Э.Мөнх-Оргил, Э.Эрдэнэ-Очир

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас Камала Харрис, Бүгд найрамдах намаас Дональд Трамп нар өрсөлдөж буй бөгөөд 11 дүгээр сарын 3-ны өдрийн байдлаар сонгуульд 65 сая 80 мянга гаруй хүн урьдчилсан санал хураалтад оролцоод байна. Арваннэгдүгээр сарын 5-ны өдөр болох тус сонгуулиар америкчууд Ерөнхийлөгчөө сонгохын зэрэгцээ Конгрессын Сенатын танхимын 100 гишүүний 34 нь, Төлөөлөгчдийн танхимын бүх 435 гишүүн болон 13 муж улс, нутаг дэвсгэрийн захирагчийг сонгоно.

Урьдчилсан санал асуулгаар хэн тэргүүлж байна вэ?

Сонгуулийн үйл явц, урьдчилсан санал асуулгын дүнгээс үзэхэд Дэд ерөнхийлөгч К.Харрис, Ерөнхийлөгч асан Д.Трамп нарын хооронд сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд байгаагүй ойрхон, маш өрсөлдөөнтэй сонгууль болохоор байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд ялахын тулд нэр дэвшигч нь төлөөлөн сонгогчдын коллег (electoral college)-ийн 538 гишүүнээс 270 гишүүний саналыг авах шаардлагатай. АНУ-ын сонгуулийн системд муж улс бүр хүн амынхаа тооноос хамааран харилцан адилгүй сонгогчдын коллегийн гишүүнтэй байдаг. Өөрөөр хэлбэл, олон хүн амтай муж улс олон гишүүнтэй байх бол цөөн хүн амтай муж улс цөөхөн гишүүнтэй байна.

Ардчилсан намын төлөөлөгчдийн олонхын дэмжлэгийг авч Ж.Байдены оронд тус намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон К.Харрис 7 дугаар сараас хойш санал асуулгаар бага зэрэг тэргүүлж байсан бол сүүлийн долоо хоногуудад Д.Трампын рейтинг өсч, К.Харристай ойртож ирлээ.

Урьдчилсан санал асуулгуудын дундаж дүнгээр 11 дүгээр сарын 4-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд К.Харрис 49 хувьтай өрсөлдөгчөөсөө ганц хувийн саналаар (Д.Трамп 48 хувь) илүүрхэж байгаа бол “swing states” буюу сонгуулийн дүнд хамгийн том нөлөө үзүүлдэг савлагаатай 7 муж улсуудад хоёр нэр дэвшигчийн хэн нь ч ялалт байгуулж мэдэхээр өрсөлдөөнтэй байна. Тодруулбал, урьдчилсан санал асуулгын дүнгээр Мичиган, Висконсин мужид К.Харрис 1 хувиар, харин Хойд Каролина, Невада, Жоржиа, Пенсильвани мужид Д.Трамп 1 хувиар, Аризона мужид 3 хувиар илүүрхэж байна. Товчхондоо Д.Трамп 7 мужийн 5-д нь тэргүүлж байгаа ч сонгуулийн дүн хаашаа ч эргэж болзошгүй, дээрх савлагаатай муж улсад тун бага саналын зөрүүтэй явж байна.

Эх сурвалж: New York Times

Хоёр нэр дэвшигч аль аль нь сонгуулийн сүүлийн өдрүүдэд эдгээр мужуудад анхаарлаа хандуулж, кампанит ажлаа идэвхтэй өрнүүллээ. К.Харрисын хувьд залуу сонгогчдыг идэвхжүүлж, эдийн засаг, эрүүл мэнд зэрэг гол асуудлуудад анхаарч буй нь тэргүүлж буйн шалтгаан байж магадгүй. Нөгөө талаас, сүүлийн үед олон улсад өрнөж буй хурцадмал үйл явдлуудтай холбоотойгоор Д.Трамп санал асуулгад бага зэрэг тэргүүлж эхэлсэн байж болзошгүй хэмээн ажиглагчид үзэж байна.

Энэ удаагийн сонгууль юугаараа онцлог вэ?

Энэ удаагийн сонгууль олон талаараа онцлогтой сонгууль болж байна. Америкийн дотоод улс төрд “туйлшрал” нэмэгдэж, улс төрийн хоёр том нам хоорондоо улам хүчтэй зөрчилдөж байна. Ардчилсан нам болон Бүгд найрамдах намын байр суурь, үзэл бодол хоорондоо эрс тэрс ялгаатай боловч нэр дэвшигчдийн рейтинг маш ойролцоо байгаа нь анхаарал татаж байна. 

Photo credit: Evan Vucci/Associated Press

Үүний зэрэгцээ Д.Трамп улс төрийн “тайз”-нд эргэн ирж, дахин нэр дэвшиж байгаа нь энэ сонгуулийг онцгой болгож байна. Түүний “Америк нэгдүгээрт” зарчим улс орны дотоод, гадаад асуудлуудад хэрхэн нөлөөлөх нь ихээхэн сонирхол татаж байна. Тодруулбал, Украин дахь дайн, Ойрхи Дорнодын нөхцөл байдал, Хятад-Тайванийн асуудал зэрэг АНУ-ын гадаад бодлогод томоохон сорилтуудыг авчирч буй олон улсын хурцадмал нөхцөл байдлын үед сонгогчид шинэ Ерөнхийлөгчөө сонгож, сонголт нь АНУ-ын гадаад бодлогын чиглэл, олон улсын эдийн засаг, хамтын ажиллагаанд шууд үр нөлөөтэй юм.

К.Харрис, Д.Трамп нарын бодлогын гол ялгаа

Ерөнхийдөө улс төр, геополитикийн хурцадмал үед болж буй гэдэг утгаараа нэр дэвшигчдийн бодлого эрс ялгаатай, дотоод, гадаад орчинд шууд нөлөөлөхүйц байна.

Photo credit: Saul Loeb/AFP

К.Харрис ялалт байгуулбал:

Дотоод бодлого: Эрүүл мэндийн шинэчлэл, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, нийгмийн шударга ёсыг дэмжих санаачилгууд нэмэгдэнэ. Нийгмийн халамжийн хөтөлбөрүүдэд илүү их санхүүжилт оруулна.

Гадаад бодлого: АНУ уламжлалт холбоотнуудтай харилцаагаа бэхжүүлж, олон талт хамтын ажиллагаан дахь Америкийн үүрэг нэмэгдэж, цаг уурын өөрчлөлт болон хүний эрхийн асуудлаар илүү идэвхтэй байр суурь баримтална.

Д.Трамп ялалт байгуулбал:

Дотоод бодлого: Татварын хөнгөлөлт үзүүлэх уян хатан зохицуулалт хийх бөгөөд цагаачлалын эсрэг бодлого чангарна. Эрүүл мэндийн тогтолцоог хувийн хэвшилд түлхүү төвлөрүүлэх магадлалтай.

Гадаад бодлого: “Америк нэгдүгээрт” зарчим баримталж, олон улсын хамтын ажиллагаан дахь АНУ-ын үүрэг багасна, хоёр талт харилцаанд илүү анхаарч, ялангуяа авторитар дэглэмтэй улсуудтай харилцаагаа чухалчлах магадлалтай.

Дээрх бодлогын зөрүүтэй байдлаас үүдэн нэр дэвшигчид гол гадаад бодлогын асуудлуудаар дараах байр суурийг баримтлахаар харагдаж байна:

  1. Хятад

АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчийн засаг захиргааны өмнө тулгарах хамгийн чухал гадаад бодлогын сорилтуудын нэг нь Хятадтай хийх стратегийн өрсөлдөөн байх болно. Худалдаа, аюулгүй байдлын асуудлаар Бээжин-Вашингтоны харилцаа улам хурцадмал болж байна.

К.Харрисийн хувьд Хятадын хүний ​​эрхийн зөрчил, дэлхийн эдийн засгийг “гажуудуулж” буй үйлдлүүдэд хариуцлага тооцох ёстой ч үндэстэн дамнасан асуудлууд дээр хамтран ажиллах шаардлагатай гэж үздэг.

Д.Трамп Хятадтай холбоотой эдийн засгийн зөрчилдөөнийг чухалчлан шийдвэрлэх, Америкийн бизнес, хөрөнгө оруулалтыг хамгаалах, тус улсын худалдааны алдагдлыг бууруулахын тулд Хятадын эсрэг хүчтэй алхам хийх хэрэгтэй гэж үздэг.

  1. Батлан хамгаалах салбар ба НАТО

Америкийн батлан хамгаалах стратеги сүүлийн хорин жилийн турш Афганистан, Иракт цэргээ байршуулах байсан бол эдүгээ Хятад, Оросын эсрэг их гүрний өрсөлдөөнд анхаарлаа хандуулж эхлээд байна. АНУ-ын цэргийн хүчин 178 оронд байрлаж байгаа буй энэ үед цэрэг армийн үүрэг, Америкийн холбоотнуудын оролцоо дотооддоо улам бүр маргаан дагуулах төлөвтэй байна.

К.Харрис олон талт хамтын ажиллагаа хийгээд Умард Атлантын Гэрээний Байгууллага (НАТО)-г хүчтэй дэмжигч гэдгээрээ олонд танигдсан ба Вашингтоны Украинд өгсөн амлалтыг чухалчлан дэмждэг.

Д.Трамп НАТО-г шүүмжилж, АНУ-ыг тус холбооноос гаргах хүртэл асуудлыг хөндөж байсан. Ерөнхийлөгч байхдаа тэрээр батлан хамгаалахын зардлыг ихээхэн нэмэгдүүлж, АНУ-ын үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах стратегийг Хятад, Оросын зүгт чиглүүлэхэд анхаарч байсан.

  1. Цагаачлалын асуудал ба хилийн хамгаалалт

Америк-Мексикийн хил дээрх хууль бус цагаачлал эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан энэ асуудал Америкийн улс төрд ихээхэн анхаарал татаж байна. Хилийн аюулгүй байдал, цагаачлалын эсрэг бодлого улам бүр маргаан дагуулж, цагаачлалын асуудлыг цогцоор нь шинэчлэх улс төр, нийгмийн шаардлага байна. 

К.Харрис цагаачлалын асуудлыг цогцоор нь шинэчлэхийг дэмждэг бөгөөд Төв Америкийн улсуудын цагаачлалын үндсэн шалтгааныг шийдвэрлэх асуудлыг удирдан ажиллаж байсан боловч түүний байр суурь, мэдэгдэл маргаан дагуулсан.

Харин цагаачлалыг хязгаарлах, хил хамгаалах бодлого нь Д.Трампын хувьд онцгойлон анхаардаг гол асуудал байсаар ирсэн. Тэрээр энэ удаагийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө хууль ёсны болон хууль бус цагаачлалыг эрс бууруулахад чиглэсэн хэд хэдэн арга хэмжээ хэрэгжүүлэх амлалт өгсөн байна.

  1. Инфляц, өр, эдийн засаг

АНУ эдийн засгийн үзүүлэлтээрээ бусад улсаас түрүүлж байгаа ч эдийн засагчид хэд хэдэн асуудал байгааг онцолж байна. Дотоод, гадаад өр нэмэгдэж, инфляц өндөр хэвээр байгаагийн зэрэгцээ Америкийн компаниуд зарим дэвшилтэт технологийн салбарт хоцрогдож байна.

К.Харрисын эдийн засгийн бодлого нь дундаж давхаргад боломж бий болгоход чиглэнэ. К.Харрис Ж.Байдены адилаар дэд бүтэц, ногоон эрчим хүчний салбарт улсаас хөрөнгө оруулалт хийх, монополчлолтой тэмцэх, төрийн зардлыг санхүүжүүлэх зорилгоор томоохон корпорац болон хамгийн чинээлэг америкчуудын татварыг нэмэгдүүлэхэд анхаарна.

Д.Трампын хувьд өмнө ерөнхийлөгч байхдаа татварыг хөнгөлж, эдийн засгийн өсөлт, инновац, ажлын байрыг нэмэгдүүлсэн гэж үздэг. Тэрээр инфляцыг бууруулахын тулд төрийн зардлыг “асар их хэмжээгээр” танах шаардлагатай гэж үздэг.

  1. Израил, Газын зурвас, Ойрхи Дорнод

Ойрхи Дорнодын асуудал дэлхий дахины анхаарлыг татсан хэвээр байна. Йемений Хути босогчид халдлага үйлдэж, Ираны “аюултай” үйлдлүүд үргэлжилсээр байгаа нь эрсдэл дагуулж байна. Түүнчлэн Израил, Хамасын хоорондох дайн үргэлжилж, амь үрэгсдийн тоо нэмэгдэхийн хэрээр тус бүс нутагт удаан хугацааны энх тайван тогтоох боломж улам бүр хумигдсаар байна. 

К.Харрис Израил, Хамасын хооронд гал зогсоох, барьцааны хүмүүсийг суллах гэрээг дэмжиж буй. Мөн Израил-Палестины мөргөлдөөнийг “хоёр улс-яриа хэлэлцээ” шийдлээр зохицуулах нь зүйтэй хэмээн үздэг. Тэрээр сенатор байхдаа Ираны цөмийн хэлэлцээрийг дэмжиж, Саудын Арабд зэвсэг худалдахыг хязгаарлахын төлөө саналаа өгч байсан. 

Д.Трампын Ойрхи Дорнодын бодлого нь Израил, Саудын Арабд хүчтэй дэмжлэг үзүүлэхийг чухалчилдаг, энэ нь Ирантай сөргөлдөх байр суурьт хүргэдэг. Тэрээр Палестины тусгаар улс байгуулахыг дэмжихгүй гэдгээ өмнө илэрхийлж байсан.

  1. Орос – Украины дайн

Дэлхийн II дайнаас хойш Европт хамгийн их “сүйрэл” авчирсан Оросын Украинд хийж буй “бүрэн хэмжээний дайралт-дайн” нь Орос болон Барууны орнуудын хоорондох хурцадмал байдлыг эрс нэмэгдүүлсэн. АНУ болон түүний холбоотнууд Москвад олон төрлийн хориг тавьж, Украины Засгийн газарт зэвсэг, санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа нь Вашингтоны хувьд маргаантай асуудал хэвээр байна.

К.Харрисын үзэж буйгаар Оросын ялалт Европын бусад хэсэгт аюул занал учруулах тул АНУ Украинтай хамт байж, Оросын эсрэг байлдахад “шаардлагатай хугацаагаар” дэмжихээ илэрхийлсэн. Тэрээр Украины асуудлаарх энхийн хэлэлцээнд АНУ-ыг төлөөлөн оролцож байсан бөгөөд Киевт олон тэрбум ам.долларын санхүүгийн тусламж үзүүлэхийг Конгресст уриалсаар ирсэн.

Д.Трамп дахин сонгогдвол АНУ-ын зүгээс Украинд нэмэлт тусламж үзүүлэх эсэх нь баталгаагүй, ийм амлалт өгөхгүй хэмээн мэдэгдсэн. Ерөнхийлөгч байхдаа тэрээр Оростой харилцаагаа сайжруулахыг эрмэлзэж байсан ч 2014 онд Украины нутаг дэвсгэрийг Орос өөртөө нэгтгэсэнтэй холбогдуулан Москвад тавьсан хориг арга хэмжээг сунгаж, АНУ-ОХУ-ын стратегийн зэвсгийн хяналтын гэрээнээс гарч байв.

  1. Гадаад худалдаа

АНУ олон арван жилийн турш нээлттэй, олон улсын хууль дүрэмд суурилсан зах зээл нь хөгжил цэцэглэлтэд хүргэж, Вашингтоны нөлөөг нэмэгдүүлдэг гэсэн итгэл дээр тулгуурлан дэлхийн худалдааг либералчлах чиглэлд манлайлж ирсэн. Сүүлийн жилүүдэд орлогын тэгш бус байдал нэмэгдэж, Хятад улам бүр нөлөөллөө бэхжүүлж, Америкийн аж үйлдвэрийн суурь суларснаар хоёр томоохон намд энэхүү загварт эргэлзэх хандлага нэмэгдсэн.

К.Харрис томоохон худалдааны гэрээнүүдэд ажиллах хүчин болон уур амьсгалыг хамгаалахад чиглэсэн заалтуудыг оруулах ёстой гэж үздэг. Тэрээр гаалийн татваруудыг шүүмжилдэг ч АНУ Хятадтай хийх худалдаагаа “эрсдэлгүй болгох” хэрэгтэй гэж хэлдэг. Байден-Харрисын засаг захиргаа ногоон эрчим хүч, дэд бүтэц, технологийн салбарт их хэмжээний татаасны хөтөлбөр хэрэгжүүлсэн.

Д.Трамп дэлхийн худалдааны систем нь АНУ-ын ашиг сонирхолд харшилдаг буюу их хэмжээний худалдааны алдагдал хүлээх, дотоодын үйлдвэрлэл буурах, ажлын байрууд гадагш алдах зэрэгт буруутай хэмээн үздэг. 2024 оны намын мөрийн хөтөлбөртөө дотоодын үйлдвэрлэлд чиглэсэн “худалдааг тэнцвэржүүлэх” замаар АНУ-ыг “дэлхийн үйлдвэрлэлийн супер гүрэн” болгоно гэж амлажээ.

Маргааш болох Америкийн ерөнхийлөгчийн сонгууль тус улсын иргэд төдийгүй олон улсад ихээхэн ач холбогдолтой үйл явдал бөгөөд эдийн засгийн бодлого, гадаад харилцаа, цагаачлал, худалдааны талаар эрс тэрс байр суурьтай хоёр нэр дэвшигчийн бодлого АНУ-ын ирээдүйн замналыг тодорхойлох юм. Камала Харрис олон талт эвсэл, түнш холбоотны харилцааг чухалчилж, нийгмийн тусламжийн хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулахаа мэдэгдсэн. Харин Дональд Трампын “Америк нэгдүгээрт” зарчим, эдийн засгийн үндсэрхэг үзэл дэлхийд Америкийн хүч чадлыг бэхжүүлэхийг зорино. Эцсийн сонголтыг Америкийн сонгогчид хийх боловч энэ сонголт нь АНУ-ын хил хязгаараас хальж, олон улсын харилцаа, эдийн засгийн чиг хандлага, дэлхийн хүчний тэнцвэрт нөлөө үзүүлэх нь дамжиггүй юм.

Эх сурвалж: Council on Foreign Relations, BBC, New York Times, The Brookings Institution, Center for International Relations and Sustainable Development (CIRSD), Washington Post, Pew Research Center, the Economist.

Leave a comment