг зорино” гэв. Ярилцлагаас үзвэл тэрээр албан тушаалаасаа буухгүй, ЛАН тэргүүтэй эвслийн шинэ Засгийн газар бүрдүүлж, үргэлжлүүлэн ажиллах сонирхолтойг харуулна.

Хэдийгээр улс төрийн гол сөрөг хүчин Үндсэн хуулийн Ардчилсан Нам (ҮХАН) 148 суудал авч, хамгийн их суудалтай болсон ч дотроо зөрчил, хуваагдалтай байгаагаас ЛАН-д “хүчтэй өрсөлдөгч” болж чадахгүй гэж судлаачид дүгнэж байна. Тус намын дарга Ёшихико Нода эвсэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн ч нам дотроо зөрүүтэй байр суурьтай байж магадгүй аж. Түүнчлэн либерал болон барууны үзэл баримтлалтай бусад сөрөг хүчний намуудын хувьд бодлогын зорилго, зорилтууд нь зөрүүтэйн улмаас эвсэл байгуулахад хүндрэл учрах төлөвтэй байна.
Дээрх байдал нь Японы улс төрд “шинэ уур амьсгал” бий болгож байгааг нөгөө талаас зарим судлаачид “улс төрийн тодорхойгүй, тогтворгүй байдал” гэж харж байна.
Ийнхүү Японы Төлөөлөгчдийн танхимын сонгуулиар дэлхийн дөрөв дэх том эдийн засгийг удирдах үнэмлэхүй нам, эвсэл “тодроогүй байдал”-аас үзэхэд цаашид иений ханшийг доод түвшинд хүргэх, шинэ Засгийн газрыг байгуулах, магадгүй шинэ Ерөнхий сайд сонгож магадгүй байдлыг бий болгоод байна. Эдгээр нь Японы эдийн засагт сорилт бэрхшээл нэмэгдсэн, БНХАУ-ын зүгээс Зүүн болон Өмнөд Азид цэрэг, стратегийн нэн идэвхтэй бодлого хэрэгжүүлж буй, мөн цөмийн зэвсэгтэй Умард Солонгосын асуудал, үр дүн нь хэрхэх нь тодорхойгүй АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө өрнөж буйгаараа онцлог, олон улсын анхаарлын төвд байна.
Эх сурвалж: Japan Times, BBC, CNN, CNBC, Nikkei Asia, Reuters.


Leave a comment