Трампын “Украины төлөвлөгөө”: АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трампын Украины дайныг дуусгах төлөвлөгөө нь Оросуудад “буулт хийх” гэж Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын зөвлөх Михаил Подоляк ОХУ-ын сөрөг хүчний Медуза мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа хэлжээ. Өнгөрсөн долоо хоногт Wall Street Journal сонин Д.Трампын төлөвлөгөөнд “Украин НАТО-д нэгдэх зорилгоо 20 жилээр хойшлуулах, одоогийн фронтын шугамыг хадгалах” зэрэг заалтууд багтсан тухай мэдээлсэн юм.

Америкийн “Газын зурвас төлөвлөгөө”: Израилын Channel 12 телевизийн мэдээлснээр, АНУ Газын зурвас дахь дайн дууссаны дараах “богино хугацааны зохион байгуулалтын төлөвлөгөө”-г Палестины эрх баригчдад танилцуулжээ. АНУ-ын энэхүү төлөвлөгөө нь 16 зүйлээс бүрдэх бөгөөд Газын зурваст дайны дараа иргэний захиргааг байгуулах, гүйцэтгэх зөвлөлийг бий болгох, Газад хууль ёсыг сахиулах шинэ аюулгүй байдлын хүчин бүрдүүлэх, Израилын цэргүүдийг шат дараатайгаар татан гаргах зэрэг ажлууд багтжээ. Энэхүү шилжилтийн үеийн үйл ажиллагааг АНУ, Кувейт, Катар, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмирт улсууд санхүүжүүлэх бөгөөд эдгээр орнууд Газын зурвасыг Баруун эрэгтэй нэгтгэх, нэгдсэн нэг захиргаа, аюулгүй байдлын тогтолцоотой болгож цаашид Палестины төрт улс бий болох явцыг дэмжсэн хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурах аж.

Израилын үйлдэл: Израил Сиритэй хиллэдэг Голаны өндөрлөг дэх “Альфа шугамын” дагуу барилга, газар шорооны ажил эхлүүлжээ. Энэ бүсэд Израилын тал байлдааны нуувч, хонгил, хашаа барих ажлыг эхлүүлж, хүнд машин механизм оруулсан нь түр гал зогсоох хэлэлцээрийг зөрчиж байгаа юм.

Б.Нетаньяхугийн мессеж: Израилын стратегийн асуудал хариуцсан сайд Рон Дермер Мар-а-Лагод Д.Трамптай уулзаж, Израилын Ерөнхий сайд Б.Нетаньяхугийн Газын зурвас, Ливан, Ираны талаар баримталж буй байр суурь, ирэх хоёр сарын төлөвлөгөөг дамжуулжээ. Мөн талууд Израил-Саудын харилцааг сайжруулах асуудлыг хэлэлцсэн байна.

Абхазад үүссэн үймээн: Гүржийн Абхазын бүс нутагт сөрөг хүчний идэвхтнүүд баривчлагдсан явдлыг эсэргүүцсэн жагсаал болж байгаа бөгөөд Сухум хотод гүүр, замуудыг хааж, сөрөг хүчний идэвхтнүүдийг суллахыг шаардаж байна. Тус бүс нутагт ОХУ-ын дэмжлэгтэй салан тусгаарлагч үзэлтнүүд байдаг бөгөөд Гүржийн Аюулгүйн байдлын зөвлөлийн зүгээс цаашид байдал хурцадсан тохиолдолд жагсагчдыг хүчээр тараах арга хэмжээ авч болзошгүй байна.

Кацын мэдэгдэл: Израилын Батлан хамгаалахын сайд Израил Кац Ираны цөмийн байгууламжуудыг “урьд өмнөхөөс илүү ил тод” болсон гэж мэдэгдэв. Тэрбээр Израил дайны зорилтыг биелүүлтэл Ливанд гал зогсоох тухай тохиролцоог хийхгүй гэдгийг онцлов.

Орос ба Хятад: Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Шойгу Бээжинд айлчилж, Хятадын аюулгүй байдлын салбарын удирдлагуудтай уулзжээ.

Умард Солонгос ба Орос: Умард Солонгосын тал Оростой байгуулсан Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээний хүрээнд батлан хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохиролцсон бөгөөд гэрээний гол зорилго нь БНАСАУ, ОХУ аль нэг нь гаднын халдлагад өртсөн тохиолдолд бие биедээ туслах юм гэдгийг батлав.

Хамтарсан сургуулилалт: Узбекистан, Казахстан хоёр улс Узбекстаны Жиззах мужийн Форишийн сургалтын талбайд хамтарсан цэргийн сургуулилалт эхлүүлэв. Энэ хүрээнд хүн ам олноор төвлөрсөн суурин газар байлдааны ажиллагаа хэрэгжүүлэх загвар сургуулилалт хийж байна.

Түншлэлийн гэрээ: БНХАУ, Сингапур улсууд 25 гэрээ, санамж бичигт гарын үсэг зурж, Торгоны зам, худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг салбарт хамтран ажиллахаар тохиролцов.

Торгоны зам дагуух Баку боомт: Хятад, Азербайжан, Казахстаны хамтарсан компани Баку хотын далайн боомтод шинэ ачааны терминал барихаар тохиролцов.

Эх сурвалж: Hebrew Channel N12, Israeli Mako, Meduza.io, Associated Press, AXIOS, Interfax, RBC.

Leave a comment