
Оросын Африк дахь нөлөө: Нигерийн уул уурхайн сайд Лхагва гарагт мэдэгдэхдээ тус улсын Засгийн газар Оросын компаниудыг уран зэрэг байгалийн баялгийн хайгуулын ажилд оролцуулахаар шийдвэрлэсэн аж. Энэ шалтгаанаар энэ оны 6-р дугаар сард Нигерийн тал Францын “Орано” компанийн ураны уурхайн ашиглалтын зөвшөөрлийг цуцалсан байна. Москва өнгөрсөн амралтын өдрүүдэд Сочи хотод Орос-Африкийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулж, үүний дараа Африкийн хэд хэдэн улсын нийт 20 тэрбум ам.долларын өрийг тэглэж, хамтарсан санхүүжилтийн санг Африк дахь хөгжлийн төслүүд рүү чиглүүлэхээ зарлав. Үүний зэрэгцээ сүүлийн долоо хоногуудад 200 орчим Оросын цэргийн сургагч Экваторын Гвинейд байрлан, тус улсын ерөнхийлөгчийг хамгаалах болон тусгай хамгаалалтын цэргүүдийг сургах ажил зохион байгуулж байна.
Хятадын нисэх хүч: Хятадын J-20, J-35A сөнөөгч онгоцнууд болон Оросын Су-57 онгоцнууд Мягмар гарагт Хятадын хамгийн том агаарын шоуны үеэр анх удаа хамт нислэг үйлдэв. Оросын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Шойгу тус арга хэмжээнд оролцох төлөвтэй байгаа бөгөөд арга хэмжээ 11-р дүгээр сарын 17 хүртэл үргэлжилнэ. Хятадын төрийн өмчит “Коммершиал Эйркрафт Корпорейшн оф Чайна” компани арга хэмжээний эхэнд 100 гаруй нисэх онгоцны захиалга авсан нь анхаарал татаж байна.
Арабын дээд хэмжээний уулзалт: Ирак Улс ирэх оны 5-р дугаар сард Иран, Израилын мөргөлдөөн зэрэг бүс нутгийн асуудлыг хэлэлцэх зорилгоор Арабын Лигийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд Иракийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн Тегеранд хийсэн сүүлийн айлчлалын үеэр хоёр улс хамтарсан аюулгүй байдлын хороо байгуулахаар тохиролцоод байна. Энэ хороо цаашид нэн түрүүнд Израил, АНУ-ууд Ираны эсрэг Иракийн агаарын орон зайг “ашиглаж” буй тухай хэлэлцэж шийдвэрлэх аж.
Зүүн өмнөд Азийн сургуулилалт: Австрали, Индонез Улс Лхагва гарагт хамтарсан агаар, хуурай газар, далай болон цахим сургуулилалт хийв. Энэ сургуулилалт нь 8-р дугаар сард хоёр улсын хооронд байгуулсан батлан хамгаалахын гэрээний хүрээнд хийж буй томоохон сургуулилалт болж байна.
Хятад, Армени: Ереван дахь Бээжингийн Хэргийг түр хамаарагч Чен Мин Армени Улс цөмийн эрчим хүчний салбарт хамтрахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Тодруулбал, Бээжин Арменийн цөмийн эрчим хүчний шинэчлэлийн төлөвлөгөөг, Арменийн цөмийн цахилгаан станцын хоёр дахь реактор барих зорилтыг хэрэгжүүлэхэд Хятадын тэргүүлэгч компаниуд туслахад, ялангуяа мэдээллийн технологийн салбарт оролцох сонирхолтой байгааг онцоллоо.
Орос, Куба: ОХУ-ын Онцгой байдлын сайд Александр Куренков Кубад албан ёсны айлчлал хийж, байгалийн гамшгийн үр дагавартай тэмцэхэд хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Хэдэн өдрийн өмнө Оросын Ерөнхий сайдын орлогч Дмитрий Чернышенко Гавана хотноо Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канельтэй уулзаж, хоёр талын харилцааны талаар хэлэлцсэн.
Иран, Саудын Араб: Ираны дэд Ерөнхийлөгч Мохаммад Реза Ареф Рияд хотод болсон Исламын хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр Саудын ханхүү Мохаммед бин Салмантай уулзаж, Газар дундын тэнгисийн бүс дэх мөргөлдөөний талаар хэлэлцэж, Салманыг Иранд айлчлахыг урьжээ.
Энэтхэгийн зэвсгийн үйлдвэр: Энэтхэг Улс анхны Акэш загварын газар-агаар ангиллын пуужингийн батарейг Армени руу нийлүүлсэн бөгөөд Ереван энэ пуужингийн анхны гадаад худалдан авагч болж байна. Тус пуужин нь Энэтхэгийн “Бхарат Электроникс Лимитед” компанид үйлдвэрлэгддэг болно.
Эх сурвалж: RIA, TASS, Reuters, New India Express, IRNA, IZ, Ynet.


Leave a comment